Халуун сэдэв24 минутын өмнө
Халуун сэдэв24 минутын өмнө
Өнгөрсөн бямба гарагийг хүртэл зөвхөн Б.Энхбаяр, Т.Аюурсайханы зүг үлээж байсан “Бодь”-ийн 110 сая ам.долларын...” гэх авлигын хэргийн салхийг хотын дарга асан Х.Нямбаатар тэдний ард нуугдаж үлдсэн байж болзошгүй улстөрчдийн зүг чиглүүллээ. Тэрбээр өмнө нь эдгээр этгээдүүдийг илчлэхэд бэлэн гэдгээ хуулийн байгууллагад илэрхийлж, гэрчийн хамгаалалт хүссэн А.Амундрагийн гаргаж өгсөн гэх баримт, факт, гэрэл зургийг дэлгэж, тодорхой хүмүүсийн нэрийг дурьдав.
Хэн нэгний ярьсан зүйлийг шууд үнэн хэмээн үзэх нь учир дутагдалтай ч шалгаж нягтлах нь хуулийн байгууллагын үүрэг.
Зэрэгцээд сошиал орчинд “Х.Нямбаатар Э.Цэндбаатарыг гомдоож байсан”, “А.Амундра найз бүсгүйдээ 60 сая төгрөгөөр цэцэг авч бэлэглэж байсан” гэсэн мэдээлэл гарч ирсэн нь “Х.Нямбаатарын мэдэгдэлд ач холбогдол өгөх ёстой” гэсэн сэдлийг өрдөж өглөө.
Уг нь хуулийн процесст сошиал салхи, нөлөөлөгчдийн бодол санаа огт падгүй. Гэхдээ эрх мэдэлтнүүд Н.Учралын Засгийн газар байгуулагдах хүртэл хоорондоо “алалцахдаа” ашигласан нэг зэвсэг нь чухам энэхүү сошиал мэдээлэл мөн болохын хувьд энэ “салхи” “Юм хаашаа эргэх гэж байгаа”-г таамаглах боломж олгодог.
Бямба гарагаас хойш хүмүүсийн байр суурийг ажиглахад “Бодь”-ийн гэрээний цаана нуугдсан хулгайн хэргийн тухайд, МАН доторх олох, цөөнхийн аль нэгний талд орохоосоо илүүтэй “Ашгүй баримтууд гарч ирж байгаа юм байна, АТГ нь үнэн зөв шалгаад илрүүлчихээсэй” гэсэн бодолтой ард иргэд дийлэнх нь байна.
Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ дуулиантай хэрэг илрэхгүй дарагдаж гэмээ нь илрүүлэхгүй байх нөхцлийг нь хангаж өгсөн МАН-ын одоогийн удирдлагууд тодрох нь дэндүү ойлгомжтой болж ирэв. Гэтэл сонгууль ойртож байдаг.
Г.Тэмүүлэн А.Амундратай хамтран ажиллаж чадах уу
Хуулийнхан одоо ч энэ хэрэг дээр ажиллахад оройтоогүй. Тиймээс олон нийт одоо хуулийнхны байр суурийг харж байна. АТГ “110 ам.долларын гүйлгээ хийгдээгүй, төгрөгийн гүйлгээ хийгдсэн” гэсэн мэдэгдэл хийснээр одоо олон нийтийн найдлага нь Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд төвлөрч байгаа болов уу.
Ялангуяа намын дарга Н.Учралын хувьд энэ асуудалд нухацтай хандахгүй бол МАН "Авлигачдын бөөгнөрөл" гэдэг статустайгаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгох болчихоод байна.
“Бодь”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра хамгаалалтад авч аюулгүй байдлын баталгаа өгвөл төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн оффтэйк гэрээн дотор улстөрчдийн хэчнээн сая ам.доллар байсан, тэдгээр улстөрчид нь хэн, хэн байсан, хэдийг авсан гэдгийг гэрчлээд өгье гэж байгаа. Энэ тохиолдолд А.Амундраг “Хамт хулгай хийлцсэн, 60 саяар цэцэг авч өгдөг адилхан хулгайч” гэж харлуулах нь ямар ч нэмэргүй. Учир нь тэр хүн хамтран оролцсон, хэргээ илчилж ял зэмээ багасгах сонирхол байж таарна. Гагцхүү хуулийн байгууллага түүнийг ашиглах уу гэдэг л хамгийн том асуулт болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 12, 2026

November 12, 2026

November 7, 2026

November 5, 2026