МАН -ын бүлэг, МАН Засгийн аль нь худалч вэ

С.Шинэбаяр
2021/11/25

Бурхан багшийн сургаалд нүгэл гэж “бусдын эрх ашгийг хөндөж, бусдад зовлон учруулах сэдэлтэйгээр бие, хэл, сэтгэлээр дамжуулан үйлдэгдэх бүх үйлийг хэлнэ" гэж заажээ.

Гэтэл манай улстөрчид эдийн засаг хүндэрч, улс орон нь өрийн дарамтад орж, “өтөндөө” барагдах шахсан энэ цаг үед төсвийн мөнгөөр шавар бурхан бүтээхийг завдаж ард түмнийхээ өмнө том нүгэл үйлдэв. Энэ бол гарцаагүй 3.2 сая иргэнийг бие сэтгэлийн зовлонд учруулсан нүгэл мөн. Хэчнээн хүн бухимдаж, хэчнээн хүн дата, цаг заваа үрсэн бол. Бас болоогүй татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж төрдөө тушаасан 32 тэрбумаар шавар зуурна гэдгийг нь сонссон манай сошиалчид бараг боогоод үхчихсэнгүй. Үнэндээ үүнийг сонссон бурхан нь хүртэл ичсэндээ буугаад зугтмаар шившигтэй л хэрэг боллоо. Харамсалтай нь энэ шившигтэй үйл явц одоо хүртэл үргэлжилж хөшөөний жинхэнэ захиалагч нь олдохгүй, том дарга нар бие бие рүүгээ чихчихээд гүйж алга болсоор байна. Сэтгүүлчид арай гэж хэдэн гишүүдийг олж аваад санаачилсан гэдэг үгийг нь унагаад түр тайвширмаар аядаж байтал УИХ дахь МАН-ын бүлэг, Засаг газар хоёр нь асуудлыг бие бие рүүгээ чихэж балайрав.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн даваа гарагт “32 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Богд Зонхова” цогцолборыг барихтай холбоотой асуудлыг УИХ-аас төсөвт оруулаагүй. Засгийн газраас оруулж ирсэн асуудал. Засгийн газар 2021 оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ асуудлыг Соёлын сайдын багц дээр оруулж ирсэн байна лээ. Тэгээд үүний дагуу явж байгаа асуудал” гэж гишүүдийнхээ арьсыг хамгаалсан. Эрх мэдэл нь багтаж ядсан бүдүүн бүлгийн буурьтай даргын үгэнд олон нийт ч бараг итгэх шахсан.

Гэтэл өчигдөр Соёлын яамны дэд сайд М.Батбаяр сэтгүүлчдэд “байцаагдах” үеэрээ Засгийн газар энэ асуудлыг оруулж ирээгүйгээр барахгүй санаачилсан төсөвт суулгасан гишүүд нь зураг төсөлгүйгээр шавар зууруулах гэж байсан талаар өчив. Соёлын яам харин ч зургийн ажлыг нь гүйцэтгэж УИХ-аас хүлээлгэсэн үүргээ биелүүлсэн гэв. Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сард 2021 оны улсын төсвийг хэлэлцэх үед "Богд Зонхова" төслийг Соёлын яамнаас оруулаагүй” гэлээ.

Ийнхүү "Богд Зонхова"-гийн хөшөөний жинхэнэ санаачлагчийг олох ажил замрах шатандаа орлоо. Бүлгийн даргын үгэнд итгэх үү. Салбарын дэд сайдын үгэнд итгэх үү. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Соёлын дэд сайд М.Батбаяр хоёрын хэн нь хуурамч Дамбийжаа вэ. Монгол төрийн гүйцэтгэх болон хууль тогтоох хоёр том институтийг төлөөлж буй эрхмүүдийн яагаад нэгнээ үгүйсгэсэн тайлбар өгөөд байна вэ. Мэдээж энэ хоёрын нэг нь худлаа хэлсэн байж таараа. Тэгвэл чухам хэн нь вэ. Зураг төсөл ч үгүй энэ төслийг чухам хэн эрх ашгаа шингээж төдийгөөс өдий хүртэл зүтгүүлсээр байгаа бөгөөд хэн болоод тэр хүнийг нь тал талдаа хайцаалж хамгаалсаар үнэн худал яриад байгаа юм бол.

Нэгэнт төсөл нь зогсох хэмжээнд хүрч салбарын сайд нь хуулиас дээгүүр хуга томорсон яг энэ цагт л “Богд Зонхова” төслийн жинхэнэ “захиалагч”-ийг нь олж харчихаад шинэ жилээ тэмдэглэчих юмсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна