Сошиал “ОД”-ууд

2020 оны 10 сарын 27

Дураараа дургиж болох, ѳѳрийн санаа бодлоо чѳлѳѳтэйгээр илэрхийлэн бусадтай хуваалцаж болох сошиал орон зай бол хязгааргүй ертѳнц. Айдас ичингүйрлээ даван байж энэ орон зайд хүмүүс ѳѳрийн эрх чѳлѳѳгѳѳ мэдэрдэг байж ч болох. Богино хугацаанд бусдын постоос ѳѳртѳѳ хэрэгтэй мэдээлэл авч, эсвэл бусдаас сонсохыг хүсч буй үгээ сонсоно гэдэг хэрэгтэй боломж. Ер нь тэгээд хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ, бодлын багтаамж, мѳн чанар нь энэ орон зайд илэрч харагддаг. Гэхдээ зарим хүмүүс ѳѳрийн сул талаа нууж, сайн талаа илүү дѳвийлгѳн бусдад харуулах нь ч бий. Энэ орон зайгаар бүх хүнийг дүгнэх амаргүй. Сошиалд идэвхитэй олон хүмүүсийг “ОД” хэмээн дѳвийлгэдэг.

Гэхдээ байна шүү дээ!!! Сошиал орон зайд таныг даган баясаж, хѳѳргѳн магтдаг хүмүүсийн 20%-30% нь арай бодитой, 70%- 80% нь хѳѳс гэдгийг анзаардаг уу? Яг үнэндээ тэдний олонхи нь таныг алдаа гаргахыг хүлээж байдаг юм. Магадгүй магтаал нь атаархалтай, хандлага нь хорсолтой холилдож байдаг байх. Олон хүн энэ харьцааг 100% хэмээн тооцож ѳѳрсдийгѳѳ ихэд “тоодог”. Тэд бусадтай ихэмсэгдүүхэн харьцаж, хэтэрхий зааж сургаж, бас ѳѳрийн үйлдэл бүхнээ ихэд дѳвийлгэнэ. Гаргасан алдааны тѳлѳѳ таныг үй олон хүн шоолон тохуурхаж, доромжлон гутаахад гэнэт цочирдон балмагдаж, шоконд орон гомдоно. Дараа дараагийн алдаа тань олон хүний бах тавыг хангаж эцэстээ та “хэн ч биш” болж, энэ орон зайгаас “хѳѳгдѳнѳ”.

Тэгээд яах юм бэ, гэж үү? Сошиал орон зайд ѳѳрийн хэрэгтэй мэдээллээ олж авч, бусдад хэрэгтэй мэдээллээ л хуваалц. Хүн болгоныг хүндэлж харьц, хэн ч байж болох шүү дээ. Бусадтай маргах бол зѳвхѳн уг асуудалдаа анхаарлаа хандуул, хувийн болоод бусад асуудал руу нь бүү ханд. Сайн мэдэхгүй зүйлээрээ бүү мэдэмхийр, чи хэзээд ялагдана. Асуудлыг нэг талаас нь бус, ядаж 2 талаас нь харьцуулж дүгнэхийг хичээ. Хувийн асуудлаа аль болох дэлгэхгүй байхыг хичээ, магадгүй энэ нь хэзээ нэгэн цагт таны эсрэг ашиглагдах баримт мѳн. Ѳѳрийгѳѳ “хосгүй ухаантан” гэж сагсууралгүйгээр бусдын санаа бодлыг хүндэтгэж сонс. Хэн нэгэнд дургүй тань хүрээд байгаа бол заавал хэрэлдэлгүйгээр, харьцахгүй байх боломж нь танд бий. Юм болгоныг мэдэж, юм болгоныг шийдэж, буруу ч бай ѳѳрийн хүсэл тачаалаа бусдад бүү тулгаж бай, онигоо болно. За тэгээд ѳѳр зүйлгүй дээ.

Эх сурвалж: Г.Галбадрах

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.