Моддыг анагаагч


Үхэл, амьдралтай тэмцсэн 18 хоног

Түүнийг Тужийн нарсыг сэргээсэн гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин Богд уулын модны хортон шавьжийг устгасан гэдгийг хэн ч мэдэхгүй. Б.Жамсран 1968 онд Москвагийн ойн техникийн дээд сургуулийг ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгсөөд Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод бэлтгэлийн аж ахуйн ерөнхий инженерээр ажиллажээ. Ингээд 1970 оны наймдугаар сарын 1-нд хот руу татагдаж Сайд нарын зөвлөлийн дэргэдэх ой, модны аж үйлдвэрийг удирдах ерөнхий газрын шийдвэрээр тус газрын харьяа ой, хээрийн түймэртэй тэмцэх агаарын харуулын албанд ойн хортны мэргэжилтнээр ажиллах болов. Учир нь дипломоо ойн хортон шавьжаар бичиж хамгаалсан тул тухайн үедээ удирдах газрын хэмжээнд ойн хортны мэргэжилтэй хүн байгаагүй юм билээ. 1971 оны гуравдугаар сарын дундуур удирдах ерөнхий газрын дарга Л.Чимэдцэрэн гуай “Энэ жил улс хувьсгалын 50 жилийн ой болно. Гадаад, дотоодын олон зочин, төлөөлөгч ирнэ. Богд уулын мод шар байх ёсгүй. Одоо юу сурсан дүнгээ тавиул” гээд үүрэг өгсөн байна.

Тиймээс МУИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч анхны шавьж судлаач, доктор, профессор А.Цэндсүрэн багштай уулзаж Богд ууланд тархсан хортон шавьжны голомтыг тогтоох судалгаанд оюутны тусламж үзүүлэхийг хүсэхэд нь 13 оюутан өгсөн аж. Ингээд дөрөвдүгээр сард оюутнуудын хамт 14 хоног Богд уулын шинэсэн ойд тархсан хортны голомттой газрыг тогтоосны зэрэгцээ А.Цэндсүрэн доктор судалгаа хийх аргачлал, зөвлөгөө өгч ажилласнаас гадна оюутнууд судалгааг сайн хийжээ. Б.Жамсран гуай тавдугаар сарын 2-ноос эхлэн өглөө 05:00-09:00, орой 17:00-21:00 цаг хүртэл АН-2 маркийн хоёр онгоцоор 18 хоног 10 мянга гаруй га талбайд хортон шавьж устгах зориулалтын хорыг цацаж, хортны голомтыг бүрэн устгасан байна. Тавдугаар сарын дундуур Иркутскээс Сибирийн хүр хорхойгоор докторын зэрэг хамгаалсан доктор энтомологч А.С.Рожков, дэд эрдэмтэн энтомологч А.С.Плешанов гэсэн хоёр эрдэмтэн урилгаар ирж хор цацсан газарт судалгаа хийж 1940-өөд оны үед Буриад улсын нутаг дахь шинэсэн ойд тархсан “Якобсоны төөлүүр” гэдэг хортон шавьж болохыг тогтоож, 98.6 хувь  нь устсан байна гэсэн дүгнэлт гаргаж удирдах газарт хүлээлгэж өгсөн аж.

Хортон шавьжийг устгахад АН-2 онгоцны нисэгч Ховдын хууз Г.Аюуш хурандаа, Архангайн н.Бат-Өлзий гэдэг ахмад цолтой хоёр нисгэгчтэй 18 хоног ниссэн байна. Энэ хоёр нисгэгч тариалангийн талбайн хогийн ургамал болон үлийн цагаан оготоныг устгах ажилд олон жил явсан туршлагатай нисгэгчид аж. Богд уулын модонд онгоцоор хор цацна гэдэг аюултай, амь дүйсэн ажил байжээ. Учир нь ойд хор цацна гэдэг модны үзүүрт 3-5 метр ойртож онгоцоор сууж өгч хорныхоо цоргыг онгойлгож хороо цацах технологитой ажил байсан. Богд уулын хортон шавьжийг устгах ажлыг дээрээс Д.Майдар дарга удирдаж байсан юм билээ. Мөн Яармагийн гүүрний зүүн урд талын өндөр ууланд 50 жил гэсэн тоон дээр мод тарьж ургуулах үүргийг манай удирдах ерөнхий газарт өгч удирдах газрын болон харуулын албаны мэргэжилтнүүд, шүхэрчид Хүүшийн амнаас тарих мод үүрч ууланд гаргаж, тарьж байсан хэмээн нийтлэлийн баатар маань 50 жилийн өмнөх дурсамжаасаа хуваалцсан юм. Хор цацах онгоцууд бэлэн, хор цэнэглэх шүхэрчид Буянт-Ухаагийн урд хөндийд 18 хоног байрлан ажиллажээ. Б.Жамсран гуай өглөө гэрээсээ гарахдаа “Эргэж ирж ч магадгүй, ирэхгүй ч байж магадгүй” гэж хэлээд явдаг байсан ажээ.

 Хөвсгөлийн хүү Сэлэнгийн хүн болсон нь

Гэр бүлийн хамт.

Б.Жамсран гуай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Буурал булнайн нурууны ард төрж, өсөн 1954 онд Согоотын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг дүүргээд Мөрөнгийн 10 жилд сурах байсан ч 1957 онд Хатгалд тавдугаар ангид орж төгсөх жил төрсөн ах нь сураггүй болжээ. Тэгсэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйд тоон бүртгэгч хийж байсан аж. Ингээд 1958 оны хавар ах нь Жамсранг авч явснаар Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр 10 жилд зургадугаар ангид орж суралцаад 1963 онд Х ангиа төгсөөд Москвагийн ойн техникийн дээд сургуульд суралцсанаар түүнийг Баттөмөрийн гэхээс илүүтэй ойн Жамсран гэх болжээ. Түүний үндсэн мэргэжил ойн аж ахуйн инженер буюу модыг хамгаалж өсгөж, үржүүлэх аж.

1972 онд Ой модны аж үйлдвэрийн яам байгуулагдахад Б.Жамсран гуайг Сэлэнгэ аймгийн мод бэлтгэл, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр томилжээ. Тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод бэлтгэлийн аж ахуйд гурван жил ажиллахдаа хойд хөрш рүү гурван сарын хугацаатай сургалтад хамрагдаж технологийн картыг нэвтрүүлэх туршлагатай болсон байв. 1973 оны тавдугаар сард гэнэт дуудаж Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн ерөнхий инженер, 1977 оны арваннэгдүгээр сарын 11-нд Цагаан толгойн улсын мод үржүүлгийн даргаар томилогдон таван жил ажиллах хугацаандаа тариалангийн талбайг хамгаалах 700-гаад га зурвас байгуулж мөн хот суурин газарт 10-15 мянган ширхэг ногоон байгууламж шилжүүлсэн аж. 1982 онд Мод үржүүлгийн газар татан буугдаж аймгийн ойн аж ахуйтай нийлэхэд дарга, 1988 оны нэгдүгээр сарын 1-нээс 1990 оны арваннэгдүгээр сарын 1 хүртэл Сэлэнгэ аймгийн анхны Байгаль орчныг хамгаалах газрын даргаар буюу өнөөг хүртэл ойн чиглэлээр 42 жил ажиллаж байна.

 Отгон гавъяат

Гэргий Л.Наранцэцэгтэй.

Монгол Улсад ойн гавьяат цолтой таван хүн байдгийн отгон нь Б.Жамсран гуай аж. Түүний хөдөлмөрийг үнэлж 2000 онд гавьяат өгөхөд зарлиг дээр нь “Ойн аж ахуйн байгууллагыг олон жил үр бүтээлтэй удирдсан, мод үржүүлгийн талбайд тарьц суулгаж бойжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн тул ойн гавьяат ажилтан цол”-ыг олгов гэсэн байжээ. Анхны гавьяатын цолыг орлогч сайд байсан Налжирмаагийн Гомбожав 1974 онд ойн байгууллагын 50 жилийн ойгоор авсан бол 60 жилийн ойгоор Ойн нэгдүгээр баазын жолооч Дамдинжав, 1994 онд Бугантын мод бэлтгэлийн аж ахуйн мод тээврийн жолооч Жангас, Шарын голын мод бэлтгэлийн аж ахуйн дарга Б.Алагаа нар авч байжээ.   

Нийтлэлийн баатрын маань гэр бүлийн хүнийг Л.Наранцэцэг гэдэг. Тэд 10 жилд байхдаа танилцжээ. Түүний гэргий гурилын үйлдвэрийн лаборант, Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн тооцоологч, Цагаан толгойн сангийн аж ахуйд тооцооны нягтлан гэсэн ажлыг хийж байсан гэв. Жамсран гуайг аймгийн ойн аж ахуйн даргаар ирэхэд нь ахуйн үйлчилгээнд оёдлын тооцоологч, холбоонд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан байна. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг ойн мэргэжилгүй ч хашаандаа найман төрлийн мод тарьжээ. Гэргийнхээ тарьсан зарим модны нэрийг Жамсран гуай мэдэхгүй гэж байсан. Эднийх долоон хүүхэдтэй, тэдний тав нь аавынхаа мэргэжлийг өвлөн улс эх орныхоо ногоон байгууламжид хүчин зүтгэж явна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээр эх орныхоо газар нутгийг цөлжилт, ойн хомсдол, бэлчээрийн доройтлоос хамгаалах зорилгоор 2032 он хүртэл нэг тэрбум мод тарих амлалт авсан. Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулахаар бүх сумынхаа төлөөллийг оролцуулсан зөвлөгөөн болсон. Үүнийг ойн инженер маань сэлэнгэчүүдийн хувьд мод модлог болон бутлаг, жимс жимслэг модыг тарьж ургуулж чаддаг олон жилийн туршлага бий. Иймээс 20 сая мод тарьж ургуулах боломжтой гэж мэргэжлийн хүний хувьд итгэлтэй байна. 1960 оноос Монголын Мичурин хэмээн нэрлэгдэж байсан Шагдар агсны Шаамарын хөрсөнд тарьж нутагшуулсан алимны мод, Дамбадаржаа агсны тарьж ургуулсан Цагаан толгойн алим, жимс, жимсгэний цэцэрлэгээс эхлээд 1980-аад оноос мод үржүүлгийн талбайд нарс, шинэсний үрийг хүлэмжинд болон ил талбайд ургуулсан 30 гаруй жилийн туршлага гээд ер нь модлог, бутлаг, жимслэг мод тарьснаараа сэлэнгэчүүд бусад аймгаас анхдагч нь байж магадгүй юм. 10 жилийн хугацаанд жил бүр хоёр сая мод тарьж ургуулах шаардлагатай. Цөлжилтийг зогсоох, ойг нөхөн сэргээх, тариалангийн талбайг хөрсний эвдрэлээс хамгаалах, ногоон байгууламж бий болгох ажлыг хийж эхэлнэ.

Энэ ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд зөв төлөвлөлт, хуваарилалт, зохион байгуулалтыг жил жилээр нь урьдчилан гаргасан байх шаардлагатай. Хаана ямар зориулалтаар ямар хэмжээний газарт ямар үүлдрийн шилмүүст болон навчит модыг үрээр, тарьцаар, суулгацаар тарихыг шинжлэх ухааны үндэстэйгээр тооцож тарьж ургуулна гэдгийг мөн хэлж байсан юм.      

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна