Мэдээ1 цаг 45 минутын өмнө
Мэдээ1 цаг 45 минутын өмнө
Он гарсаар эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт гэмт хэргийн 34 хувь буюу 15,628 нь залилах гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 53.7 хувийг илрүүлж, 12,851 хэрэг буюу 82,2 хувийг шийдвэрлэсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 218.7 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлсэн.
Нийт залилах гэмт хэргийн 11,939 буюу 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Үүнээс:
1. Бараа үйлчилгээ захиалж 3798
2. Бусдын цахим хаяг ашиглан 2060
3. Тээврийн хэрэгсэл,сэлбэг захиалга 1447
4. Телеграмм 1367
5. Лайв, сугалаа, мөрийтэй тоглоом 1289
6. Валют арилжаа 310
7. Хандив тусламж 112
8. Зээлтэй холбоотой 371
9. Ажил, сургууль 59
10. Бусад 1126
Бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
1."Онлайн алтны захиалга" гэх нэрийдлээр баталгаат сорьцтой алтан эдлэлийг хямд үнээр зарна гэх утгатай зар байршуулж 200 гаруй иргэнд 10 тэрбум;
2.“Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ” гэх утгатай зарыг байршуулж 312 орчим иргэнээс 18.9 тэрбум төгрөг залилж, хохирол учруулсан 2 бүлгийн 5 иргэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн богино хугацаанд өндөр ашиг амласан саналд хууртахгүй, ямар ч тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхад онцгойлон анхаарах хэрэгтэй.
КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР
Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэрэг нь хэзээ ч нэг дансаар үйлдэгддэггүй, хэд хэдэн дансныг богино хугацаанд дамжин виртуал хөрөнгө болгон хувиргаж гадаад улс руу гаргаж байна.
Цагдаагийн байгууллага нь иргэдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор залилагчийн ашигласан дансыг царцаах, барилт хийх зорилгоор “Антискам” төв хэлбэрээр 24 цагаар ажиллаж байна.
Мөн Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдтэй хамтарч цахим хэтэвчинд хязгаарлалт тогтоож байна.
Цагдаагийн байгууллагаас Монгол банк, Улсын ерөнхий прокурортой 2024 оноос хойш хамтран ажиллаж, 2024 онд 13,2, 2025 онд 15,9, энэ онд 15,1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
Иргэд залилах төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 тусгай дугаарт хандах шаардлагатай байна.
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ
ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж: Энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхитай холбоотой 463 холбогдогчтой 430 гэмт хэрэг илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 2.1 дахин, хэргийн холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Эхний есөн сарын байдлаар нийт 15 төрлийн 123,550 хүн нэг удаа хэрэглэх мансуурах хэмжээний бодисыг хууль бус зах зээлд нийлүүлэлт хийгдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон.
Мөн гадаад улсаас нийлүүлэгч 5 бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар 2024 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан 22 этгээдийг тогтоож, 2 иргэнийг шилжүүлэн авчирсан. Гадаад улсад энэ төрлийн гэмт хэргээр Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг нь хувь хүн, гэр бүл, нийгмийн ирээдүйд заналхийлдэг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг юм.
Хураагдсан мансууруулах бодисыг хадгалах, шийдвэрлэх, устгахдаа ЭХХШТХ-ийн 21.5 дугаар зүйл болон Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 246, А/80 дугаартай захирамж, тушаалыг хатуу баримталдаг.
Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд тасралтгүй камерын бичлэгтэй хадгалж, шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, устгуулдаг.
Энэ үйл ажиллагаанд Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний ерөнхий зэрэг 5 байгууллага хамтран оролцдог.
Цахимд орчинд гарсан “хураагдсан хар тамхийг устгалгүй худалдан борлуулсан” гэх мэдээлэл огт үндэслэлгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026