ШӨХТГ: Үүрэн холбооны багцын төлбөр, зээлийг цугт нь тооцох нь ХУУЛЬ БУС

Т. Тэргэл
2021/04/13

Үүрэн операторууд өөрсдийн хэрэглэгчиддээ шинэ гар утас зээлээр олгохдоо өөрсдийн тодорхой үйлчилгээг тодорхой хугацаанд тогтмол авах гэрээ байгуулдаг. Үүнээс үүдэн зээлийн дүн дээр тодорхой үйлчилгээний хөлс нэмэгдэж дарамт болж, умаар зээлээ төлж чадахгүйд хүрдэг бөгөөд энэ тохиолдолд зээлийн түүхэнд нь найдваргүй зээлдэгчээр тэмдэглүүлдэг. Энэ нь тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн шударга бус явдал гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн газраас үзэж байна. 

Энэ талаар гаргасан мэдэгдэлд "Нийлүүлэгчээс гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг Үйлчилгээний гэрээний салшгүй гэрээ гэх нөхцөлийг оруулж, үүрэн холбооны багцын төлбөр, зээлийн төлбөрийг цугт нь тооцож байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дордуулж, эргэн төлөлтөд нь хүндрэл учруулж, улмаар Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллийн жагсаалтад орох нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол банкны зээлийн мэдээллийн санд орж байгаа хэрэглэгчдийн мэдээллээс үзэхэд Оператор компаниуд (Мобиком Корпораци ХХК, Мобинет ХХК, Юнител групп, Юнивишн ХХК, Скайтел групп, Скаймедиа корпораци, Жи Мобайл ХХК, ДДЭШТВ ХХК) хэрэглэгч нартай байгуулсан гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан төлбөрийн нэхэмжлэл дээр сар бүр өөрийн холбооны багцын төлбөр буюу үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн тооцож байна. Мөн тус гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид үл нийцэж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үзлээ" гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна