Н.Түвшинбаяр Олимпийн хорооны Ерөнхийлөгчийн АЖЛАА ӨГӨХ ҮҮ?


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргасан.  

Тодруулбал, түүнийг дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорихоор болжээ. 

Мөн өчигдөр ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ " 4-р сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Залуу монгол оффист хүн зодолдож байна гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн. Тус дуудлагын дагуу  цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж ажилласан. Гэрчүүдээс тайлбар мэдүүлэг  авсан. 4-р сарын 4-ны орой Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан хорих 461-р анги руу аваачсан. Шалгалтын ажил үргэлжилж байна. Одоогоор Н.Түвшинбаяр Эрүүгийн хуулийн 11.1- т зааснаар яллагдагчаар татах саналыг  цагдаагийн  байгууллагаас прокурорт хүргүүлээд байна." хэмээсэн.

Энэ бүх үүсээд буй нөхцөл байдлыг авч үзвэл, Н.Түвшинбаяр олимпийн хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх нь зүй ёсны хэрэг.

Саяхан "Токио 2020" олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийн талаар бүдүүлэг үг хэлснээсээ болж албан тушаалаасаа огцорсон бол Беларусийн олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Лукашенко улс төртэй холбогдож, тамирчдыг улс төрийн золиос болгон, ялгаварлан гадуурхсанаасаа болж албан тушаалаа хүлээлгэн өгсөн. 

Монголын үндэсний олимпийн хорооны дүрмийн 10.1 Гишүүн өөрийн хүлээсэн үүргийг хангалттай биелүүлж чадаагүй болон Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрэм болон МҮОХ-ны дүрмийг зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчил, учруулсан хохирлын хэмжээнээс хамааран дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна. Үүнд:

10.1.1 Сануулах;
10.1.2 Түдгэлзүүлэх;
10.1.3 Хөөх гэж заасан байдаг ажээ.

Үүнээс гадна олон улсын олимпийн хорооны “Арга хэмжээ, хориг арга хэмжээ, сахилгын журам ба маргаан шийдвэрлэх хэсэгт” зааснаар Олон улсын олимпийн хорооны гишүүн, хүндэт ерөнхийлөгч, хүндэт гишүүд нь ёс зүйн алдаа гаргаж, олимпийн харти, олон улсын олимпийн хорооны ашиг сонирхолд аюул учруулсан тохиолдолд гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх, бүрэн эрхэд нь хэсэгчилсэн хориг тавих зэрэг арга хэмжээнүүдийг авдаг ажээ.

Гэтэл МҮОХ-ны ерөнхийлөгч нь тамирчнаа хүчирхийлж, биед нь ноцтой гэмтэл учруулсан байдаг.

Одоо олон улсын олимпийн хороо арга хэмжээ авахаас өмнө МҮОХ-ны зүгээс ёс зүйгүй авир гаргасан ерөнхийлөгчдөө арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв арга хэмжээг авахгүй бол  олон улсын Олимпийн хороо Монгол Улсад санхүүгийн дэмжлэг өгөхөө зогсоож, магадгүй олимпийн хартиг зөрчсөн гэж үзэж, Монголын тамирчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй.

Угтаа энэ бүгдээс урьдчилан сэргийлж Н.Түвшинбаяр хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй шүү дээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.71
    2021/04/07

    Neg ni ugeh sehehiin davaan deer bhad alban tushaal yarisaar l bhiin

    Хариулах
  • 59.153.115.92
    2021/04/07

    Олимпоос өмнө өөрөө өрөгдлөө өгөөд чөлөөгдвөл дээр байхаа . Олимпийн багаа бодоод. Энэ их хараал хар хэл ам хар энергийг холдуул.......

    Хариулах
  • 139.5.218.162
    2021/04/06

    МОХ-ны ажлыг түргэн аваа удвал ОУОХ шийдвэр гаргаад бүх зүйл будаа болно шүү.

    Хариулах
  • 192.82.89.44
    2021/04/06

    үнэхээр өөрийг нь асарч байсан багын найзаа ийм болтол зодно гэдэг ёстой муухай араатан юм даа хүндлэл даахгүй нь харагдаж байна

    Хариулах
  • 202.9.46.184
    2021/04/06

    Түвшинбаярын толгой жаахан ажилладаг бол өөрөө өргөдлөө өгөөд бүх албан тушаалаасаа огцорвол нийгэмд эерэг уур амьсгал авчирна хэрэв тэгэхгүй бол хуулиар угаасаа ялтан болоод явж байгаа юм чинь бүх албан тушаалыг нь хурааж авна ингэвэл нэр хүндэд нь муу л байх. Начин Энхбат маань л хөл дээрээ бүрэн босоосой энэ л чухал

    Хариулах