Мэдээ2026 оны 10 сарын 18-ны өдрийн 15:17
Л.Гантөмөр VS Т.Доржханд
"Алаагүй баавгайн арьсыг арав хуваана" гэгчээр эцэслэгдэн шийдэгдээгүй Оюутолгойн ногдол ашгийг хэн нь яаж авах талаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн улстөрчид шуугилдав. Зарим хэсэг нь баялгийн санд төвлөрүүлэх ёстой гэсэн боловч нөгөө тал иргэдэд шууд тараахыг дэмжсэн.
Шадар сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгч амьдралд нэмэрлэ гэсэн бол түүний ажлыг залгамжилж авсан Т.Доржханд эрс эсэргүүцэв. Бид та бүхэнд Шадар сайдын албан тушаалыг адил хашиж байсан хоёр сайдын ялгаатай байр суурийг хүргэж байна.
Шадар сайд Т.Доржханд: "Бүх уул уурхайн орлогоо иргэддээ бодлогогүйгээр тараагаад дуусах юм бол төр гэж байгаад яах юм. Бидэнд хөгжилдөө зарцуулах, хуримтлах гэсэн хоёр сонголт байгаа. Өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал бол эрчим хүчний асуудал болчихоод байна. Олсон орлогоо иргэддээ бүгдийг нь тараагаад өгчихдөг эдийн засаг гэж байхгүй шүү дээ. Тэгвэл Сангийн яам, Уул уурхайн яамаар яах юм. Орж ирсэн мөнгөө халааслаад л байя л даа" гэв.
УИХ-ын гишүүн Т.Гантөмөр: "Иргэдээс асуухгүйгээр яг өнөөдөр монголчуудын амьдрал ямар байна вэ гэдгийг хараад шийдвэр гаргаасай гэж бодож байна. Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх хэрэгтэй. Яагаад одоо өгөх хэрэгтэй вэ гэхээр, үнийн дарамтад асар хүчтэй өртсөн байна. Үнийн хөөрөгдөлтийг Засгийн газар зогсоож чадаагүй. Завхан аймаг руу хоёр өдрийн өмнө яваад ирлээ. Тэнд шатахууны үнэ литр нь 6000, мах кг нь 24 мянга байна. Ахмадууд бид хоол хүнсээ худалдаж авч чадахгүй болсон шүү гэж байна. Хоёрдугаарт, зээлийн дарамтад асар их оржээ. Ялангуяа апплейкшны зээлийг олон давхардуулж авч, төлж чадахаа больсон 500 мянга гаруй байна гэсэн. Иргэдийн авсан зээл банк бус дээр 5 их наядыг давсан. Тэгэхээр Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрт очих 800 мянган төгрөг ядаж зээлийнхээ өрийг төлөхөд нь нэмэр болно. Хоёрдугаарт, ахмадууд махаа худалдаж авна, оюутнууд хоолоо авна. Элдэв зүйл ярилгүй ногдол ашгийн гурван их наядаа иргэддээ өгөх нь маш зөв шийдэл шүү. УИХ өөрөө тогтоол батлах ёстой. Засгийн газарт чиглэл өгөх нь зөв.
Ард түмэнд юунд мөнгө зарах нь өөрсдийнх нь эрх. Цэцэрлэгийн хоолны мөнгө 3000 төгрөг. Би орон нутагт ажиллаад буцахдаа Архангай дээр зогсоод CU-гаас бэлэн гоймон авахад 7500 төгрөг. Гэтэл цэцэрлэгийн хүүхэд өдөрт дөрвөн хоол идэж байна. Дөрвөн хоолыг 3000 төгрөгөөр яаж идэх юм. Бодлогын хувьд асар зөрүүтэй байгаа учраас Оюутолгойн ногдол ашгийг ард түмэндээ өгөх ёстой. Тэд хоол хүнс, өрөндөө зарцуулна. Мөнгөтэй хүмүүст 800 мянга, нэг сая төгрөг бага санагдана. Тэр хүмүүс ард түмнээсээ тасарсан байна. Хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Хэний төлөө, юуны төлөө сонгогдож, тангараг өргөснөө мартаж болохгүй" гэжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Т.Аубакир: “Ажилгүйдлийн тэтгэмжийг төр биш, ажил олгогч нь хариуцах ёстой” гэж үздэг улстөрчид бий

October 29, 2026
Өнгөрсөн 24 цагт 10,022 тонн дизелийн түлш, 893 тонн Аи-92 шатахуун орж иржээ

October 27, 2026
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

October 25, 2026


