Ярилцлага2 цагийн өмнө
Г.Дамдинням: Хэвийн хэрэглээнийхээ хэмжээгээр захиалж чадсан учир энэ сард АИ-92-ын дугаарлалт багасна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Шатахууны хангамжийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хил дээр гацаагаад байгаа асуудал байхгүй. Энэ асуудлыг гаалийн байгууллагаас тодруулах ёстой байх. Мэдээлэл нь ил байгаа, тэндээс харж болно. Дизель түлшний тухайд улирлын шилжилтийн үед ачилт буулгалт нэлээд явагддаг. Дизелийн түлшин дээр бид сая бүх саваа хоосолж, одоо өвлийн түлшээ хийж байна.
Онгоцны түлшний тухайд, өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-тай гэрээ хийсэн. Үүнээс хойш нэг ч аваагүй явж байгаад өнгөрсөн наймдугаар сард л нийлүүлэлт хийсэн. Дотоодын нөхцөл байдал нь маш хүнд байгаа ч нийлүүлэлт хийж байгаа ОХУ-д дахин талархал илэрхийлье.
-Энгийн АИ-92 шатахууныг Евро 92 гэж зарж байгаа гэсэн гомдлыг иргэд гаргаж тавьж байна?
-Нэг хэсэг ямар ч шатахуун олдохгүй зовоолоо шүү дээ. Сард 40, 46 мянган тонн олдож байсан гэхээр 50 хувь нь байхгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр бидний хувьд одоо бүтээгдэхүүн хангалттай болж байгаа нь сайн байна. Хоёрдугаарт, бүтээгдэхүүний төрлүүдтэй холбоотой асуудалд хяналт шалгалтыг байнга хийж байгаа. Монгол Улс хянаж шалгах чиг үүрэгтэй байгууллагуудтай. Тэр байгууллагууд байнга шалгалт хийж байгаа. Тийм тохиолдол илэрсэн тохиолдолд хуулийн хатуу хариуцлага тооцно.
Бүтээгдэхүүнтэй байгаа нь сайн шүү дээ. Евро 5 стандартын шатахуун БНХАУ, Казахстан, БНСУ гээд олон газраас орж ирж байгаа. Янз бүрийн үнэтэй байгаа шүү дээ. Олон улсын нөхцөл байдал сайжирчих болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Ер нь манай улс бас Евро5 руу шилжих ёстой юу?
-Бид зөвхөн хямдыг нь бодохоосоо гадна эрүүл мэндээ бас бодох ёстой.
Энгийн 92 гэдэг шатахууныг ОХУ-ын ангарскийн ГТБҮ-т л үйлдвэрлэдэг. Тэрийг нь Киргизстан манайх хоёр л авдаг. Сая нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор оросууд өөрсдөө дотооддоо хэрэглэсэн тал бий. Тэгээд ховордсон. Манай хэрэглээ сард 75 мянган тонн орчим байдаг. Арваннэгдүгээр сард бид 70,000 тонныг захиалсан. Тэгэхээр гайгүй байх болов уу.
-Оюутолгойн баяжмалын экспорт саатсан гэсэн мэдээ байна. Энэ нь урт хугацаандаа компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, ногдол ашиг авч чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байна?
-Би сая Австралид очиж хөрөнгө оруулагчдын арга хэмжээнд оролцсон. Энэ хүрээндээ хөрөнгө оруулагч талтай уулзсан. Үүний үр дүнд экспорт хэвийн болсон. Ногдол ашгаа бол авна.
-Усны тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ус үнэ цэнэтэй байх ёстой гэдгийг бол дэмжиж байна. Монгол Улс аж үйлдвэржих гэж зорьж байгаа улс. Үүнд ус хамгийн чухал үүрэгтэй. Хоёр хуулийн төсөл явна лээ. Нэг нь Б.Монхсоёл гишүүний санаачилсан нэмэлт өөрчлөлт. Нөгөө нь Л.Мөнхбаясгалан гишүүний өргөн барьсан шинэчилсэн найруулга. Гэхдээ Л.Мөнхбаясгалан гишүүн өргөн барихдаа Засгийн газраас санал асууснаасаа өөрөөр өргөн барьчихсан байна лээ. Тэгэхээр энэ асуудлыг эргэж харах ёстой. Эдийн засагт нэлээд нөлөөтэй хууль учраас манай намын бүлэг байр сууриа нэгтгэх байх.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 3, 2026
С.Наранцогт: Суурь асуудлаа шийдэхгүй бол зөвхөн Төв банк мөнгөний бодлогоор инфляцийг удирдах боломжгүй

November 2, 2026
Ж.Баярмаа: Эрх баригчид сонгуульд зориулсан 2027 оны төсвөө зүтгэсээр байгаад дэмжүүллээ

October 29, 2026
Э.Баясгалан: Ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй



