Халуун сэдэв5 цаг 7 минутын өмнө
Халуун сэдэв5 цаг 7 минутын өмнө
МАН, Ардчилсан нам дахин хамтарч засаглах асуудал улс төрийн хүрээнд яригдаж буй нь нэгэнтээ ил болсон билээ.
Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед эрх баригчидтай хамтрах нь АН-д ашиггүй. Гэхдээ эрх баригчдад ашигтай гэдэг утгаар нь Хамтарсан Засаг байгуулах буюу муухайгаар хэлбэл “МАН-тай нэг хөнжилд орох” энэхүү санааг Ардчилсан сэргэлт холбоо буюу байгуулагдахдаа “Ерөнхийлөгч Ардчилсан намд жигүүртэй боллоо” хэмээн гоочлуулж асан хэсэг бүлэгтэй холбон хардаж байв. Бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Амгаланбаатар, С.Одонтуяа тэргүүтнийг энэ яриатай холбож байлаа.
Тэгвэл Засагт орох санаачилга Ардчилсан нам дахь өөр хэсэг бүлэг буюу замналынхаа аль нэгэн үед “Х.Баттулгын” гэсэн шошго зүүж байсан нэр бүхий гишүүдээс гарсан гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, Э.Одбаяр нар өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчтэй уулзаж, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын суудлыг өгвөл Ардчилсан нам Засгийн газарт хамтрах асуудлыг Үндэсний бодлогын хороогоор дэмжүүлж өгье гэсэн санал тавьсан талаар эх сурвалж хэллээ.
Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо өчигдөр орой хуралдаж, “Дотоод сонгуулийн үеэр гарсан будлианы талаар гишүүдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх үүргийг биелүүлээгүй” гэсэн шалтгаанаар ЕНБД С.Баярцогтыг огцруулсан. Энэ ч Ц.Туваан, Э.Одбаяр нарын саналтай холбоотой байж магадгүй бөгөөд тэдний тавьсан санал дээр дурдсан “Хоёр яамыг завал авах”-аар ч хязгаарлагдаагүй байж ч болох юм гэсэн сэжиг таамгийг төрүүлж байна.
Учир нь, Х.Баттулгын буюу “Женко”-гийн талаас бүрдсэн Хяналтын ерөнхий хороо нь намынхаа гишүүд, удирдлагыг намын дүрмээр хянадаг, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гол "тохируулагч" агентлаг нь гэгдсэн бүтэц юм байна.
Хэрвээ энэ үнэн бол Э.Бат-Үүл баатрын хэлсэн “Хэрвээ манай нам засагт хамтарвал 2027, 2028 оны сонгуулийг МАН-д өгөхөөр тохирсон гэсэн үг” гэж хэлсэн нь ортой ч байж мэдэх юм.
АН-ын Хяналтын Ерөнхий хороонд Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг, Д.Цэндсүрэн, З.Энхболд, С.Од-Эрдэнэ, Х.Ержан, Д.Батцогт, Т.Батчулуун, П.Ганхуяг, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нарын 15 гишүүн багтдаг. Намын дотоод хяналт, сахилга, хариуцлагаа бэхжүүлэх зорилгоор байгуулсан гэх энэ хорооны 15 гишүүний 13 нь өнгөрсөн баасан гарагт хуралдаж, 100 хувийн саналаар ЕНБД С.Баярцогтыг үүрэгт ажалаас нь чөлөөлсөн. Гэхдээ энэ шийдвэр нь маргаантай бөгөөд “Хяналтын ерөнхий хороо нь Ерөнхий нарийн бичгийн даргыг дүрэм зөрчсөн гэж үзвэл хариуцлага тооцох шийдвэр, дүгнэлт гаргадаг боловч албан ёсны чөлөөлөлтийг намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) эцэслэн шийдвэрлэх журамтай” гэсэн маргаан гараад байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 7, 2026

November 5, 2026

October 26, 2026

October 25, 2026