Ярилцлага3 цаг 29 минутын өмнө
Ярилцлага3 цаг 29 минутын өмнө
УИХ энэ өдрүүдэд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос тодрууллаа.
-Ирэх таван жилд Монголбанк өөрийн хөрөнгийн 4.8 их наяд төгрөгийн дутагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх гэж байна. Ингэх нь зөв юм уу?
-Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай бонд гаргаж шийддэг нь олон улсын практик. Олон улсын валютын сангаас өгдөг зөвлөмж нь ч энэ. 2023, 2026 онд ингэж шийдэх зөвлөмжийг өгсөн. Төсвийн алдагдал үүсгэхгүйгээр бүртгэлийн аргаар шийдвэрлэх боломжтой. Бүр их эрсдэлтэй гэвэл эрх зүйн хувьд тодотгоод шийднэ. Асуудлаа шийдэхгүй бол инфляцид ил биш далдаар нөлөөлдөг. Төв банкны мөнгөний бодлогыг явуулах орон зайг хумьдаг сөрөг үр дагавартай. Үүнийг шийдэж чадвал 2032 оноос төсөв дээр бондын хүү, үндсэн төлбөрийг төлөх зүйл гарна.
Инфляцыг өсгөөд арга хэмжээ авахгүй бол инфляцаар төлөгдөх урсгал зардал нь 2-3 дахин томрох эрсдэл бий. Инфляцыг өсгөж иргэдийн амьдралын чанар болон төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүй гэсэн аль аль талын арга хэмжээ болохоос зөвхөн Төв банкны балансыг сайжруулах арга хэмжээ биш. Улс орны макро эдийн засгийн тэнцвэрийг зөв хадгалах гэж байгаа арга хэмжээ юм. Сангийн яам, Монголбанканд эцэстээ Монголын нийт ард иргэдэд хэрэгтэй.
-Энэ алдагдлын шалтгаан юу вэ. Алдагдлын хэмжээг задалж хэлбэл?
-Ер нь бол, 2012 оноос эхэлсэн төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.7 их наяд төгрөгийн санхүүжилт Төв банкнаас гарсан. Цэвэр дүнгээр 5.4 их наяд төгрөг болж байгаа. Зарим хугацаанд мөчлөг дагасан экспортын орлого, эдийн засагт илүүдэл нөөц үүссэнийг богино хугацааны дутагдлыг нөхөх зорилгоор Төв банкны үнэт цаасаар урт хугацааны илүүдлийг татаж аваад байгаа нь Төв банкны төлөх хүүгийн зардлыг нэмэгдүүлж байна.
Төв банкнаас төлөгдөж буй хүүгийн талаас илүү хувь нь үнэт цаасны хүүд төлөгдөж байна. Мөн своп хэлцэл болоод бусад Засгийн газрын болон банкны үлдэгдэлд төлж буй хүүгийн зардал нэмэгдээд 74 гэдэг тоо гараад байгаа.
-Инфляц нэг оронтой тоонд хүрнэ гэж мэдээлж байсан. Гэтэл одоо хоёр оронтой тоонд хүрчихлээ?
-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд инфляц зорилтот түвшиндээ тавхан удаа орсон. 10 жилд нь зорилтот түвшнээс илүү байсан гэсэн үг. 2021 оноос эхлээд зорилтот түвшнээс зөрдөг зөрүү томорсон. Энэ нь суурь асуудлаа шийдэхгүй бол зөвхөн Төв банк мөнгөний бодлогоор асуудлаа удирдахад хязгаарлагдмал байна гэдгийг харуулж байна. Тийм учраас 2027 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн 17 нь инфляцийг ил, далдаар бүрдүүлж байгаа зургаан сувгийг дунд хугацаанд хаах реформ юм. Энэ арга хэмжээ бүтэн хэрэгжвэл дунд хугацаандаа бид инфляцийнхаа зорилтот түвшинд хүрээд цаашид ийм асуудал дахиж би болохгүй, тогтвортой болно гэсэн үг. Ингэж байж зээлийн хүү тогтворжих учиртай юм.
-Түүхэнд байхгүй өндөр валютын нөөцтэй боллоо хэмээн Төвбанкнаас мэдэгдсэн. Ам.долларын ханш өдрөөс өдөрт өсөж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн он жилүүдтэй харьцуулахад валютын нөөц маш тогтвортой байгаа. Инфляц, гадаад нөхцөл байдалтай холбоотойгоор бүх улс орны Төвбанкны бодлогын хүү, эх үүсвэрийн зардал нэмэгдэж байна. Нефть, хүнсний шок улс орнуудад үүсч байгаа нь бидэнд дарамт учруулж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 2, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 25, 2026