Нийтлэл1 цаг 39 минутын өмнө
Нийтлэл1 цаг 39 минутын өмнө
Оюутолгой төслөөс Монгол Улсад ногдол ашиг орж ирсэн тохиолдолд иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгох эсэх асуудал улс төр, эдийн засгийн хүрээнд маргаан дагуулаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ногдол ашгийг орж ирсэн тухай бүрд нь иргэдийн дансанд шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн бол УИХ-ын зарим гишүүн үүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.
Бэлэн мөнгө тараах нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжих зөв шийдэл үү, эсвэл инфляцыг улам нэмэгдүүлж, төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юу? Уул уурхайн баялгийн өгөөжийг иргэдэд шууд хүртээх нь чухал уу, эсвэл урт хугацааны хуримтлал, хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв үү?
Энэ асуудлаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нөхцөл байдал дэлхий даяар хүнд байгаа. Эрчим хүч, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Сая би Европт айлчлал хийгээд ирлээ. Тэнд ч байдал хүнд байна. Биднээс шалтгаалахгүй зүйлс байна. Үүнийг давж гарах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг анхаарах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах чиглэлд яаралтай арга хэмжээ авах ёстой. Тийм учраас байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрт нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал.
Хөрөнгө оруулагч талтайгаа гэрээ хэлцлээ маш сайн хийх хэрэгтэй. Мөнгөө яаж дансанд нь хэзээ хуваарилах юм гэдгийг дүрэм журмаа боловсруулж, эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрт нь иргэдийнхээ дансанд шилжүүлж, энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаагаа Ерөнхий сайд таньд хэлье” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэн нэгэн гарч ирээд Санта шиг бэлэн мөнгө тараах нь буруу хэмээн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Өнөөдөр иргэдийн амьдрал ядуу байгаа нь үнэн. Манай Сангийн сайд солиорсон байна лээ шүү дээ. Монгол Улс өндөр хөгжилтэй, гайгүй түвшинтэй орон болчихлоо" гээд ярьж байсан. Хаана амьдарч яваа юм бүү мэд.
Нөхцөл байдлаа ойлгооч ээ. Хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байгаа учраас мөнгөө авъя гээд байна. Гэтэл авъя гэх хууль байхгүй. Тэр мөнгийг тараая гэж ярьж байгаа юм бол тараах зохицуулалттай хууль санаачлах гэж байгаа юм байлгүй.
Н.Учрал сайд өөрөө л тэтгэвэр нэмчихсэн юм шиг яриад яваа. Энэ бол Засгийн газраас оруулж ирсэн саналыг УИХ дэмжсэн шийдвэр. Тэр мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Түүнээс ямар нэгэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мөнгө биш шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн гарч ирээд "Санта Клаус" шиг тараана гэдэг бол буруу шүү. Иргэдийн мөнгө шүү дээ.
Энэ бүх мөнгө иргэдийнх. Иргэд нь өөрсдөө амьдрал хэцүү байна гээд тэр мөнгөө авъя гэвэл тэр болно. Тэрнээс хэн нэгэн Санта шиг гарч ирээд попордогоо болиод өгөөч” гэв.
Эдийн засагч мэргэжилтэй гишүүдийн төлөөлөл Б.Мөнхсоёл мөн бэлэн мөнгө тараах нь иргэдийн амьдралд муугаар нөлөөлнө гэв.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Инфляц 13 хувьтай байснаа 12.9 хувь болж буурсан ч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Шатахууны үнэ, нийлүүлэлтийн асуудал ч шийдэгдээгүй. Иргэдийн амьдрал хүнд байхад бид цаашид хэрхэн хэвийн, боломжийн амьдрах вэ гэж байтал бэлэн мөнгө тараах асуудал яригдаж байна.
Сонгууль дөхөхөөр иймэрхүү үзэгдэл гардаг гэдгийг бид хангалттай харж, мэдэрсэн. Иргэдэд таатай сонсогдох боловч бодит амьдрал дээрээ сөрөг үр дагавар авчирч болзошгүй бодлого, шийдвэрт аль болох ухаалгаар, ухамсартай хандаж, аливаа асуудлыг олон талаас нь тунгаан боддог байгаасай гэж уриалмаар байна.
Энэ бол зөвхөн нэг хэсэг бүлэг хүний асуудал биш. Монгол Улсад амьдарч байгаа нялх хүүхдээс эхлээд ахмад настан, албан тушаалтай, албан тушаалгүй бүх иргэнд хамаатай асуудал. Худалдан авах чадвар, цалин, тэтгэврийн өсөлт бууралтаас үл хамааран амьдралын өртгийн нэмэгдлийг төдийлөн мэдрэхгүй байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хувьд хүссэнээрээ ярих амархан байж болно. Гэхдээ энэ бүх бодлогын бодит өртгийг хэн үүрч байна вэ? Эцсийн дүндээ нийт ард иргэд, энгийн хэрэглэгчид л үүрч байгаа шүү дээ.
Тиймээс олон нийт маань өөрсдөө ч бас аливаа асуудалд хариуцлагатай, хэрсүү хандаасай гэж хүсэж байна. Улс төрөөс аль болох ангид, мэдлэг мэдээлэлтэй, аливаа шийдвэрийн цаад үр дагаврыг ойлгодог нийгэм болоосой гэж уриалж байгаа юм.
Монгол шиг цөөн хүн амтай улсад эрх мэдлийн төлөөх хэт их өрсөлдөөн, улс төрийн талцал хуваагдал нь улс орны хөгжлийг улам хүндрүүлж байна. Хувь хүнийхээ хувьд би олон нийтийнхээ, ард иргэдийнхээ амьдралд үнэхээр санаа зовж байна” гэв.
Харин зах зээлд бэлэн мөнгө тараах нь буруу хэмээн Оюутолгойн ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг нь 2027 оны төсөлд суулгаж байсан Сангийн сайд З.Мэндсайхан “Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт чиглэл өгч, "Оюутолгой" төслөөс анх удаа орж ирэх ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэх бус, иргэдийн дансанд бэлнээр шууд олгох эрх зүйн зохицуулалтыг хийхийг үүрэг болгосон.
Энэхүү асуудал нь "D-Parliament" цахим системээр дамжуулан 100 мянга гаруй иргэний гарын үсэг, дэмжлэгийг авсан саналд үндэслэсэн. Мөн өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, Төв банкны бодлогын хүү өссөнөөс шалтгаалан зах зээлд мөнгөний хомсдол үүссэн, иргэдийн бодит орлогыг хамгаалах шаардлага бий болсон зэрэг дотоод болон гадаад эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан уг шийдвэрийг гаргасан.
Зах зээлд нийт 3 их наяд төгрөгийн бэлэн мөнгө нийлүүлэгдэх нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй гэх болгоомжлол байсан, өмнө нь Ерөнхий сайдын зүгээс ч үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх талаар сануулж байсан. Цалин, хөлс нэмэгдэхэд инфляц өсдөг жишгээр уг мөнгөн дүн зах зээлд ороход инфляцад тодорхой дарамт учрах нь тодорхой боловч, энэхүү эдийн засгийн хүндрэлтэй цаг үед иргэдийнхээ орлогыг дэмжих, уул уурхайн баялгийн өгөөжийг бодитоор хүртээх зорилгоор Засгийн газар холбогдох эрх зүйн шийдлийг гарган ажиллана.
Одоогийн байдлаар Оюутолгойн ногдол ашгийн асуудлыг хариуцсан ажлын хэсэг ногдол ашиг хэдийд, хэрхэн орж ирэх тухай хэлэлцээрийг яаралтай эцэслэн дуусгахаар ажиллаж байна” гэлээ.
УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга Б.Түвшин “Бэлэн мөнгө тараах нь сайн бодлого биш. Зах зээл рүү сул мөнгө орохоор бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эргээд иргэдийн ядуурал нэмэгдэнэ. Шууд утгаараа инфляци нэмэгдэнэ гэсэн үг. Тийм учраас би Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараахыг дэмжихгүй. Олсон мөнгө болгоноо тараагаад байвал төгрөгийн ханш улам л унана” гэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Оюутолгой компанийн ногдол ашиг ч тодорхой болоогүй байхад төсөвт суулгаж оруулж ирсэн Засгийн газрын буруу. Иргэдийн амьдрал хүнд, худалдан авах чадвар муу байгаа нь үнэн. Тиймээс орлого нь хүрэхгүй байгаа болохоор зээл тавин амьдарч байнга.
Ногдол ашгийг төрд хадгалуулахаар хулгай хийгээд байгаа болохоор л иргэд дансандаа авъя гээд байна. Засгийн газарт итгэхгүй байна. Тэгэхээр энэ мөнгөө өөрсдөө л авъя гэж байна шүү дээ. Үүнийг Засгийн газар ойлгохгүй, амьдралаас тасарчихсан байна. Гэхдээ энэ мөнгө иргэдийн халаасанд үлдэхгүй, зээлээ л төлнө шүү дээ” гэв.
Ийнхүү Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр олгох асуудалд УИХ-ын гишүүд харилцан адилгүй байр суурь илэрхийлж байна. Нэг хэсэг нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэдийн бодит орлогыг хамгаалах, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд шууд хүртээх нь зүйтэй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлснээр инфляц нэмэгдэж, эцсийн дүндээ иргэдийн амьдралд улам их дарамт учруулна хэмээн болгоомжилж байна.
Гэхдээ энэ маргааны гол цөм нь зөвхөн мөнгө тараах эсэх асуудал биш юм. Харин байгалийн баялгаас бий болсон орлогыг хэрхэн шударга, ил тод, үр ашигтай хуваарилах, өнөөдрийн иргэдийн амьдралд бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ирээдүй хойч үедээ ямар өгөөж үлдээх вэ гэдэгт оршиж байна. Эцсийн шийдвэр нь улс төрийн амлалт бус, эдийн засгийн бодит тооцоо, урт хугацааны үр дагаварт үндэслэх шаардлагатай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 20, 2026

October 6, 2026

July 30, 2026

July 30, 2026