Халуун сэдэв3 цаг 46 минутын өмнө
Ерөнхийлөгчийн засаглалд шилжих асуудал хөндөгдөв
УИХ Ерөнхийлөгчийг өөрийнх нь гаргасан хүсэлтээр чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр олон гишүүн асуулт асууж, үг хэллээ. Тэдгээрээс, таван жил тавиагүй тайланг нь өмнөөс нь тавих шахсан хэдээс бусад нь “Одоо яах вэ”, “Цаашид хэрхэх вэ” буюу ирээдүйд чиглэсэн байсан юм.
Хариулт нь ч тодорхой байсан бөгөөд хамгийн анхаарал татсан нь тогтолцооны өөрчлөлтийн талаар байв.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ерөнхийлөгчөөс “Ард иргэдийн дунд баялагтаа эзэн болох, шударга ёс тогтож, хууль тэгш үйлчилдэг болох гэсэн хүлээлт алдарч байна. Энэ бүхний цаана хувь улстөрчийн асуудал байна уу, эсвэл тогтолцоонд томоохон өөрчлөлт хийх ёстой юу? Одоо бид яг яах ёстой вэ. Та тодорхой дүгнэлт, байр сууриа илэрхийлэх ёстой байх?” гэж асуусан.
Ерөнхийлөгч “Тогтолцооны өөрчлөлтийг би дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ҮХ-ийн өөрчлөлтийн талаар санал асуулга явуулах хэрэгтэй. Хоёр л сонголт байгаа шүү дээ.
Нэг бол хоёр танхимтай парламентын засаглал, нөгөө бол ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа өөрөө томилоод ачаа, хариуцлдагаа өөрөө үүрээд явдаг Ерөнхийлөгчийн засаглал. АНУ, Франц гээд дэлхийн бараг дийлэнх ардчилсан улсууд наад тогтолцоо чинь байгаа за юу” хэмээн хариулсан юм.
Тэрбээр одоогийн байгаа Парламентын засаглалыг “Бид их сайхан үндэсэн хуультай. 126 гишүүнтэй болоод сайхан болно гэсэн ч болохгүй байна” гэж, Ерөнхийлөгчийн засаглалыг “Тэр АНУ-д чинь, Францад чинь…”, дэлхийн бараг дийлэнх ардчилсан улсууд наад тогтолцоо чинь байгаа за юу” гэж тодорхойлсон нь сонин байв.
Ямартай ч Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх хоёрт монголчууд 36 жилийн өмнө сонгосон парламентын тогтолцоондоо үнэнч байгаа эсэх нь сонин байгаа бололтой.
Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын бараг л боловсруулаад бэлдчихсэн байсан гэх Ерөнхийлөгчийн импичментийг амжиж өргөн барихаас нь өмнө О.Цогтгэрэл дарга амаараа хэлсэн.
Ерөнхийлөгч огцорсон нь үнэндээ Х.Нямбаатарын Канадаас хийсэн мэдэгдлээс гадна чухам Ардчилсан намын сөхөх гэж байсан импичмент, гудамжинд гарч тэмцэх мэдэгдлээс болсон гэвэл илүү бодитой.
Гэтэл энэ удаад засаглалын хэлбэрийг парламентын засаглалдаа үнэнч Ардчилсан намын дарга хөндөж, Ерөнхийлөгчөөр байр суурь илэрхийлүүлсэн нь сонин байв. Учир нь, О.Цогтгэрэлд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэвшиж сонгогдох боломж бий.
Монгол Улс парламентын засаглалыг сонгоход шийдвэрийг ард түмэн биш ард түмний төлөөлөл болсон Парламент гаргасан. Ингэхдээ санал тэнцэж, Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан П.Очирбат хагалахдаа “Манайх шиг улсад Парламентын засаглал нь тохиромжтой” гэж хэлсэн гэдэг.
Хэрвээ Ерөнхийлөгчийн байр суурь ажил хэрэг болбол монголчууд Парламентын засаглалтайгаа үлдэх үү, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэдэг асуултад хариулах хэрэгтэй болох нь.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1990-1992 онд Монголд хэрэгжиж байсан АИХ-УБХ гэсэн 2 шатлалтай парламент нэн тохиромжтой нь практикаар батлагдсан!! АНУ-д хүртэл Ерөнхийлөгчөө 2 шат дамжлагаар сонгодог! АИХ-ыг шууд ард түмнээс сонгоод АИХ нь байнгын ажиллагаатай хууль тогтоох УБХ-ыг сонгодог 2 шатлалтай сонгуулийн тогтолцоонд шилжихээс нааш манай төр өөдлөхгүй дээ!!!






