Хүүхдээ ном унших дуртай болгох 4 арга


Төрөлхийн номын хорхойтон хүүхдүүд бий. Гэхдээ ном унших дургүй ч хүүхэд бий. Хүүхдийн хүсэл сонирхлыг хязгаарлаж эсвэл албадаж болдоггүй ч “Ном бол ертөнцийг харах цонх мөн”, “Уншихаа боливол сэтгэхээ болино” гэх мэт афоризмууд хүүхдээ уншихад дуртай болгох зайлшгүй хэрэгтэйг бидэнд сануулдаг. Хэрэв таны хүүхэд номоос зугтдаг бол дараах зөвлөгөөг дагаарай.

1. Хүүхдэдээ өдөр бүр ном уншиж өг. Эхэндээ бяцхан үрийнхээ сонирхлыг татахуйц, үлгэрийн эсвэл зурагтай номыг сонгоорой. Дараа нь таны хүүхэд өөрөө номоо өвөр дээрээ тавиад уншихыг тэмүүлж эхэлнэ. Тэр үед нь өөрөө өөртөө чанга дуугаар уншихыг зааж өг. Тэгвэл хүүхэд агуулгыг илүү амархан ойлгох ба аливааг сонсоод бүрэн дүүрэн хүлээж авах чадвар ч дээшилдэг байна. Хэвлийд байхаас нь энэ зуршлыг хэрэгжүүлбэл хүүхэд төрөлхийн “идэвхтэн уншигч” болдог аж.

2. Хүүхдийнхээ хажууд өдөр бүр унш. Хүүхдийн хувьд та хамгийн сайн сайхны илэрхийлэл, тод жишээ. Тиймээс та л түүнд шилдэг үлгэр дуурайлал үзүүлж чадна. Ээж аавынхаа үг үйлдлийг үргэлж сониучхан бяцхан нүдээрээ ажиглаж байдаг тэд таныг байхгүй хоорондуур өчигдөр, эсвэл уржигдрын хийсэн ямар нэг зүйлийг тань даган хийх гэж оролддог.

3. Хүүхэдтэйгээ номын их дэлгүүр лүү орж бай. Тэгээд хэрэв хүүхэд тань ямар нэг ном шохоорхож байвал аль ч салбарын тухай ном байсан түүнийг нь авч өгөөрэй. /Ямар нэг муу зүйл заасан ном л биш бол шүү дээ/ Дараа нь тэр өөрөө номуудаа сонгоод танд авчирч өгдөг болно. Балчир үрдээ авч өгөх ном түүний оюунд оруулах том хөрөнгө оруулалт юм.

4. Гэр бүлийн уншлагын өдөртэй бол. Долоо хоногийн нэг өдрийн нэг цагт гэр бүлээрээ ном уншдаг өдөртэй болоорой. Энэ нь төдийлөн боломжгүй эсвэл уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ таны зорилго бол “уншина” гэдэг нойр хүргэсэн залхуутай ажил биш, харин ч толгой сэргээсэн, сонирхолтой шинэ ертөнцийг нээн мэдэх адал явдалтай ажил юм гэдгийг хүүхдэдээ ойлгуулах учраас жаахан бүтээлч хандаарай. Хүүхдээ номоо чангаар уншихад нь гэрийнхэн нь үйл явдлаар нь бяцхан жүжиг тавьж ч болно шүү дээ.

Эхлээд уншихын сайхныг мэдрүүлчих. Дараа нь таны хүүхэд юу уншиж, өөрийгөө аль талаар нь хөгжүүлэхээ өөрөө мэднэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна