Хөндүүр сэдэв3 цаг 32 минутын өмнө
Хөндүүр сэдэв3 цаг 32 минутын өмнө
- Амьгүй мэдэгдлийн ард нуугдахын оронд гарч ирээд мэдэгдэл хий, С.Мөнхсүх захирал аа-
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-ийн алт зэсийн уурхайд өнгөрсөн сарын 29-ний өдөр чулуулгийн нуралт болж, 15 уурхайчин өртсөн билээ.
Чулуулгийн нуралтын шалтгааныг “Оюутолгой” ХХК албан ёсны цахим хуудастаа гаргасан эхний мэдэгдэлдээ “Газар хөдлөлтийн чанартай” гэсэн бол хоёр дахьд нь “Чичирхийллээс үүдсэн...” гэж тайлбарласан байдаг.
Энэ нь уг осол компанийн үйл ажиллагааны алдаа дутагдалтай холбоотой гэдгийг харуулсан. Гүний уурхай гэдэг мэдээж хэрэг эрсдэл өндөртэй ажил бөгөөд аюул үргэлж байдаг.
Хүдрийг нурааж олборлодог учраас агаарын даралт үүсэж, энэ нь чулуулагт нөлөөлж байдгийг ойлгож байна.
Чухам тийм учраас аюулгүй байдалд онцгой анхаарч, осолд хүргэхгүй байх нь компанийн хийх ёстой ажил. Үгүй бол олон хүний амь нас аюулд орно.
Гэтэл ийм чухал асуудалд компани Онцгой байдлын албаныхныг оролцуулахаас цааргалсан нь түгшүүр төрүүлэв.
“Оюутолгой” ХХК “Петрочайна Дачин Тамсаг”-ийн үйлдлийг давтлаа
Монгол Улсад гаднын хувь эзэмшилтэй компани олон бий. 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд ч байдаг. Тэд бүгд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд Монгол Улсын хууль журмыг биелүүлж ажиллах учиртай.
2014 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 20:48 цагт Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах «Петрочайна Дачин Тамсаг» ХХК-ийн газрын тосны Тосон-Уул XIX талбайд томоохон хэмжээний гал түймэр гарч, хоёр хүн амиа алдсан хэрэг гарсан.
Энэ ноцтой ослын дараа «Петрочайна Дачин Тамсаг» ХХК-ийн удирдлагууд Онцгой байдлын албаныхныг түймэр болсон талбай руу оруулахаас цааргалж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн байдаг.
Тэгвэл “Оюутолгой” ХХК дөрөв хоногийн өмнөх ноцтой осол дээр Онцгой байдлын албаныхантай хамтарч ажиллахаас татгалзаж, «Петрочайна Дачин Тамсаг» ХХК-ийн 12 жилийн өмнөх үйлдлийг давтлаа.
Орчин үеийн уул уурхайн салбарт олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал чухал ач холбогдолтой болсон. Ялангуяа “Монгол Улсыг өрөнд оруулж байгаа” гэдэг имижтэй саяхныг хүртэл явсан “Оюутолгой” ХХК-ийн хувьд энэ бүр ч чухал. Гэтэл монгол хүнийхээ төлөө санаа зовсон Монгол Улсын Онцгой байдлын албатай хамтарч ажиллахаас татгалзсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.
“Петрочайна Дачин Тамсаг” 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани тул өөрсдөө асуудлаа шийдэж болно гэсэн ойлголт захирал удирпдлагуудад нь байгаад, тэрийгээ илэрхийлж, улмаар болохгүй гэдгийг мэдээд Онцгой айдлын албатай хамтарч ажилласан байдаг.
Харин “Оюутолгой” ХХК бол 34 хувийн Монголын хувь эзэмшилтэй, Монголын компани. Гэтэл ингэж хүнийхүү хандлага гаргасан нь олон монголчуудын урмыг хугалж, Оюутолгойн уурхайд үр хүүхэд нь ажил хөдөлмөр хийж байгаа олон монгол ээж, аавын сэтгэлийг зовоосон хэрэг боллоо.
Эдийн засаг талаас нь харвал, Монгол Улс ирэх жил “Оюутолгой” ХХК-ийн 2026 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг авах ёстой. Осол гарсны дараа гүний уурхайн үйл ажиллагаа зогссон гэхээр нийт монголчуудын эрх ашиг хөндөгдсөн хэрэг.
Осол гарсны дараа “Bloomberg” агентлаг Австралийн хөрөнгийн бирж (ASX) дээр Рио Тинто компанийн хувьцааны ханш 2.9%-иар унасан, “Capital Markets Mongolia” гүний уурхайн зогсолт нь экспортод нөлөөлж болохыг онцолсон.
Ийм ноцтой байдал үүсэх эрсдлийг гагцхүү аюулгүй байдлыг сайжруулж, дахиж осол гаргахгүй байж л хааж чадна. Гэтэл гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нь гамшиг осол хариуцсан мэргэжлийн байгууллага болох Онцгой байдлын албанд “Та нар оролцох хэрэггүй” гэж пээдийсэн байтлаа ослын маргааш Төрийн ордонд гүйж явсан нь хэвлэлийнхний хараанд өртсөн.
Монгол Улсын баялгийг монгол хүнээр олборлуулж байгаа Монголын компани байж мэргэжлийн байгууллагыг давж харьцаж, Төрийн ордонд сайд дарга нартай асуудал ярихаар гүйж явсан бол энэ яавч зохистой үйлдэл биш.
Тиймээс амьгүй мэдэгдлийн ард нуугдахын оронд гарч ирээд мэдэгдэл хий, тодорхойгүй асуудлуудад хариулж хүмүүсийн санааг амраа, С.Мөнхсүх захирал аа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ БАЙХ ЭНЭ ЭРХ ЯРЬДАГ ХҮМҮҮС ЯАГААД БАЙХГҮЙ БАЙНА БААСАН... ХЭН БИЛЭЭ УИХ ГИШҮҮН ХҮҮХЭН ЮУ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУРАЛ ДЭЭР МАНГАР ХЭРҮҮЛЧ ОДОО ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУГАРМААР Л ЮМ. БИДНИЙ ХЭДЭН МОНГОЛЧУУД ИНГЭЖ АМЬДРАХ ЁСГҮЙ Л ЮМСАН. УУРХАЙД АЖИЛЛАЖ БУЙ ЗАЛУУС МИНЬ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ. ТА НАРТАА ХАЙРТАЙ ШҮҮ.