Дуучин Т.Ариунаа суулт хийж, нөхөр Г.Буяндорж өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

С.Гандэлгэр
2021/03/03

Хонгилын прокуроруудын талаар “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж эхнэр МУГЖ Т.Ариунаа хоёр хүүгийн хамт хэвлэлд хандлаа.

Энэ үеэр Г.Буяндорж "Г.Буяндорж миний бие 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил бизнесийн салбарт ажиллаж ирсэн. Энэ хугацаанд  “Ноёд групп” ХХК, түүний охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийг өөрийн хүч хөдөлмөрөөр  бүтээн босгосныг бизнесийн салбарынхан төдийгүй монголын ард түмэн мэднэ. 

Өнөөдөр энд хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Цагдаа, Прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын хоорондоо холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас миний бие бүлэг этгээдэд компаниа дээрэмдүүлж алдсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй 10 дахь жилдээ шалгагдаж байна.

Тухайн үед юу болсон бэ гэвэл, би “Ноёд групп” ХХК болон охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршитай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэр бум төгрөгний борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулсан. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйд цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь намайг олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж, миний эрх, эрх чөлөөгөө хязгаарлан хэлмэгдүүлсэн.

Би бүхий л нотлох баримт, холбогдох мэдээллийг өгсөн, эзэн холбогдогч тодорхой атал 2011 оноос өнөөдрийг хүртэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй хууль хяналтын байгууллагын шатанд 10 жил болж байна. Асуухаар “шалгаж байна” гэдэг.  Тиймээс энэ хэрэгт ороцохдоо чиг үүргээ хууль бусаар хэрэгжүүлсэн Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэн хууль дээдлэх болон шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг шаардаж байна. Иймээс би Монгол Улсын Ерөнхий прокурор Жаргалсайханд хандаж гурван албан шаардлага хүргүүлж, албан ёсоор өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна.

Нэгдүгээрт, намайг арван жил шалгасан прокуроруудад ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байна.

 Хоёрдугаарт, БНХАУ-ын иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулахыг шаардаж байна

Гуравдугаарт, намайг хохироосон 25 тэрбум төгрөгийг асуудлыг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж байна. Энэ шаардлагуудыг биелүүлтэл миний гэр бүл суулт зарлаж, миний бие өлсгөлөн зарлаж байна" гэлээ.

 Т.Ариунаа “Миний хань 10 жил шалгууллаа. Үргэлжлээд л шалгаад л явж байна. Ямарч асуудал үнэний талд шийдэгдэггүй. Нийт 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног хоригдож хилсдүүлсэн. Өнөөдрийг хүртэл Монголын төр, хуулийн байгууллага миний ханийн хилс хэргээр тулгаж байгааг шударгаар шийдэж өгнө гэж хүлээсэн. Жирийн нэг иргэнийг яаж харлуулж, зохиомол хэрэг үүсгэж, ял тулгаж, нухчин дардагийг манай гэр бүл биеэрээ туулж байна. Ялтан, яллагдагч, гэмт хэрэгтэн болгоод хориод бүгдийг булаадаг. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 73.193.153.178
    2021/03/04

    yamar aimaar ym be. Ix zorigtoi ger byl baina. Iim xelmegdyyleltend ortson businessee aldsan ger bylyyd negdej duugaa xyrgex xeregtei. Iim shudraga busiin toloo bugdeeree temtsex xeregtei. Chimeegyi suugaad baij boloxgyi.

    Хариулах