Улаанбаатарыг тэлж хөгжих хувилбарыг зам тээвэр, дэд бүтцийн салбарын залуус боловсруулжээ

2021/02/19

Зам тээвэр, дэд бүтцийн салбарын залуус нэгдэж Улаанбаатар хотыг үсрэнгүй хөгжүүлэх хувилбарыг боловсруулжээ.

Энэ талаар төслийн санаачлагч Э.Тэмүүжин "Багануур, Багахангай дүүргүүдийг нийслэлийн харъяаллаас салгаж тусдаа биеэ даасан хот болгоно. Төвийн зургаан дүүрэг дээр нэмж Налайх  долоо дахь, урагшаа Майдар найм дах, Зуунмод ес дөх дэх, Аэроситиг 10 дах дүүрэг болгож Богдхан уулын зөвхөн хойно нь төвлөрөх бус тойрон сууршина.

Энэ 10 дүүрэг маань метрогоор холбогдох бөгөөд одоо байгаа төмөр зам дээр Налайхаас урагшаа дөрөв дүгээр зөрлөгөөс Майдар, Зуунмод, Аэросити, Өлзийт, Буянт Ухаа, Яармаг чиглэлээр 60 орчим км шинэ төмөр зам тавьж цахилгаанжуулснаар Богдхан уулаа тойрдог тойрог хэлбэрийн ил метротой болох юм.

Үүгээр зогсохгүй метроны шугам дагуу ДЦС-5, Хүүхэд залуучуудын соёлын төв, Монгол наадам цогцолбор гээд олон зүйлсийг төлөвлөсөн бөгөөд үйлдвэрлэл технологи, инноваци мэдээлэл технологи, биеийн тамир спортын төв, шашин соёл урлаг зэрэг дүүрэг бүрийн онцлогт тохируулан төлөвлөнө.

Эдгээр бүгдийг хэрэгжүүлэхийн тулд Багахангай өртөөгөөс Мандал өртөө хүрэх 170 км Богдхан төмөр замыг түргэн барих шаардлагатай. Хөрш хоёр улс маань энэ төмөр замыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад тусгаж дэмжсэн байдаг. Энэ нь УБТЗ ачаа тээвэрлэх нийт хүчин чадал даруй 30 хувиар нэмэгдэх эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл билээ.

Ерөөс хот хөгжих цор ганц гарц шийдэл нь энэ тэлж хөгжих. Учир нь хүн амын тэн хагас 50 хувь нь, эдийн засгийн 60 хувь нь нийт газар нутгийнхаа ердөө 0,3 хувьд нь эмх замбараагүй бөөгнөрч, шигүү суурьшиж, утаа, орчны бохирдол, түгжрэл, ажилгүйдэл ядуурал, аваарь осол зэргээс ахулаад олон хүндрэл бэрхшээлүүдийг үүсгэж байна. Үндсэндээ нийгмийнхээ сөрөг бүх асуудлыг шийдчихэж байгаа цогц бодлого" гэдгийг онцолж байна.

Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Эрдэнэбаярын Тэмүүжин пэйжээс орж авахаас гадна хамтран ажиллах,  дэмжих хүмүүс холбогдож болох аж. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.139.158
    2021/02/22

    Сайхан төсөл санаачилжээ. Амжилт хүсье. Асуулт: - Ил метро маань хос замтай, нэг хэсэг вагон нь эсрэг урсгалаар явж байна биз дээ?

    Хариулах