Ярилцлага1 цаг 6 минутын өмнө
Ярилцлага1 цаг 6 минутын өмнө
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.
-Таныг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж байгаа “Таван толгойн дулааны цахилгаан станц”-ын төсөлд ашиг сонирхолтой гэсэн мэдээлэл байна?
-Анх удаа чамаас сонсож байгаа учраас юу гэж хариулахаа ч мэддэхгүй байна. Бодож ч үзээгүй сэдэв байна.
-Гэхдээ та энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзсан юм биш үү?
-За би Ерөнхийлөгчтэй сар гаруйн өмнө уулзсан. Уулзаад улс орны амьдрал л ярьдаг шүү дээ, улстөрчид чинь. Тийм асуудлаар л уулзсан.
-Сайд болмоор байгаагаа хэлэв үү, та?
-Би сайд больъё гэж хэлээгүй шүү дээ.
-Ер нь одоо буцаад Засгийн газарт орооч гэвэл хүлээж авах уу та?
-Эрчим хүчний салбар хүнд байгаа нь үнэн. Тэнд хэн ч байсан туулж гарах нөхцөл байдал үүссэн. Олон нийтэд энэ асуудлыг ил болгох ёстой гэж бодож байгаа. Шийдэхгүй бол улс орны амьдрал улам хүндэрнэ. Тийм учраас асуудлыг ил гаргаж тавьсан нь ч үнэн. Тэгээд шүүмжлэл яваад байхаар нь “Хэрвээ сайддаа байгаа бол ажлыг өгчихье. Миний сайд байх эсэхээс шалтгаалаад салбар хохирч болохгүй” гэдэг үүднээс ажлаа өгөх саналыг Г.Занданшатар Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааны бараг сүүлийн хоёр сард нь илэрхийлж байсан.
-Одоо буцаад Эрчим хүчний сайд болох амбийц байна уу?
-Алга... Би бодож үзээгүй байна. Санал тавибал тухайн үед нь бодно уу гэхээс одоо юу ярих юм бэ.
-Гол нь, хэрвээ хариуцуулаад өгчихвөл туршлагадаа үндэслээд Эдийн засгийн хөгжлийн яаман дээр байгаа Тавантолгойн ДЦС-ын төслийг явуулаад өгье гэдэг саналыг холбогдох хүмүүст тавиад явж байгаа гэсэн мэдээлэл дуулдаад байна л даа?
-Хардлагын чанартай иймрхүү янз бүрийн юмнууд байдаг шүү дээ. Одоо энэ асуудлыг эрхэлсэн сайд нь байгаа биз дээ. Сайдаас нь тодруулах ёстой биз дээ.
-Ер нь таныг ажлаа өгснөөс хойш эрчим хүчний саларт хэр өөрчлөлт гарсан гэж бодож байна вэ?
-Өмнөх сайд нь дараагийн сайдаа дүгнэж ярих нь утгагүй зүйл. УИХ, Ерөнхий сайдаас ажил хариуцаж аваад явж байгаа хүний өмнөөс нь хариулмааргүй байна. Асуудал зөвлөлдье гэвэл нээлттэй.
-Увс аймагт өрнөж байгаа улс төрд таныг оролцоотой гэсэн яриа гараад байна?
-Үндсэн хуулиар эрх мэдлийг хуваарилсан байдаг шүү дээ. Аймгийн асуудалд УИХ-ын гишүүн оролцох ямар ч боломжгүй.
-“Увс аймагт талцал хуваагдал хэрээс хэтэрлээ” гэдэг яриа их байна?
-Олон жил л ийм яриа гарч байна. Гайгүй л байдаг ш дээ. Болж байгаа зүйлийг хэт дөвийлгөсөн яриа.
-Аймгийн ИТХ-ын шийдвэрийг харахад МАН-ын зургаан төлөөлөгч АН-ын төлөөлөгчидтэй нийлээд Засаг даргаа огцруулж байна л даа. Тийм болохоор л талцал хуваагдал байна уу гэж асуугаад байгаа юм?
-Талцал хуваагдал гэхээсээ өмнө бүгд хуульд заасан үүргээ л биелүүлэх хэрэгтэй. Итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргасан байх. Тэр хүмүүсээс өөрсдөөс нь асуусан дээр байх.
-Гэхдээ та “Хуурамч дипломтой нь үнэн л юм байна лээ шүү дээ” гээд ярьчихсан байсан. Тэгэхээр мэдэж байсан юм биш үү?
-Би дахин хэлье. Хэвлэлээс аван мэдээ шүү. Тендертэй холбоотой гэдэг мэдээлэл ч мөн адил хэвлэлийнх. Би Увс яваагүй. Шалгалт хийсэн улсууд нь өөрсдөө асуудлаа ярих ёстой.
-“Тавантолгойн ДЦС”-ын тендер зарлагдвал таны компаниудаас оролцох уу?
-Миний үүсгэн байгуулсан ААН-үүдээс нэг нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдагггүй.
-Та Ерөнхий сайдтай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Ер нь уулздаг уу?
-Хамгийн сүүлд хэзээ уулзсанаа санахгүй байна. Ер нь уулздаг.
-Танд сайд болох санал тавибал хүлээж авах уу. Тавантолгойн ДЦС-ын төслийг хөдөлгө гэвэл хөдөлгөж чадах уу?
-Мэдэхгүй. Тухайн үед нь бодож шийднэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 3, 2026

October 27, 2026

October 26, 2026

October 25, 2026