Мэдээ48 минутын өмнө
Мэдээ48 минутын өмнө
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч С.Чулуун, хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ. Тус хэрэгт хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэх, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр хяналтын шатны шүүх хэлэлцэхээр хүлээн авсан.
Нэхэмжлэгч С.Чулуун нь хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн фейсбүүкт нийтэлсэн постынхоо үндэслэлийг баримтаар нотолж, судлаачийн хувиар шүүмжлэл илэрхийлсэн байх тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж дүгнэх үндэслэлгүй, хариуцагчийг нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдал нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэхээс илүүтэйгээр түүний ажил хэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор шүүмжлэлийг бичсэн. Нэхэмжлэгч нь нийтийн зүтгэлтний хувьд хэвлэл мэдээллийн анхааралд байнга өртөх онцлогтой тул ... шүүмжлэлийг илүү өргөн хүрээнд хүлцэн тэвчих үүрэгтэй. Мөн хариуцагч нь нэг салбарт ажилладаг судлаачийн хувьд тодорхой баримтад тулгуурлан өөрийн санал, шүүмжийг илэрхийлсэн, мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байх тул илт худал мэдээлэл тарааж ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026