Нийтлэл2 цаг 17 минутын өмнө
Нийтлэл2 цаг 17 минутын өмнө
Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас хамаарч дэлхийн улс орнуудын эдийн засаг муудаж буй. Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 28-нд гаргасан тайланд дэлхий дахинд түүхий эдийн үнэ 2026 онд 23, эрчим хүчний үнэ 32 хувь өсөхөөр тооцсон байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ энэ онд ойролцоогоор 10, ирэх жил дахин долоон хувь өсөх прогноз гарчээ. Орос-Украины дайнаас шалтгаалж шатахууны хомсдол үргэлжилбэл үнэ цааш өсөх эрсдэлтэйг анхааруулсан байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнгөрсөн есдүгээр сард дэлхийн хүнсний үнийн индекс өмнөх сараас 1.5, өмнөх жилийн мөн үеэс 5.8 хувиар өссөн. Харин үр тарианы үнийн индекс жилийн дүнгээр 17.2 хувиар нэмэгджээ.
Мөн Улаан тэнгис, Хар тэнгис, Ормузын хоолойн тээврийн саатал нь хүнс, шатахуун, бордооны нийлүүлэлтэд нөлөөлж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан шатахууны хомсдол бусад орнуудад хэрхэн нөлөөлж, ямар арга хэмжээ авч байгаа талаар бэлтгэлээ.
Шатахууны үнэ өссөнөөс Пакистанд төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжив
Пакистанд шатахууны үнэ өсөж, иргэдийн амьжиргааны зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газар түлшний хэрэглээг хязгаарлах, төрийн зардлыг танах арга хэмжээ авч эхэлжээ. Аравдугаар сарын сүүлээр бензиний үнэ литр тутамд 379.25 пакистан рупи хүрсэн бол дизель түлшний үнэ 395.82 рупи болсон байна.
Есдүгээр сард Засгийн газар төрийн албан хаагчдын автомашины шатахууны хангамжийг гурван сарын хугацаанд 50 хувиар бууруулж, төр шинэ автомашин худалдан авах болон албан томилолтоор гадаад улс руу зорчихыг түр хоригложээ. Мөн зах, худалдааны төвүүдийг оройн 21:00 цагт хаах зохицуулалт хэрэгжүүлж, эрчим хүч, шатахуунаа хэмнэхийг зорьж байна.
Үнийн өсөлтийн дарамтыг бууруулахын тулд мотоцикл, рикша болон хөдөлгүүрийн багтаамж нь 800 см³ хүртэлх автомашин эзэмшигчдэд шатахууны литр тутамд 100 рупийн татаас олгох хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Пакистан импортын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай тул олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий хэвээр байна.
Кубад шатахууны хомсдлоос болж хот хоорондын нийтийн тээвэр зогсоод байна
Кубад шатахууны хомсдол гүнзгийрснээр нийтийн тээврийн үйлчилгээ огцом хумигдаж, нийслэл Хавана хотоос орон нутаг руу өдөрт явдаг автобусны үйлчилгээ 419-өөс ердөө 11 болж буурчээ.
Reuters агентлагийн аравдугаар сарын сүүлээр мэдээлснээр, шатахууны нийлүүлэлтийн хямралаас үүдэж улс даяарх автобусны чиглэл 100 гаруй байснаас 21 болж цөөрсөн байна. Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээ өмнөх оныхоос 75 хувиар буурч иргэд үндсэндээ хөл мухарджээ.
Шатахууны хомсдол цахилгааны хомсдолтой хавсран иргэдийн өдөр тутмын амьдралд том саад болж байна. Улс даяар цахилгаан тасрах тохиолдол давтагдаж, зарим бүс нутагт тасалдал бүтэн хоногоор үргэлжилж байна.
Малавид шатахууны хомсдол нүүрлэж, жолооч нар ШТС-ын гадаа хонож байна
Африкийн Малави улсад шатахууны хомсдол даамжирч, жолооч нар шатахуун түгээх станцын гадна хэдэн өдөр, шөнөөр дараалалд хүлээхэд хүрч байна.
The Guardian сонины аравдугаар сарын 21-ний сурвалжилгад Зомба хотын нэгэн микро автобусны жолооч шатахуун авахын тулд найман өдөр, шөнө автомашиндаа хонож буй талаар мэдээлжээ. Шатахуун олдохгүйгээс такси, мотоциклын жолооч нар ажиллаж чадахгүй, орлогогүй болж, зарим нь өр зээл тавихад хүрсэн байна.
Шатахууны хомсдол нийтийн тээврийн үнийг ч өсгөжээ. Reuters агентлагийн мэдээлснээр, Блантайр хотод микро автобусны үнэ өмнө нь 1,500 квача байсан бол 4,000 квача болж нэмэгдсэн байна. Мөн шатахуун хар зах дээр литр нь 20,000 квач хүрч, албан ёсны үнээс хэд дахин өсжээ.
Засгийн газар нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч аравдугаар сарын 30-ны байдлаар тус улсын олон бүс нутагт бензин, дизель түлшний хомсдол үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 27, 2026

October 26, 2026

October 22, 2026

October 21, 2026