Мэдээ1 цаг 5 минутын өмнө
Мэдээ1 цаг 5 минутын өмнө
Монголын тамирчид олимпоос медаль хүртсэн топ дөрвөн төрлийн хоёрынх нь ДАШТ ойрмогхон болж, Монгол Улсын баг тамирчид боломжоосоо доогуур оролцлоо. Өнгөрсөн сарын 4-11-нд Азербайжаны Баку хотноо болсон ДАШТ-ээс МУГТ Л.Энхрийлэн ганцаараа медаль зүүсэн бол өчигдөр өндөрлөсөн чөлөөт бөхийн ДАШТ-д эмэгтэйчүүдээс Э.Даваанасан, Х.Болортуяа, эрчүүдээс Т.Тулга хүрэл медаль хүртсэн. Олон бөх боломжоосоо тааруу оролцсонтой холбоотойгоор шүүмжлэх хүн цөөнгүй байна.
Гэвч, спорт гэдэг улс орныхоо хөгжил дэвшлийн толь байдаг гэдгийг мартаж болохгүй. Эдийн засаг нь өсөж яваа, улс оронд нь дагаад хөгжиж, өөдөлж, өнгөжиж яваа бол спортын амжилт адилхан л байна. Эсрэгээрээ бол амжилт унадаг. Энэ бол гашуун боловч үнэн.
Төсвийн хамаарлыг багасгах шаардлага
Одоо манай спортын салбар клубын болон шигшээ багийн хосолсон системээр явж байгаа. Энэ нь муугүй боловч улс орны эдийн засаг сайн, төсөв мөнгө хангалттай хуваарилсан нөхцөлд л амжилт гаргах тогтолцоо юм. Харин одоогийнх шиг шигшээ баг нь оролцох ёстой тэмцээндээ оролцож чадахгүй төсөв мөнгөний хомсдолтой, клуб нь ивээн тэтгэгч олоход хүндрэлтэй үед амжилт хүссэн хүсээгүй унадаг.
Дээр хэлсэнчлэн, бид олимпийн наадмаас медаль авчирсан спортын төрлүүдээ бид “Топ 4” хэмээн өргөмжилдөг. Тэгвэл зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, 2000-аад оноос өмнө дээрх спортын тамирчид нэг жилд ДАШТ-ээс зэрэг медаль авсан түүх (1993 оныг эс тооцвол) байдаггүй юм. Аль нэг төрөл нь ганц медаль авчирч, тухайн жилийнхээ шилдэг тамирчин болдог байв. Хамгийн их найдлага тавьдаг чөлөөт бөх 1993 оноос хойш найман жил ДАШТ- ээс медаль аваагүй, боксчид 1993 онд Э.Цогтжаргал, 1997 онд Т.Үйтүмэн хүрэл, мөнгөн медаль авснаас хойш 2007 онд Э.Бадар-Ууган ДАШТ-д үзүүрлэх хүртэл 10 жил медальгүй. Буудлага, Жүдо бөх ч ялгаагүй. Дөрвөн жилд нэг болдог буудлагын ДАШТ-ээс хаа очиж Д.Мөнхбаярын буянаар 1998 онд алт шүүрч, эмэгтэйчүүд багаараа хүрэл хүртсэн байдаг юм.
За тэгж байтал 2008 он гарлаа. Спортын салбарын төсөв анх удаа тэрбумаар хэмжигдэх мөнгө зарцуулж үзлээ. Тамирчдын амжилт ч өсч, олон шилдэг тамирчин бэлтгэгдсэн. Улс орны сан хөмрөг сайн байсны ачаар овоо хэдэн тамирчны суурь нь сайн тавигдсан шиг байгаа юм. Одоо харин тэр тамирчид цагийн эрхээр харьж байна. Гэтэл энэ хооронд өсвөр үе залуучуудын амжилт уначихлаа.
Монгол Улс мандан бадарч мөнгө төгрөгөөр халгиж цалгиж байх үед бэлтгэгдсэн тамирчдын нөөц дуусах нь уу гэсэн харамсал төрөх болов. Байдал энэ хэвээр үргэлжилбэл багийн лидер ганц тамирчин нь хүрэл медаль авч, бусад нь тэр медалийн ард нуугддаг тэр үе эргэж ирэх нь.
Спорт урлагт хөрөнгө оруулалт хийсэн ААН-ийг хөнгөлөх хууль баталсан ч тэр нь нууцын зэрэглэлтэй гэж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Чуулганы хуралдаанд ярихыг бид сонссон. Энэ бол зорилго нь спортыг дэмжих бус, нийлж хууль бус юм хийхийн л дохио.
Учир нь, спортыг дэмжсэн ААН хэнээс ч нуулгүй ил зарлаж, ард иргэд нь тухайн ААН-ийг буруутгах биш, харинч бахархах нь ойлгомжтой. Тиймээс энэ хуулийг өөрчилж, мэдээллийг ил болгох нь зөв болов уу.
Ирээдүйгээ балласан “гаж” хуваарилалт
Спортын салбарын төсөв олимпийн дараа жил огцом унаж, дараагийн жилүүдэд нь аажмаар өгссөөр олимпийн жил оргилдоо хүрэх маягаар явдаг. Анхны аваргаа өлгийдөж авсан 2008 онд 1.3 тэрбум төгрөгийн төсөв авсан нь өмнөх жилийнхээсээ 500 саяар илүү байсан юм.
Яг энэ жишгээр 2025, 2026 онд спортын салбарын төсвийг танасан. Тр тусмаа 2026 оны төсвийг Г.Занданшатар “Арай ч дээ” гэмээр огцом хассан байдаг. Үр дүнд нь спортын амижлт уналаа. Спортын салбар ийм л өрсөлдөөнтэй байдаг.
Олимпийн жил эрх авах олон тэмцээнд ордог тул зардал өсөх нь зайлшгүй, харин олимпийн дараа жил спортод зориулах мөнгийг огцом хасдаг нь “Олимп хүртэл хаа ч байсан юм бэ” гэсэн монгол хүний уужуу тайван зангийн илрэл гэмээр. Харамсалтай нь энэ харалган бодлого спортын хөгжилд чөдөр тушаа болж байна. Өсвөр залуу тамирчдын амжилт уруудаж, насанд хүрэгчдийн багийн амжилт ч аажмаар унаж байгаагийн нэг шалтгаан нь энэ.
Яагаад гэвэл олимпийн дараах жил буюу шинэ мөчлөг эхлэх жил залуу тамирчид байр сууриа олж, бэлтгэлийнхээ суурийг тавьж байдаг. Лондон, Риогийн олимпийн дараагийн жилд буюу 2013, 2017 онд спортын салбарын төсөв буурсан нь одоогийн уналтын суурь шалтгаан байх магадлалтай.
Харамсалтай нь, улс орны байж байгааг харахад тамирчдын амжилт тийм амар сэргэхгүй нь. Улс ховор зүйлдээ харам байдаг. Дээр үед импортын бараанд харам байж, хүссэн хэмжээний талыг нь хасч өгдөг байсан. “Ховор хүмүүс” кинонд энэ талаар тодорхой гардаг.
Тэгвэл 2019 оны төсөвт спортын салбар 25 тэрбум төгрөг хүсэхэд талыг нь л өгсөн. “Ийм олон тэмцээн уралдаанд тийм олон тамирчин явуулах хэрэг байгаа юм уу” гээд хассан гэдэг. Энэ бол мөнгө санхүү гэдэг юм Монголд ховордож байгаагийн шинж байсан.
Хууль хэрэгжүүлэх мөнгийг нь хүртэл өгөөгүй гэж байгаа юм шүү дээ. Салбарын сайд нь “2019 оны нэгдүгээр сараас Биеийн тамир, спортын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын бүх суманд биеийн тамирын аргазүйч ажиллах ёстой, хуулийнхаа дагуу. Энэ орон тоог оруулж ирсэнгүй. Орон тоо байхгүй учраас цалин гэж төсөвт тусгаагүй. Энэ талаар Сангийн сайдаас чуулганы хуралдааны үеэр тодруулж асуулаа. ОУВС-гийн хөтөлбөрт орсон учраас төсвөөс цалинждаг хүмүүсийн орон тоог нэмэх боломжгүй байсан гэдэг тайлбар хэлж байна билээ” хэмээн ярьжээ.
Харин 2025 онд 2026 оны төсвийг хасахдаа эхлээд 70 хувиар аймшигтайгаар хасах яриа гаргаж байгаад буулт нь арай зөөлөн бууж байгаа мэт байдал үзүүлж хассан.
Энэ бол тамирчдын амжилт цаашдаа унана аа л гэсэн үг.
Энэ жил олимпийн өмнөх жил учраас уламжлал ёсоор төсөв нэмэгдэж орж ирсэн. Харин дараа жил яах вэ. Тодорхой хариулт үгүй. Айдас хүйдэс. Тийм болохоор л спортын салбарт хөрөнгө оруулагч оруулж ирэх орчинг бүрдүүлж /ил тод, шударга/ өгөх асуудлыг хөндөж байгаа юм. Төр өөрөө хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болтлоо ядуурсан учраас.
Топ 4 спортын нэг боксын ДАШТ энэ жил болохгүй. Буудлагынх нь дөнгөж эхэлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.