Мэдээ2 цаг 10 минутын өмнө
Мэдээ2 цаг 10 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбар дахь өвөлжилтийн бэлтгэлийг өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сараас эхлүүлж, Дулааны III болон IV цахилгаан станцад ажиллаж, албаныханд үүрэг даалгавар өгч, шаардлагатай, тулгамдсан санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Ерөнхий сайд дээрх хоёр станц болон Диспетчерийн үндэсний төвд ажиллаж улсын төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн ажлын явцыг хянаж, нэмэлт үүрэг өглөө.

Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 24 цагийн турш шуурхай удирдлагаар хангаж, зохицуулдаг. Ерөнхий сайдын хавар өгсөн үүрэг даалгаврын биелэлт 92.5 хувьтай үргэлжилж байна гэж “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням хэлэв.
Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1905 МВт ба төвийн бүсийн хэсэгт 1797 МВт байдаг. Үйлдвэрлэлийн зөрүүг ОХУ-аас эрчим хүч импортолж нөхдөг. 2026-2027 оны өвлийн их ачааллаар төвийн бүсийн хэрэглээ 1956 МВт хүрнэ гэж тооцоолсон бөгөөд чадлын дутагдлыг БНХАУ-аас 80 МВт, шинээр ашиглалтад орох Сүхбаатарын 70МВт-ын ДЦС-аар хангахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд, энэ өвөл цахилгааны хэрэглээ 120-150 МВт-аар өсөх тооцоо байна. Үйлдвэрлэх хүчин чадал, хэрэглээ бараг тэнцэж, нөөц тоноглолгүй ажиллах эрсдэлтэй байна. Дулааны IV цахилгаан станцын нэг зуух зогсоход л хэрэглэгчдийн цахилгааныг 100 МВт-аар хязгаарлах нөхцөл үүсэж болзошгүй. Ийм нөхцөлд алдаа гаргаж болохгүй. Цахилгааны хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцлийг цаг тутам хяна. Гэнэтийн гэмтэл, саатал, импортын цахилгаан доголдсон үед хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөг гаргах, шинээр холбогдох эх үүсвэрүүдийн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хангах, мөн эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт хийх чиг үүрэгтээ анхаарч ажиллахыг тус төвийнхөнд үүрэг болгов.
Мөн “Засгийн газар 2026 онд шийдэх ёстой бүхнийг шийдсэн. Станцуудын үндсэн тоноглолын нэн яаралтай засварт Засгийн газрын нөөцөөс 5.45 тэрбум төгрөг гаргасан. Өнгөрсөн өвөл цахилгаан станцуудын зуух, тоног төхөөрөмжид 158 удаа гэмтэл, саатал гарсан. Сая Дарханы дулааны цахилгаан станцад техникийн гэмтэл гарлаа. Энэ өвөл ийм нөхцөл байдал дахин давтагдах учиргүй. Анхаарч хичээж ажиллах хэрэгтэй байна. Станцуудаа хэвийн ажиллуулах, иргэдээ тог, дулаанаар тасалдуулахгүй байх нь та бүхний хичээл зүтгэлээс хамаарна. Асуудал байвал шууд хэл. Шийдэх боломжтой бүх асуудалд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн сэргээгдэх, нүүрс гээд боломжит бүх хувилбараар эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Төсвөөс гадна хувийн хэвшлийн санхүүжилтийг татан оролцуулна. Сэргээгдэхийн анхны аукционаар 400 сая гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан” гэж ярилаа.
Дулааны III цахилгаан станцын долоо, есдүгээр турбогенераторын шинэчлэлд 90 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын нөөц сангийн 2.1 тэрбум төгрөгөөр тус станцын дөрөв, наймдугаар зуухны халах гадаргууг шинэчлэх ажлыг бүрэн дуусгажээ. Мөн шинэчлэлийн үр дүнд зуухны халах гадаргуугийн элэгдэл, гэмтлээс үүдэлтэй төлөвлөгөөт бус зогсолтын эрсдэлийг бууруулж, 2026–2027 оны өвлийн их ачааллын үед цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах нөхцөл сайжирчээ.
Эдгээр засвар, шинэчлэлийн ажил хийгдээгүй бол нийслэлийн хэрэглэгчдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр хязгаарлах эрсдэл бодитой байсан гэдгийг станцын удирдлагууд хэлээд 2026-2027 оны өвөл хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах нөхцөл бүрдлээ гэдгийг онцолж байв.
Ерөнхий сайд Дулааны III цахилгаан станцад ажиллах үеэрээ засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, долдугаар турбогенераторыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах, есдүгээр турбогенераторын шинэчлэлийг ирэх оны эхний улиралд дуусгахыг үүрэг болголоо. Тус станцын тавдугаар турбингенераторыг шинэчлэх санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд 37.3 тэрбум төгрөг тусган УИХ-аар хэлэлцүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026

October 28, 2026