Эрчим хүчний салбарыг аврагч

Zuv.mn
2024/06/17

Б.Чойжилсүрэн 2020 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшиж,  21,378 санал, 48.94 хувийн дэмжлэгээр сонгогджээ. Энэ нь түүний хувьд дөрөв дэхь удаагийн ялалт байсан юм.

Б.Чойжилсүрэн 1988 онд Увс аймгийн 10 жилийн II сургууль, Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн, автоматикч, телемеханикч мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд ОХУ-д найзуудынхаа хамт "СП-Каман" компанийг байгуулж, үүнээс хойш “Эрэлтийг ол, түүнийг ханга” гэдэг зарчмаар бизнесийн салбарт 13 жил зүтгээд төрийн албанд шилжээ. Төрийн албанд шилжихдээ шууд Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар эхэлж байсан содон намтартай. 2008 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Түүнээс хойш тасралтгүй УИХ-д сууж байна.      

Анх юм ярьж чаддаггүй гэж шүүмжлүүлдэг байсан ч үнэндээ төсөв санхүүтэй холбоотой бүх ажлын хэсгүүдийг ахалж, ажил нугалдаг байсан юм билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг тэр үед санаачилж батлуулахдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд энэ чиглэлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулсан хувь хүн, аж ахуйн нэгжийг эдгээр төрлийн татвараас чөлөөлөх агуулга оруулсан байх жишээтэй.    

Өнгөрсөн дөрвөн жилд ч Чөлөөт бүсийн тухай тэргүүтэй хуулиуд дээр ажиллахдаа хувийн хэвшилд ээлтэй байлгахыг эрмэлзэж ажилласан байдаг.   

Тэрбээр 2022 онд Эрчим хүчний яамны сайдаар томилогдсон явдал түүнийг улстөрч, төрийн зүтгэлтний хувиар олон нийтэд шинээр танилцуулсан гэж болно.

Манай улс гадаад худалдаагаараа БНХАУ-аас, эрчим хүчээрээ ОХУ-аас хараат гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Одоогийн байдлаар нийт эрчим хүчнийхээ 80 орчим хувийг дотоодоосоо хангаж, 20 орчим хувийг хойд хөршөөсөө импортолж буй.

Б.Чойжилсүрэнг ажил авах үед энэхүү дотоодын 80, гадаадын 20 хувийн эх үүсвэр хоёулаа эрсдэлд ороод байсан бөгөөд тэрбээр зориг гарган асуудлыг шийдсэн юм.

Хүндрэлтэй байдлын гол шалтгаан нь эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал болж хувирсан тарифын тогтолцоо байсан бөгөөд 2020 онд 45, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байв. Яаралтай арга хэмжээ авахгүй бол 2022 онд 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай буюу 1.8 их наяд төгрөгийн зарлага гаргаж, 1.6 их наяд төгрөг олох ийм л эгзэгтэй үед тэрбээр эрчим хүчний салбарыг хүлээж авсан юм.

Эрчим хүчний зохицуулах хороог хүмүүс Эрчим хүчний яамны харьяа байгууллага гэж ойлгох нь бий. Гэхдээ тийм биш, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнийн зохистой бодлого барих үүрэгтэй Засгийн газрын харьяаны агентлаг юм.

Тийм ч учраас Эрчим хүчний яамнаас үнэ нэмэх санал өгдөг, Эрчим хүчний зохицуулах хороо татгалздаг байдлаар явсаар салбар дампуурлын ирмэгт тулаад байлаа. Тодруулбал, 696 000 цахилгаан хэрэглэгч, 286 000 дулаан хэрэглэгч айл өрхийн үнэ тарифыг ээлжит удаагаа нэмэлгүй хамгаалж үлдээд байв. Эерэгээр хэлбэл, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ч, нөгөө талаас харвал, Засгийн газар бол цаад утгаараа эрх баригч нам тул сонгуульд ялж, төрийн эрх мэдлийг үргэлжлүүлэн атгах хүсэлдээ хөтлөгдөн үнийг хүчээр барьдаг. Тиймээс л яамнаас гаргасан үнэ нэмэх хүсэлт ЭХЗХ дээр очоод унадаг, ДЦС, уурхай, эрчим хүч түгээлтийн компаниуд бүр болохоо байхаараа шаардлагатай хөрөнгөө тус байгууллагад хүсэлт тавьж, гуйж байж улсын төсвөөс шийдүүлдэг байдалд орчихсон.

ЭХЗХ нь бас цаашаа Сангийн яамнаас гуйна. Ингэж явсаар салбараа тартагт нь тулгачихсан байсан.

Харин Б.Чойжилсүрэн сайд салбар хариуцаад ямар ч ашиг сонирхлын зөрчилгүйгээр /суурь үнэ нэмсэн улстөрчийн чансаа уруудах өндөр магадлалтай байдаг/ асуудлыг гарган тавьж, үнэ тарифыг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо болон Засгийн газартай зөвшилцөн гаргуулж чадсан юм. Энэ бол яг үнэн хэрэг дээрээ эрчим хүчний салбарыг зайлшгүй тулах дампуурлаас аварсан хэрэг байв.  

Сайд нь өөрчлөгдсөн салбарууд сандал ширээ, халаа солионы хэрүүлтэй байхад Эрчим хүчний яам ямар ч хуваагдалгүй, хуучин сайд нь яамныхаа тамгыг бариад, шинэ сайд нь хийсэн тооцоо, ажлыг нь сугавчлаад УИХ руу орж явчихсан. Үүний хүчинд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэг л чиг үүргээ хэрэгжүүлж байсан Эрчим хүчний зохицуулах хороо үнийг зохистой хэмжээнд тогтоох өөр нэг чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн зөв чиг хандлага руу орсон байдаг.

Засгийн газар хамгийн сүүлд 2019 онд эрчим хүчний үнийг 27 хувиар нэмэгдүүлснээс хойш эрчим хүчний өөрийн өртөг 28 хувь, сэлбэг материалын үнэ 45 хувиар өсөөд байсан бөгөөд Б.Чойжилсүрэн сайд Эрчим хүчний зохицуулах хороотой ойлголцсоны ачаар 14 хувиар нэмэгдүүлж, салбараа дампуурлаас аварсан түүхтэй.

Тэрбээр салбараа авраад зогсохгүй, цаашдаа үнэ тарифыг индексжүүлж тогтоох механизмыг бий болгосон билээ.

Эрчим хүчний үнийг либералчлах ёстой гэж бүгд ярьдаг ч хэн ч зүрхэлж хийж байгаагүй ажлыг тэрбээр ингэж эхлүүлсэн юм.

Тариф нэмэх нь нэг талдаа иргэдийн нуруун дээр ирэх ачааг нэмж байгаа мэт боловч нөгөө талдаа хэрэглээгээ оновчтой болгох замаар ачаа үрэхгүй ч байж болох боломжийг иргэдэд олгож байгаа хэрэг. Үнэ 30 хувь өслөө, хэрэглэгч хэрэглээгээ зохистой болгож /технологийн шийдлүүд ч бий/ 30 хувь хэмнэлээ, эрчим хүчний салбарын орлого 30 хувь өсөж, найдвартай ажиллах бүрдлээ гэсэн ийм л үйл явц өрнөнө гэсэн үг.   

Чухамдаа үнэ хямд байснаас болж иргэдийн хэрэглээ замбараагүй болж, эрчим хүч өөрөө хязгаарлагдмал нөөц учраас бүхэлдээ хүнд байдалд орж байгаа дүр зургийг Б.Чойжилсүрэн өөрчлөхөөр зориглосон. Тэрбээр асуудлыг шийдэхдээ зөвхөн үнэ нэмэх арга хэрэглэсэн гэж хэлж болохгүй. Зэрэгцүүлээд эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох асуудлыг төр засгийн №1 зорилт болгож, өдгөө түүхэнд байгаагүй олон эх үүсвэрийг /Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Багануур/ барьж байгуулахаар төсөв хөрөнгийг нь шийдсэний зарим нь ашиглалтад ороход тун ойртоод байгаа билээ. 

Монголчуудын хийх л ёстой алхам хагас кокс руу хийх шилжилтийг тэрбээр эхлүүлэх гэж оролдсоныг энд дурдаж болно. Үнэндээ бид өөрсдөө дотооддоо үйлдвэрээ барингаа БНХАУ-даа дайвар бүтээгдэхүүн болж, хааш нь хийхээ мэдэхээ больчихоод буй хагас коксыг оруулж ирэх нь монголчуудын хувьд эрүүл мэндээ бодсон, хийхэд буруудахгүй л алхам байсан. Гэвч сөрөг хүчний шахалтаар энэ ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    2024/06/21

    мөнч худал магтах юмаа магтуулж байгаа нь ч улайхгүй дүрдээ бүүр итгэсэн байх юм нүдний булай юмаа

    Хариулах
  • 202.170.66.3
    2024/06/21

    ЭХ-ий салбарыг либералцлах хэрэгтэй. Энэ хагас кокс бол үнэхээр Хятаддаа хог болж байгаа. Эрчим хүч, химийн үйлдвэрийн хаягдал нь шахуу юм байна лээ

    Хариулах