Мэдээ2026 оны 10 сарын 07-ны өдрийн 22:58
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай
Уран барималч Б.Очирсүрэнгийн бие даасан “Домогт хатад” үзэсгэлэн 2026 оны 10-р сарын 2-ны өдөр ХААН галерейд олны хүртээл боллоо.
Үзэсгэлэнд Цагаадайн улс, Алтан ордын улс, Ил хаадын улс, Их Юань улс зэрэг эртний төрт улсын түүхэн цаг үед төр нийгмийн үйл хэрэгт оролцож байсан хатдыг дүрслэн харуулснаараа онцлог юм.
Ийнхүү түүхэн хатдын дүрийг бүтээхдээ археологийн олдвор, түүхэн сурвалж, хувцас, гоёл чимэглэл, эд өлгийн зүйлсийн олдвор, тэдгээрийн бэлгэдэл, хээ дүрс, хөдөлгөөний нарийн судалгаанд тулгуурлан урлажээ. Мөн уран бүтээлч түүхэн хатдын хувь заяа, сонголтыг хаан төрийн түүхэн замналтай холбон, тэдний амьдрал Монголын түүхийн томоохон үйл явдлуудтай хэрхэн огтлолцож байсан тухай өөрийн бодол эргэцүүллээ дүрслэх урлагийн хэлээр өгүүлжээ.
“Домогт хатад” үзэсгэлэнгийн бүтээл бүр өөр өөр хувь тавиланг өөр өөрийн “хэлээр” өгүүлэх мэт харагдана. Шонхроо гартаа авсан анч хатны дүрээс эрх чөлөө, эр зориг мэдрэгдэх бол оюун билиг, алсын хараагаараа төр, нийгмийн амьдралд нөлөөлсөн төрийн зүтгэлтэн хатдын дүр ч үзэгдэх аж. Ингэснээрээ хатдын хувь заяа, сонголт, дотоод хүч, төр нийгэмд үзүүлсэн нөлөөг өнөөгийн үзэгчдэд дахин шинээр эргэцүүлэх орон зайг бүрдүүлсэн бөгөөд зөвхөн хааны хатад, эгэл түүхэн дүрүүд бус түүхийг бүтээлцсэн бие даасан оролцогчид хэмээн хүчтэй тунхаглажээ. Мөн Б.Очирсүрэнгийн бүтээлд эдгээр дүрийн сүр хүчийг сүрлэг хөдөлгөөнөөс илүүтэй дүрийн төрх, дотоод мэдрэмж, хэмнэл, орон зайн шийдлээр дамжуулан харуулсан нь гайхалтай.
Уран барималч Б.Очирсүрэн нь Дүрслэх урлагийн академийн уран баримлын ангийг төгссөн бөгөөд түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өвийг судлан бүтээлдээ тод томруун тусгадгаараа онцлог юм. Мөн тэрбээр Австри улсын Вена хотын Дэлхийн музейд бие даасан үзэсгэлэнгээ толилуулж, олон улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байсан туршлагатай уран бүтээлч юм.
“Домогт хатад” үзэсгэлэн 2026 оны 10-р сарын 30-ныг дуустал ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд нээлттэй байх тул урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.










СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


