Райан Гослингийн амьдралын сонирхолтой намтар

2017/01/17
"The Notebook" киноны Ноа-н дүрээр олонд танигдсан царайлаг, халуухан жүжигчин Райан Томас Гослинг 1980 оны 11-р сарын 12-нд Канадад төржээ. Тэрээр жинлүүрийн орд бөгөөд цаанаа л бүсгүйчүүдийн сэтгэлийг соронзон мэт татах увидастай нэгэн гэгддэг.  Түүний амьдралын сонирхолтой түүхийг танд сонирхуулахаар бэлтгэлээ. 

Гослинг нэг эгчтэй, айлын бага хүү. Түүнийг бага байхад аавынх нь ажлаас болж тэднийх гэр бүлээрээ маш их нүүдэг байжээ. Удалгүй Гослингийн эцэг эх салж, тэр эгчийнхээ хамт ээжийнхээ асрамжинд үлдсэн байна. Гослинг хүүхэд насыг “үзэн яддаг” гэж нэгэн ярилцлагадаа хэлж байсан удаатай. Учир нь түүнийг хүүхдүүд дээрэлхдэг байсан төдийгүй тэр 14, 15 нас хүртлээ нэг ч найзтай байгаагүй аж. Үүнээс гадна тэр багадаа “ADHD” буюу анхаарал хомсдолын өвчтэй гэж оношлогдож байсан тул онцгой анхаарал хандуулах шаардлагатай ангид суралцаж байсан байна. Удалгүй, түүний ээж ажлаасаа гарч хүүдээ гэрээр боловсрол олгож эхэлсэн гэдэг.



Гослинг багаасаа дуулж, бүжиглэх авьяастай хүү байжээ. Тэр эгчтэйгээ хуримын ёслол дээр олны өмнө дуулж, удалгүй орон нутгийнхаа балетын компанид хамрагдах болсон байна. Ингэснээр бяцхан Гослингийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, тэр өөрийн авьяасаар бахархах болжээ. Ийнхүү авьяаслаг хүү 12 настайдаа “Disney Channel”-ын “Mickey Mouse Club”-т нэгдэж, хоёр жилийн гэрээ байгуулан Флорида руу шилжсэн байна. Тэр энд дуучин Бритни Спирс, Жастин Тимберлэйк, Кристина Агилера нартай хамт байсан бөгөөд Жастинтай тун сайн найзууд болсон гэдэг. Америкт байх хугацаанд нь Гослингийн ээжид ажлын шаардлага гарч Канад руу буцах болсон байна. Энэ үед Жастины ээж Гослинг хүүгийн хууль ёсны асран хамгаалагч болж байжээ. Гослинг энэ тухайгаа хожим дурсан ярихдаа Жастин тэр хоёр одоо ч бие биедээ үргэлж тусалж байдаг гэж байсан юм.



Гослинг “Mickey Mouse Club”-т байхдаа тэр бүр телевизээр гардаггүй байв. Учир нь тэнд түүн шиг авьяастай маш олон хүүхэд байжээ. Гэрээгээ дууссаны дараа Гослинг Канадад эргэн очиж, телевизийн цувралуудад тоглох болов. Харин 17 настайдаа сургуулиасаа гарч, жүжигчний карьертаа гол анхаарлаа хандуулахаар шийдсэн байна. Хоёр жилийн дараа гэхэд Гослинг телевизийн киноноос татгалзаж, дэлгэцийн бүтээлд хүч сорихоор шийджээ. Ийнхүү тэр “Remember the Titans”-д туслах дүр бүтээснийхээ дараа, “Believer” киноны гол баатраар сонгогдсон байна. Үүний дараа тэр хэд хэдэн кинонд амжилттай тоглож, 2002-2003 онд “The Notebook” кинонд тогложээ. Энэ бол жүжигчин залууг дэлхий дахинд таниулсан дүр, кино. Уг кино дэлхийн сая сая үзэгчийг байлдан дагуулж, гарсан даруйдаа шүүмжлэгчдийн үзгийг хурцалж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон мянган нийтлэл, өгүүлэл гарч байв. Мэдээж, энд Райан Гослинг “од”-ыг тухайлан бичиж, ур чадварыг нь онцолж байсан.



2007 онд Гослинг киноны ажлаасаа түр завсарлага авахаар шийдсэн юм. Харин гурван жилийн дараа тэр маш их эрч хүчтэйгээр эргэн ирсэн. Тэр 2010-2011 онд таван ч кинонд дүт бүтээгээд амжив. Түүний энэ их эрч хүч хаанаас гараад ирснийг сонирхоход тэр “Би хэзээ ч ийм эрч хүчтэй байсангүй” гээд ажлаа хийхгүй байхдаа илүү их депресстэж байснаа онцлон хэлсэн байна. Гослинг нэг мөсөн дэлхий дахины хайртай жүжигчин болов. Тэр “Blue Valentine”, “Crazy Stupid Love”, “The Ides of March” гээд гурван ч кино дүрээрээ дарааллан “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшсэн.



Харин Гослингийн кино карьертаа түр завсарлага авах болсон шалтгаан нь хөгжим байсан юм. Тэр найз Зах Шилдстэйгээ хамтран “Dead Man’s Bone” хэмээх инди рок хамтлагийг байгуулсан. Тэдэнд чадахгүй, мэдэхгүй зүйл олонтаа тулгарч байжээ. Гэвч тэд хөгжимд дурласан сэтгэлдээ хөтлөгдөн төгөлдөр хуур, гитар, басс гитар гээд өөрсдөдөө хэрэгтэй бүх төрлийн хөгжмийг тоглож сурсан байна. “Dead Man’s Bone”-ын залуус 2009 онд анхны “Anti-Records” цомгоо гаргасан юм.



Авьяаслаг жүжигчин залуу маань Холливудын хүмүүнлэгийн элч нарын нэгэн адил буяны үйлсийг идэвхтэй дэмжигч. Ялангуяа тэр хүүхдийн сайн сайхны төлөөх аливаа үйлсийг идэвхтэй дэмждэг төдийгүй дүрвэгсдийн хотхонд очиж, тусламжийн гараа сунгаж байсан юм.



Гослинг Беверли Хиллст өөрийн рестораныг нээсэн. Нэгэн ярилцлагадаа тэр өөрийн бүх мөнгөө энэ рестораныг босгоход зарцуулсан гэж байсан юм. Үнэхээр ч тэр ресторанаа тохижуулахад нэг жилийн хугацааг зарцуулсан байна.



Холливудын сэтгэл татам залуугийн хайр сэтгэлийн асуудал хэзээд хэн бүхний сонирхлыг татсаар ирсэн. Тэр анх 2002-2003 онд өөрөөсөө 17 насаар эгч, жүжигчин Сандра Баллоктой болзож байсан юм. Харин 2004 оноос “The Notebook” кинонд хослон тоглосон жүжигчин Рэйчел МакАдамстай бодит амьдрал дээр ч хайр сэтгэлт хосууд болсон. Гэвч 2008 оны сүүлээр тэд харилцаандаа цэг тавьсан юм. Үүний дараа тэр жүжигчин Блэйк Лайвли, Оливиа Уайлд нартай болзож байв. Харин 2011 оны есдүгээр сараас жүжигчин, загвар өмсөгч Эва Мендестэй болзож, хамтран амьдрах болсон юм. 









А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна