Ц.Эрдэнэбат: Технологийн эринд амжилттай яваа улс орнуудын удирдлагад салбар салбарын технократууд нь байдаг

Х.Есү
2024/06/17

Цэнддоржийн Эрдэнэбат төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машин, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар үзүүлж буй Гэрэгэ киоск, киоскийнхоо бүхий л үйлчилгээг гар утаснаас авах боломжтой “Гэрэгэ апп” зэрэг иргэдийн цагийг хэмнэх технологийн шийдлүүдийг зохион бүтээгч. 

МУИС-ийг Хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, МУИС-даа гурван жил багшлахын зэрэгцээ суралцаж, Компьютерийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Улмаар УИХ-ын Тамгын газарт компьютерийн сүлжээ, сервер хамгаалалтын чиглэлээр буюу сүлжээний инженерээр есөн жил ажиллахдаа Төрийн ордны компьютерийн сүлжээг шинэчлэн байгуулсан инженер, зохион бүтээгч хүн юм.
2008 оноос АНУ-ын ДеВрай их сургуульд мэдээллийн системийн удирдлагын чиглэлээр суралцахын хажуугаар  технологийн компаниудад нь ажиллаж, ур чадвараа үнэлүүлсэн залуу инженер нутаг буцах болов. Тухайн үед Америкийн зах зээлд нэвтэрсэн дэвшилтэт технологиудын нэг нь Ipad байв. Энэ төхөөрөмжийг ашиглавал УИХ-ын 76 гишүүдэд тараадаг хуулийн төслүүд гэх зузаан зузаан хэвлэмэл материалаас татгалзаж, цаас, цаг хэмнэх шийдлийг УИХ-ын Тамгын газарт удаан ажилласны хувьд олж харжээ. Гишүүдийн гар утас, Ipad-д хуулийн санг нь үүсгэх, программ хангамжийг нь зохиож хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг Ц.Эрдэнэбат инженер өөрөө гардан хийхээр 2011 онд Америк дахь ажлаасаа хагас жилийн чөлөөгөөр ирсэн байна. Энэ төслөө жил орчим хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн ч буцалгүй Монголдоо үлдэж, мэдээллийн технологийн чиглэлээр ахисан түвшинд ажиллах хувийн компаниа байгуулан өнөөг хүртэл ажиллаж байна. 
-Таны мэргэжлээ сонгох 1990-ээд оны эхэн үед компьютерийн талаар мэдлэг, мэдээлэлтэй хүн олон байгаагүй болов уу. Та яаж мэдэж мэргэжлээ сонгов оо? 
-Тэр үнэн. Би ч гэсэн хэзээ хойно, 7-8 дугаар ангид байхдаа анх компьютерийн бараа харсан. Намайг МУИС-д 1992 онд элсэх үед компьютерийн анги байгаагүй, дараа жилээс нь МУИС-д компьютерийн анхны ангиуд нээгдсэн. Би компьютерт сонирхолтой учир Онолын математикийг сонгоогүй, Хэрэглээний математикаа сонгож сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзнэ, шалгалтаа өгнө. Үүний хажуугаар программ хангамжийн багш нартайгаа илүү ойр байж, программ хангамжийн улсын олимпиадад оролцох зэргээр компьютерийн чиглэлээ дагнаад явчихсан. Математик гэхээс илүү Компьютерийн лабораторид л өнждөг оюутан байв. Оюутнуудын дунд зохион байгуулдаг Монгол Улсын программчлалын олимпиадад 1993 онд  хүрэл, 1994 онд мөнгөн медаль авч байлаа. 1995, 1996, 1997 онуудад нь олимпиад болоогүй, завсарлачихсан юм. Ер нь математикаасаа илүү компьютероо сураад төгссөн дөө.
-Америк руу явсан тань хэдэн он байв. Очоод юу хийв? 

-Америкийн Деврай их сургуульд сурахаар 2018 онд явсан. Хурааж цуглуулсан хөрөнгөгүй хүн чинь сурахын хажуугаар ажил хийнэ. Тэр үед freelancer буюу өөрөө өөртөө ажил олгогч гэх нэршил моодонд орчихсон. “Би ийм юм чаддаг. Надаар хийлгэх ажил байна уу?” гэсэн зар сайтуудаар дүүрэн. Эхлээд 20-30 доллараар бага сага программ бичлээ. Ийм ажил өдөрт 5-10-ыг хийчихнэ. Ажлаа гүйцэтгэл сайтай хийгээд байхаар оноо нэмэгдэж, сүүлдээ том том даалгавар авдаг болов. Тийм байдлаар хоёр жил орчим ажилласан. Дараа нь технологийн компанид нь ажиллаж үзэхээр шийдсэн. Америкийн тогтолцоо нь чамд Америкт ажилласан туршлага байхгүй бол туршлага шаардахгүй цөөн хүнтэй, жижиг компаниас нь эхлэн ажиллаж өөрийгөө таниулах, үр дүнтэй ажиллаж үнэлэгдвэл дараагийн арай том компаниас санал ирэх жишээтэй. Би нэг франц залуугийн үүсгэн байгуулсан AR, VR технологийг хөгжүүлэгч “Total immersion” гэж стартап компанид ажилд орсон. Тэнд хийсэн миний анхны төсөл бол Лос-Анжелесийн музейн захиалгаар VR технологи нэвтрүүлэх программ хангамжийн ажил байв. Тус музейн цагаан толгойтой бүргэдийг 3D-гээр зурж, хөдөлгөөн оруулсан. Тэр үеийн бичлэг одоо Ютүбт бий. Бас нэг төсөл нь US Аirforce гэж Тэнгисийн цэргийн нисэх хүчний сурталчилгааны ажил. Иймэрхүү ажлууд хийснээр “VR технологийг хөгжүүлэгч”-ийн сертификатыг тэр компаниас надад өгсөн. VR-ийн хамгийн анхны монгол хөгжүүлэгч нь би байх шүү.  Дэлхийд AR, VR технологи одоо л моодонд орж байна шүү дээ. 
Тэндээ найман сар ажиллаад, УИХ-ын гишүүдэд тавих Ipad-ны программ хангамжийг бичих ажил гарч буцаж ирсэн. Тэгэхээр Монголын анхны Apple буюу IOS хөгжүүлэгчдийн нэг юм байна.
-Төрийн үйлчилгээ авах гэж албан байгууллагын үүд сахих биш автомат машинаас авах  санааг Та анх яаж олсон бэ?
-2011 онд ТҮЦ машины загварыг анхлан боловсруулж, тухайн үеийн Шадар сайд Н.Алтанхуягт танилцуулсан юм. Дараа нь тэр хүн Ерөнхий сайд болж энэ ажлыг хэрэгжүүлсэн боловч би хэрэгжүүлэх ажилд нь оролцож чадаагүй л дээ. Энэ бол оюуны өмчийн том хулгай. Хөгжсөн улсад бол шоронд ордоггүй юм гэхэд маш өндөр төлбөр торгуульд унах гэмт хэрэг юм. ТҮЦ машин хэрэглээнд нэвтэрч нийгэмд том дэвшил авчирсан ч тэр машиныг цааш хөгжүүлж, санаа тавилгүй орхисноос одоо алдаг оног ажиллагаатай хэдхэн машин л үлдсэн харагддаг. Аргагүй шүү дээ, бүтээгчид нь бүтээлээ хөгжүүлнэ үү гэхээс хулгайчид чадахгүй. Технологийг тасралтгүй шинэчилж, сайжруулж байхгүй бол маш амархан хоцрогддог. 
2017 онд “Гэрэгэ системс” компаниа байгууллаа. ТҮЦ машинаас сайн юм хийх санаа байгаад байдаг. Тэр санаа улам төгөлдөршсөөр өнөөгийн “Гэрэгэ киоск”-ийг бүтсэн юм. Киоск машин дээрээ R&D судалгаа шинжилгээ хийж, тасралтгүй хөгжүүлсэн. Бид хэд хэдэн автомат машин хийсэн дээ. Анх 450 кг, дараа нь 270 кг жинтэй аварга том машинууд хийж байв. Тэр машинаар иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх хэвлэх зориулалттай, олон үйлдэлтэй, харахад их үзэмжтэй том киоск л доо. Нэг дуталдал нь хэтэрхий хүнд, анхны машинаа бараг л кранаар өргөж зөөдөг байлаа. Дараа нь арай жижиг болгож, сүүлд маш хөнгөн сугавчилж аваачаад хананд байрлуулчихдаг өнөөгийн хавтгай загварыг гаргасан. Хүмүүсийн нүдэнд машин л харагдана. Машины цаана өөрийнх нь программ хангамж, бүх үйлчилгээг нь зохицуулдаг сервер, үйлдлийн нэгдсэн систем нь маш ухаалаг хийгдсэн компьютер юм. Өөрчлөлтүүдээ тэр даруйд нь таньж, өөрийгөө сайжруулаад өөрөө асдаг автомат машин. 
“Гэрэгэ киоск”-оор давхардсан тоогоор жилд таван сая хүнд үйлчлүүлж байна
-Гэрэгэ киоскоор өнөөдөр төрийн хэчнээн үйлчилгээ үзүүлж байна вэ?
-“Гэрэгэ киоск”-оос төрийн 55, хувийн хэвшлийн 600 гаруй үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой. Үүнээс гадна үйлчилгээний төлбөрийг цааш нь 600-700 данс руу машин өөрөө тооцоолж, автоматаар хуваарилдаг. 2019 онд анхны киоскоо Авто тээврийн үндэсний төвд тавьж, орон нутгийн тээврийн билет бичдэг болов. Дараа нь Татварын ерөнхий газарт байршууллаа. 2019 оны сүүлчээр хамгийн их ачаалалтай ажилладаг УБЕГ ойлгож, киоск машиныг дотроо байршуулсан. Улсын бүртгэлийн үйлчилгээ нэвтрээд ирэхэд төрийн бусад байгууллагууд үйлчилгээгээ холбож эхэлсэн. Одоо бол төрийн үйлчилгээ бараг 100 хувь Гэрэгэ киоскод орсон. Өнөөдөр бид жилд давхардсан тоогоор таван сая хүнд үйлчилж байна. Монголд таван сая хүнд үйлчилдэг төрийн байгууллага гэж байхгүй л дээ. Төрийн үйлчилгээний 70 хувийг дангаараа гүйцэтгэдэг УБЕГ-аар жилдээ 1.7 сая ширхэг үйлчилгээ үзүүлдэг. 
-Технологийг хөгжүүлснээр танай компани төрийн томоохон зардлуудыг хэмнэжээ?
-Төрийн байгууллагуудын байр, цалингийн зардал гээд маш их урсгал зардлыг хэмнэхээс гадна татвар төлбөрийн орлого төвлөрүүлэхэд хувь нэмэр оруулсаар байна. Төрийн үйлчилгээг автоматчилсны төлөө төр олж байгаа орлогоосоо тодорхой хувь өгөх ёстой юм. Дэлхий даяар системийн үйлчилгээ үзүүлж байгаа технологийн компанидаа орлогынхоо 5-10 хувийг өгдөг, түүгээр нь компани зардлаа нөхөж, системийн доголдол үүсвэл төр биш компани нь хариуцаад сайжруулж явдаг юм. 
-Шинэчлэн гаргасан Гэрэгэ апп киоскоосоо ямар онцлогтой вэ?
-Бид киоскийн хийдэг бүх  үйлчилгээг үзүүлж чаддаг апп бүтээхийг зорьсон. Бидний хэрэглэж байгаа ухаалаг утас бол жижиг компьютер юм. Ухаалаг утас трэнд болсон учир апп-аа хөгжүүлэхэд төвлөрснөөр анх гаргасан апп бол Гэрэгэ. 2018 онд Гэрэгэ компанийн нээлт хийж, гэрэгэ апп-ыг танилцуулсан. Апп дээр анхаарал тавьж жил гаруй ажилласан ч биднээс үл хамаарах асуудлууд гарч ирсэн. Монголд олон зуун апп хийгдсэн ч нийтийн хэрэглээ болоод бужигнуулаад байгаа нь ховор л доо. Хүн болгон ухаалаг утастай нь үнэн боловч хүн болгон дата-тай байдаггүй юм байна. Төлбөр тооцоо онлайнаар хийгдэж байх ёстой атал апп дээрх төлбөр тооцооны систем өнөөг хүртэл  шийдэгдээгүй, банкны хараат байдалтай. Дундын төлбөр тооцооны шийдэл байхгүйгээс апп-ы үйлчилгээнүүд унаж байгаа юм. Тиймээс байгалийн шалгарлаар гэх үү киоск нь түрүүлээд хөгжчихсөн.  
-Киоск хаана байна гэж хайж явахгүй утсандаа апп-аа татсан байхад төрийн үйлчилгээг авах боломжтой гэсэн үг үү?
-Гар утсандаа апп-аа татсан байхад үүгээрээ иргэний үнэмлэхээ уншиж, банк орохгүй, пос машин хэрэглэхгүй гүйлгээ ч хийнэ. Энэ бүх дутагдлын нөхсөн апп гаргасан. Гар утас чинь пос машин болно гэсэн үг. Дээр нь иргэний үнэмлэхтэй холбоотой үйлчилгээнүүд, цахим гарын үсгийн хэрэглээг тэлэх хамгийн том суваг бол энэ.
-Танай компанид мэдээллийн технологийн нэг том баг ажиллаад байна аа даа? 
-Томоос гадна чанартай сайн баг байна. Инженерүүд ч дотроо ур чадвараараа ангилагдана. Монголд энэ 30 жилийн хугацаанд 100 мянган хуульч бэлдсэн гэдэг. 30 жилд бид 3000 хүрэхгүй IT-гийн инженер бэлдсэн. Жилд 50-60 гарч байсан, одоо 100 дөхөж байна. Үүний 70-80 хувь нь гадаадад гарсан. IT-гийн мэргэжилтний онцгой хомсдолтой байна. Монголоосоо чадварлаг инженерүүдийг олж, цуглуулж үр дүн гаргах нь технологийн компанийн үндсэн зорилго байдаг. “Гэрэгэ”-д онгиролгүй хэлэхэд онцгой сайн баг цугларсан. 
Ямар ч мэргэжил эзэмшсэн код бичиж сурцгаа. Машин яаж ажилладгийг ойлго, дүү нар минь 
-Дунд сургуулийн 12-р ангийнхан төгсөлтийн болон ирээдүйн мэргэжлээ сонгох элсэлтийн шалгалтдаа бэлдэж байна. Энэ үед IT-гийн мэргэжлийг сонговол ямар давуу талууд бий болох вэ? 
-Технологи бүх салбарт орчихлоо. IT-гийн мэргэжил эзэмшинэ гэхээс илүү хүн бүхэнд жолооч болох шаардлага үүссэн шиг ямар ч мэргэжлийн хүнд IT-гийн мэдлэг, энгийн түвшний кодингийн мэдлэгтэй байх нь зайлшгүй эзэмших ёстой ур чадварын нэг болсон. Учиргүй мэргэшиж, гүнзгий ордоггүй юм гэхэд ойр зуурын код бичдэг байвал салбар салбартаа давуу талтай болно. Код бичдэг эмч байвал эмч нар дундаа ялгарна. Америк, Австралид код бичдэг геологич нар мэргэжлийн ажлаа кодингтойгоо холбоод өөрөө бичиж, цаашаа хиймэл оюун ухааныг сургасан янзын янзын шийдлүүдийг уул уурхайн салбарт гаргаж ирж байна. 
Тийм хүмүүс нь салбартаа илүү үнэлэгдэж байна. Үндсэн мэргэжилд нь асар том дэмжлэг үзүүлэх ур чадвар юм. Тэгэхээр ямар ч мэргэжил эзэмшсэн бай дүү нар минь код бичиж сурцгаа, машин яаж ажилладгийг ойлго. Ирээдүйд чи тэртээ тэргүй машинуудын дунд амьдарна, тэднийгээ яаж удирдахаа мэдэж байх хэрэгтэй шүү дээ. 
-Технологийн бизнесийн хөгжлийн дэлхийн чиг хандлага ямар байдаг вэ? 
-Бид нар дэлхийн чиг хандлагаа хараад мөрөөдлөөрөө ажилладаг. Монгол бол дэлхийгээс  тэс өөр уруугаа харчихсан. Дэлхий дээр болдог бүхэн Монголд ирэхээр болохоо байчихдаг. 
-Яг юу нь тэр вэ?  
-Ялангуяа технологийн шийдлүүд дээр. Инноваци бол цоо шинэ зүйл учир дүрэм журмыг зөрчиж бий болдог. Гадаадад бол их энгийн хэрэглээ, Монголд хэрэглэе гэхээр баахан дүрэм журмуудтай нь зөрчилдөөд юу ч хийж болдоггүй. Тэгсэн атлаа инноваци хий гэдэг. Хууль дүрэм журам бол амьдралд бий болсон харилцааг зохицуулах гэж араас нь гардаг. Тэр нь одоо арай дээр болж байна. 
Нэг шинэ зүйл хийхээр “наадах чинь болохгүй” гээд бүх талаас нь хаадаг хориг саад технологийн салбарт хамгийн их ажиглагдаж байна. Энэ бүх бэрхшээлээс болоод технологийн салбарт маш олон залуучууд сонирхолтой төсөл эхлүүлсэн ч ихэнх нь орхилоо.  Нэг үе технологийн маш олон спартап компани бий болсон, чамгүй хөрөнгө оруулалт татаж ажиллацгаасан. Тэднээс тэсэж үлдсэн нь цөөхөн дөө. Манай улсад технологийн салбар ажиллах хөрс суурь, эрх зүйн орчин буруу байна гэсэн үг. Технологийг хэн эзэмшиж, хэн зөв ашиглаж, хэн бүтээж байна тэр улс л хөгжиж байна шүү дээ. 
-Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсноор асуудал хэр зэрэг шийдэгдсэн бол?  
-Салбарын яам чадлаараа ажиллаж байна. 400 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж дижитал баримтыг хүлээн зөвшөөрүүлж, хууль эрх зүйн гарц нээж байна. Энэ бол маш том ажил. Үүний цаана шийдэх асуудал ч их байна. Технологи хууль журмыг тоохгүй, өөрийнхөө жамаар  хөгждөг. Нэг юм хийе гэхэд заавал нэг хуулийн заалттай тулдаг, тэгээд нэг дарга өөр дээрээ дуудах гээд байдаг. Энэ бол Монголд олон жил явж ирсэн авлигын тогтолцоо юм. Заавал өөрөөсөө хамааралтай байлгаж тэр хүн авлигаа авна шүү дээ. Ингэж байж ажил нь ахидаг, үгүй бол үйл ажиллагааг нь цуцална гэдэг. Энэ тогтолцоо амь бөхтэй оршсоор байна. 
30 жилийн өмнө Монголд  “Монел” компьютер хийж байхад “Самсунг” талх шарагч хийж байлаа
-Хүнд суртал, авлигыг арилгах гарц нь технологи юм байна. Технологи хамгийн шударга уу? 
-Технологи хүн биш машин учир ямар нэг найраанд орохгүй, авлига авахгүй, нэхэхгүй. Яаж программчилна, тэгж л ажиллана. Шударга бусаар программчилбал шударга бус л ажиллана л даа. /инээв/ Гэхдээ нийтийн хэрэглээний системийг шударга бусаар программчлах ямар ч боломжгүй. Авлигаас салах үндсэн арга механизм бол яах аргагүй технологи. Америк, Япон зэрэг хөгжсөн орнууд технологийг хөгжүүлсэн учир авлигын асуудлыг шийдэж чадсан. Өдөр тутамд хүний амьдралд оролцдог харилцаанд нь авлига байхгүй, тэнд нь систем ажилладаг гэсэн үг. Нэг хүн төрийн үйлчилгээ авна гэхэд 30 жил болсон систем нь ямар ч асуудалгүй ажиллаж  байдаг. 
-Технологийг бүтээдэг, гарц шийдлийг нь зурдаг хүний хувьд Монгол Улсад хийх ажил хэр их байна вэ? 
-Байхаар барах вэ дээ. Маш энгийнээр шийдэх асуудлыг 2-3 жилээр хуралдаад ч шийдэж чадахгүй болохоор нь гайхдаг. Төсвийн хэчнээн их хөрөнгө үрээд байдаг, тэгээд ч шийдэгддэггүй. Уг нь тэгж их цаг хугацаа зарахгүйгээр “Энийг засъя” гээд компаниуддаа  хүсэлт тавибал дор нь хийгээд өгнө. Бид сүүлдээ үнэгүй хийж өгье гээд байгаа. Жишээлбэл, “Авто тээврийн салбарт машины бүртгэлээсээ эхлээд буруу байна. Суурь бүртгэлээ засахаас эхэл” гээд тайлбарлахад сайд нар нь ойлгодог юм. Яг хийе гэхэд дундаас доод шатандаа очоод л замхардаг. Агентлагт ажиллаж байгаа IТ-гийн багийнхан нь гацаадаг. Технологийн компани төртэйгээ хамтарч ажиллах нэгж нь аль ч газрын Мэдээллийн технологийн хэлтэс. Төрийн байгууллагуудаас биднийг дэмжиж ажилласан нь маш цөөхөн. Шат шатандаа асар олон ажлыг нураасан. 
-Ойлгохгүй байна уу? 
-Ойлгохгүйдээ биш, аль ч газарт хувийн амбиц хөөсөн хүмүүс байдаг. Дарга нь технологи мэдэхгүй, болох талаас нь яривал ажил явах гээд байдаг. 100 хувь сайн зүйл гэж байхгүй л дээ. Технологид ч сөрөг тал байдаг. 99 хувь нь сайн, 1 хувь нь асуудалтай зүйлийг унагаая гэвэл нэг хувийг нь ярихад л ажил зогсдог. Асар олон асуудлыг шийдэж байсан технологи яг ийм замаар унасан. Олон салбарт системийг нь бичиж бэлдээд, “Ингэж ажиллуулбал зүгээр. Бид үнэгүй хийж өгье, үйлчилгээнээсээ багахан төлбөр өгөхөд болно” гэдэг л санал тавьдаг. Энэ бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны их зөв модель. Үүнийг нутагшуулах гээд дийлэхгүй байна. Сүүлдээ ер нь сөхөрч байна. 
-Шалтгаан нь юу вэ? ЦХХХ-ны сайд нь бас энэ талаар хөндөж яриад байх шиг байна л даа?  
-Дунд, доод шатны авлигачидаа төр өөрөө хянаж чадахаа больсон. Ямар ч сайд ирсэн “Сайд ирж л байдаг, би байж л байдаг” гэсэн хандлагатай. Нүүрэн дээр нь тэс өөр өнгөөр ярьчихаад, цаагуураа хорлож байдаг ийм бүхэл бүтэн давхарга байна. Энэ давхаргыг технологи л арилгана. Н.Учрал сайдын хийж байгаа ажилд шүүмжилмээр юм байдаг, өөрт нь ч хэлдэг. Гэхдээ салбарын хөгжлийн төлөө Н.Учрал сайд шиг байр сууриа хамгаалж, тууштай зүтгэсэн сайд өмнө нь гарч ирээгүй. Энэ бол анхны тохиолдол, тиймээс би талархаж дэмждэг юм. 
-Та мэдээллийн технологийн салбарт олон жил ажиллаж болохгүй бүтэхгүй, болж бүтэж байгаа бүгдийг өөрөө харж, дүгнэж яваа хүн. Шийдвэр гаргах түвшинд танай салбарыг ойлгох, тантай нэг хэлээр ярих хүн ер нь байдаг уу. Та УИХ-ын сонгуульд яагаад нэр дэвших болов? 
-Монгол Улс зах зээлийн нийгмийг сонгоод 30 жил болсон ч технологи хөгжих хөрс суурь нь тогтохгүй байна. Хөрс суурь гэж би эрх зүйн орчныг хэлж байгаа юм. Монголд “Монел” гэж мундаг компани байлаа. Миний анх харсан компьютер бол “Монел”-ын ах нарын бүтээсэн компьютер. Монгол яаж буруу явсан нь “Монел”-ийн жишээн дээр тодорхой харагддаг. Солонгосын “Самсунг”, манай “Монел” хоёр нэг жил байгуулагдсан. Тэгэхэд өнөөдөр Самсунг ямар болов? Дэмжиж чаддаг, зөв улсдаа технологи яаж хөгжиж байгаагийн тод жишээ энэ. “Монел” компьютер хийж байхад “Самсунг” талх шарагч хийж байсан гээд бод доо. Монголчууд түрүүлж явсан юм. Төрөөс нь дэмжээд тэр эрчээрээ явсан бол хаа хүрэх байсан бол? гэж харамсдаг. Буруу тогтолцооны уршгаар тэр гайхалтай оюун ухаан үнэлэгдсэнгүй. Манай хэдэн залуус тууштай зүтгэсээр “Эхлэл” гэж гар утас хийсэн. Буруу тогтолцоотой нийгэмд дотоодынхоо дарамт шахалтын дор хана мөргөж, дампуурсан. Одоо тэр залуус Хятад руу гараад ажиллаж байна. Тэр залуучууд хэдхэн жилийн дараа нэлээд сайжраад гарч ирнэ, харж л байгаарай. 
Тийм учраас би мэдээллийн технологийн салбарт 30 жил ажилласан туршлагадаа тулгуурлаж, ирээдүй хойч үеийн залуустаа зөв хөрсийг нь бүрдүүлэхийн төлөө ажиллахаар шийдсэн. Би УИХ-ын Тамгын газарт 10 жил ажилласны хувьд УИХ-ын гишүүн гэж ямар зовлонтой ажил байдгийг сайн мэднэ. Олны нүдэн дээр нүцгэн зогсож байгаатай адилхан шүү дээ. Энэ ажил  миний хувь хүний онцлогоос тэс өөр ажил юм. Үнэндээ би ийм ажилд дурлаж байсангүй. Хэрэв үнэхээр хүсэж байсан бол Төрийн ордонд 10 жил ажиллахдаа хэн нэг даргын цүнх баригчаас эхлээд явсан бол өдийд нэг юманд хүрчих байсан болов уу. Тэгсэнгүй, төрийн албан хаагчаа хийж байгаад Америкт сурж ирээд, мэргэжлээрээ хувийн бизнесээ хийсэн хүн. Улс орноо өөрчилье, болохгүй байгаа зүйлсийг болгоё гэсэн хүсэл тэмүүлэл улс төр рүү хөтлөөд байна. 

-Та 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан байх аа? 
-Нийгмээ өөрчилье гэсэн сэтгэхүйтэй залуус нэгдэж анх “Хүн-хөгжил” клуб байгуулсан нь ХҮН намын эхлэл байв. Бид ХҮН намаараа 2016 онд анх удаа УИХ-ын сонгуульд оролцохоор төлөвлөж байсан ч зохион байгуулалттай явуулгаас болж намаараа сонгуульд оролцох боломж гараагүй. Ингээд бидний хэдэн нөхөд бие даан нэр дэвшицгээсэн. Би Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн. Сонгуулийн дараа “Одоо миний улс төрийн замнал дууслаа. Өмнөх  ажлаа хийе” гээд найзуудтайгаа гар бариад улс төрөөс гарсан юм. Түүнээс хойш долоон жил мэргэжлийн ажлаа хийлээ, чамгүй амжилттай. Ингээд ажиллая гэхэд болохгүй болохоор нь  заавал хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд нь ажиллаж, ойлгуулах шаардлага тулгарч байна л даа. Улс төрийн түвшинд технологийн талаар ярьдаг хүн алга, юун дээр алдсанаа  мэдэж байгаа ч юм алга. Шийдвэрүүд одоо цаг дээр л гараад байна. Ирээдүйг харахгүй байна, системийг бүтээнэ гэдэг урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх ажил. Олон хүн зэрэг ажиллаж байж систем тогтдог, нэг нь эсрэг байхад л тэр систем нурна. Нэг авууштай нь систем нэг ажиллаад эхлэхэд дараа нь ямар ч дарга ажиллаад нурааж чадахгүй бат бөх тогтдог онцлогтой. Тэгэхээр л авлигаас ангижирна. Системийн хүч гэж энэ юм. 
Бие биеэсээ хамаарсан систем нэг ажиллаад эхлэхэд нураах аргагүй байдаг. Шат шатанд бүрдсэн их олон систем бүтээх хэрэгтэй. Үүнийг урт хугацаанд, тууштай хөөцөлдөх, бүтээх ажлыг гардан ажиллаж байгаа хүний хувьд тэнд нь очиж, дуу хоолойгоо хүргэе гэж шийдвэрээ гаргасан. Технологийн мэргэжлийн хүний хувьд улс оронд авлига хээл хахуулийн асуудлыг шийдвэрлэчих юмсан гэсэн амьдралын зорилго байна. Үр хүүхдэдээ огт авлигагүй нийгэм үлдээнэ гэж амлаад яах вэ. Одоогийнхоос 60-70 хувиар бууруулах боломж технологид байгаа юм. 
-Технологийн хүчээр авлигыг хамгийн багадаа 60 хувь шийднэ гэж Та хэлж байна. Энэ боломжийг харсан учир улс төрд хүссэн ч эс хүссэн ч орж байгаа хэрэг үү? 
-Тийм ээ, өөр арга байхгүй. Болгох гээд гадуур нь 7-8 жил явлаа, болдоггүй юм байна. Бид технологийн эрин зуунд амьдарч байна. Технологийн эринд амжилттай яваа улс орнуудын удирдлага, толгойд хэн байна вэ? гээд харахад салбар салбарын технократууд нь байдаг. Технократ гэхээр зөвхөн технологийн салбарын төлөөлөл биш, мэдлэгтэй, туршлагатай, байгалийн инноватор буюу өөрчлөх хүсэл сонирхолтой хүмүүс байдаг. Нийгэм, эдийн засгийн салбар, хууль зүйн салбарын технократ гэж байна. Асуудлыг шийдэхдээ  технологийг суурь болгон харж, технологиор шийдэхийг зорьдог хүмүүс юм. Ийм хүмүүс л олноор гарч ирэх ёстой юм. Бид хөгжмөөр байвал технологи дээр л бууна. 
-Та УИХ-ын гишүүн болбол ямар асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах вэ? 
-Ямар ч салбарт мэргэжлийн чиг хандлага, ирээдүйг төсөөлөх чадвар гэх мэт зүйл мэдлэг, туршлага дээр тулгуурлаж бий болдог. Миний хувьд мэдээллийн технологийн салбарт 30 жил ажиллаж сайн, мууг нь мэдэх болсны хувьд салбарынхаа асуудлыг ярина, шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Би системийн дэд бүтэц, төрийн мэдээллийн солилцоо яаж явагдах, мэдээллээ солилцох архитектур нь ямар байх, төлбөр тооцоог яаж шуурхай хийх зэрэг асуудлыг бий болгохын төлөө ажиллана. 
-Таны ажилд амжилт хүсье.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна