Ярилцлага23 минутын өмнө
Ярилцлага23 минутын өмнө
Мoнгол Улсыг олон улсад сурталчлах зорилгоор хэрэгжүүлсэн “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд гадаадын хэд хэдэн байгууллагатай байгуулсан гэрээнүүд өнөөдөр олон улсын эрх зүйн маргаан, их хэмжээний төлбөрийн асуудал дагуулаад байна.
Тухайлбал, ССАЖЗ-ын сайдаар Ч.Номин ажиллаж байх үед Английн Премьер лигийн “Фулхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан сурталчилгааны гэрээний төлбөрөөс үүдэн Монгол Улс олон улсын арбитрын маргаанд холбогдсон. Тус клубтэй байгуулсан гэрээний үнийн дүн 1.36 сая фунт стерлинг байсан бөгөөд төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс маргаан үүссэн байдаг.
Үүнээс гадна “Edelman”, “CNN”, “Boston Consulting Group” зэрэг байгууллагатай байгуулсан гэрээнүүдийн төлбөр, хэрэгжилт, үр өгөөжийн асуудал ч хөндөгдөж байна.
Төрийн тогтворгүй байдал, залгамж халаа гэдэг зүйлийг орхигдуулснаас үүдэж эдгээр гэрээний нийт төлбөр тооцооны асуудал 5.1 сая ам.доллар буюу 18 гаруй тэрбум төгрөгт хүрээд байгаа аж.
Энэхүү гэрээний хариуцлага төлбөрийг иргэдийн татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх эрсдэл үүсээд буй юм.
Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулж, ярилцлаа.
“Фулхэм” клуб Монгол Улсыг олон улсын арбитрын шүүхэд өгсөн гэх мэдээлэл гарч байна. ГХЯ болон Засгийн газарт энэ асуудлаар ямар нэгэн нэхэмжлэл ирсэн үү? Танай яам хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Сүүлийн өдрүүдэд ГХЯ-ны хариуцаж байсан ажлаас, тус яамны хойрго хандлагаас үүдэн Английн хөлбөмбөгийн “Фулхэм” клуб Монгол Улсыг олон улсын Арбитрын шүүхэд өгсөн гэх мэдээлэл цацагдаж байна. Иймд эдгээр гэрээ болон гадаад сурталчилгааны ажлыг ГХЯ өнгөрсөн хугацаанд ямар түвшинд, хэрхэн хариуцаж ирснийг тайлбарлах нь зүйтэй болов уу.
Бид эдгээр гэрээний талаар байр суурь илэрхийлэхээс аль болох зайлсхийж ирсэн. Учир нь тухайн гэрээнүүд нь тэр үеийн Үндэсний хорооны хүрээнд байгуулагдсан бөгөөд ГХЯ-тай шууд хамааралгүй байсан. Дийлэнх гэрээг тухайн үеийн болон одоогийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамаар дамжуулан байгуулсан. Гэрээний эрх, үүрэг ч тухайн яаманд хадгалагдаж байсан.
Гэвч сүүлийн өдрүүдэд энэ асуудлыг ГХЯ-тай шууд холбож ярих боллоо. Үүний шалтгаан нь 2025 оны тав, зургаадугаар сард Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотой. 2025 оны зургаадугаар сард ГХЯ-ны дэргэд Гадаад сурталчилгааны хэлтэс шинээр байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан ССАЖЗЯ-наас байгуулсан гурван гэрээний үүрэг болон төлбөрийн нийт 9.6 тэрбум төгрөгийг ГХЯ руу шилжүүлсэн гэх мэдээллийг тус яамны сайдаас 2025 оны есдүгээр сарын 5-нд бидэнд ирүүлсэн.
Гэвч энэ үед 2026 оны төсвийн төсөл боловсруулагдаж, ГХЯ долдугаар сарын 25-ны өдөр саналаа аль хэдийн хүргүүлсэн, төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явж байсан юм.
Тухайн гурван гэрээ нь Сингапур төвтэй “Edelman” компани, “CNN” агентлаг болон Английн “Фулхэм” клубтэй байгуулсан гэрээнүүд бөгөөд нийт 9.6 тэрбум төгрөгийн дүнтэй байсан. Соёлын яамнаас энэ мөнгийг ГХЯ-ны данс руу шилжүүлсэн гэх мэдээлэл өгсөн боловч гэрээний үүргийг ГХЯ хүлээн авч, шилжүүлэн авсан зүйл огт байхгүй.
Бид тухайн үед Соёлын яамтай албаны түвшинд уулзаж, гэрээний хуулбаруудтай танилцсан. Гэхдээ гэрээний эх хувийг аваагүй, хараагүй. Мөн гэрээний үүргийг хүлээн авсан ямар нэгэн акт үйлдээгүй.
Гэтэл хэвлэлээр “ГХЯ-ны дансанд 9.6 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байхад төлбөрөө шилжүүлээгүйгээс болж Фулхэм клуб Арбитрт хандсан” гэх тайлбар гарч байна.
Энд нэг зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллагын төсөв гэдэг хувь хүн, хувийн компанийн данс биш. Цалингийн зардал цалиндаа, гадаад сурталчилгааны зардал тухайн чиглэлдээ, төсөвлөгдсөн ажилдаа зарцуулагдах ёстой. Зориулалтын дагуу зарцуулагдаагүй тохиолдолд улсын төсөвт буцаан төвлөрүүлэх хууль, журамтай.
ГХЯ-нд дээрх гурван гэрээний эрх, үүрэг шилжиж ирээгүй байхад төлбөрийг нь шилжүүлсэн бол хууль зөрчсөн үйлдэл болох байлаа.
-Тухайн үеийн сайд нар гэрээний төлбөрийг ГХЯ руу шилжүүлсэн гэх мэдээллийг өгч байсан. ГХЯ үүнд оролцох эрх зүйн нөхцөл байгаа юу?
-Гэрээний заалтуудаас харахад “Фулхэм” клубтэй анхны гэрээг 2024 онд байгуулсан бөгөөд 2025 оны тавдугаар сард Премьер лигийн улирал дуусахтай зэрэгцэн хугацаа нь дууссан байдаг. Харин хоёр дахь гэрээг 2025 оны тавдугаар сарын 29-нд байгуулсан. Энэ нь тухайн үеийн Ерөнхий сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоос хэдхэн хоногийн өмнөх үйл явдал юм.
Эдгээр гэрээний үүргийг ГХЯ шууд бүртгэж, хүлээн авах нь хууль тогтоомжид нийцэхгүй байсан.
Мөн бидэнд ирсэн материалаас харахад “Фулхэм” тэргүүтэй зарим байгууллага төлбөрийг зөвхөн гэрээ байгуулсан байгууллагын данснаас авах бөгөөд өөр данснаас шилжүүлбэл хууль бус гэж үзнэ гэсэн тайлбарыг Соёлын яаманд хүргүүлж байсан. Үүний хуулбар л манайд ирсэн болохоос ГХЯ эдгээр компанитай шууд харилцсан тохиолдол бараг байхгүй.
Олон нийтийн дунд “ГХЯ 9.6 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулсан юм биш үү” гэсэн хардлага байна. Тэр мөнгийг 2025 оны төсвийн жил дуусахад ГХЯ-ны данснаас Төрийн сан руу буцаан татсан. Өөр зүйлд зарцуулсан явдал огт байхгүй.
-Одоо бид Арбитрын шүүхэд очиход ялах магадлал байгаа юу. Гэрээний нөхцөл ямар байсан бэ?
-Гадаад сурталчилгааны хэлтэс байгуулагдсан төдийд бусад яамны байгуулсан гэрээний үүрэг ГХЯ-нд шууд шилжинэ гэдэг өрөөсгөл ойлголт. ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газар холбогдох нэгжүүдтэй хамтран гэрээнүүдэд хууль зүйн дүн шинжилгээ хийхэд эргэлзээтэй, зөрчилтэй заалтууд олон байсан.
Тухайлбал, гэрээ байгуулсан гадаадын аж ахуйн нэгжийн эрх ашгийг давуу байхаар тусгасан атлаа Монголын талаас гэрээг цуцлах, үүргийг хойшлуулах механизм тусгагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, нөгөө талдаа илт давуу нөхцөлтэй гэрээнүүд байсан нь ГХЯ гэрээний үүргийг шилжүүлж авахаас татгалзах нэг шалтгаан болсон.
Бидний зүгээс эдгээр нь спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагааны асуудал тул гэрээг анх байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам үүргээ дуустал хариуцаж ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн зарим гэрээ 2024-2026 оныг дамнан хэрэгжихээр байсан ч 2026 оны төсвийн багцад тусгагдаагүй асуудал байв. Гэхдээ энэ нь Монгол Улсын гадаад нэр хүндтэй шууд холбоотой учраас ГХЯ олон нийтэд зарлаад байлгүй, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх бодлого баримталж ирсэн.
-Тэгвэл одоогийн байдлаар олон улсын эдгээр гэрээнүүд ямар шатанд байна вэ. Монгол Улсын хүлээх төлбөрийн хэмжээ хэд хүрсэн бэ?
-Үндсэн хариуцагч нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хэвээр байгаа. Бидэнд байгаа мэдээллээр “Фулхэм” клубтэй холбоотой асуудлаар арбитрын шийдвэр гарсан бөгөөд алданги, төлбөр төлөхөөр болсон.
Мөн “Edelman”, “CNN” агентлагууд төлбөрөө барагдуулахгүй бол арбитрын болон Английн шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна “Boston Consulting Group”-тэй байгуулсан дөрөв дэх гэрээний асуудал бий.
Нийт дүнгээр нь авч үзвэл 5.1 сая ам.доллар буюу Монгол мөнгөөр тооцоход 18 гаруй тэрбум төгрөгийн төлбөр тооцооны асуудал яригдаж байна.
Дахин тодотгоход, эдгээр гэрээнд ГХЯ ямар нэг байдлаар гарын үсэг зураагүй, гэрээний үүрэг нь манайд шилжээгүй.
Харин гэрээний хэрэгжилтийг үнэлэх ажилд ГХЯ хамрагдсан. Сүүлд ХЗДХЯ, ГХЯ, ССАЖЗЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, шалгалт, үнэлгээ хийхэд гэрээний хэрэгжилт дээд тал нь 90 гаруй, доод тал нь 60 гаруй хувьтай гарсан гэсэн тойм мэдээлэл бий.
Олон улсын өмнө хүлээсэн үүргээс зугтах боломж төдийлөн байхгүй. Тиймээс гэрээний төлбөрийг барагдуулах шаардлагатай гэсэн байр суурийг ГХЯ Засгийн газрын хуралдаанд илэрхийлж байсан. Гэхдээ гэрээний үүрэг нь анх гэрээ байгуулсан яамандаа хадгалагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
-“Go Mongolia” болон “Фулхэм” клубтэй байгуулсан гэрээнүүдийн үр дүнд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо, сурталчилгааны бодит үр нөлөөг хэмжсэн тоон мэдээлэл бий юу?
-Жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэсэн ерөнхий ойлголт бий. Улс орноо сурталчлах ажлыг бүхэлд нь үр дүнгүй байсан гэж үзэх нь өрөөсгөл. Гэхдээ жуулчдын тоо нэмэгдэхэд “Go Mongolia” брэнд болон тухайн гэрээнүүд яг хэдэн хувийн нөлөө үзүүлсэн бэ гэдгийг шууд хэмжихэд төвөгтэй.
Эдгээр гэрээнд байсан нэг түгээмэл дутагдал нь үр дүнг хэрхэн тооцох, ямар шалгуур үзүүлэлтээр хэмжих нь тодорхойгүй байсанд оршино.
Тухайлбал, гэрээний хүрээнд сурталчилгаа хэдэн хүнд хүрсэн байх, тухайн орноос ирэх жуулчдын тоо хэдээр нэмэгдсэн тохиолдолд үр дүнтэйд тооцох зэрэг хэмжүүр тодорхойгүй байсан.
ГХЯ гэрээний эх хувийг аваагүй учраас энэ талаар албан ёсны үнэлгээ гаргаагүй. Харин 2025 онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас холбогдох шалгалт, дүгнэлт хийсэн тул тус байгууллагаас тодруулах нь зөв байх.
-Төрийн залгамж халаа гэж байх ёстой. Тухайн үед гэрээ байгуулсан сайд нь дараагийн сайддаа ажлаа хүлээлгэн өгөхдөө хариуцлагагүй хандсан гэж ойлгож болох уу?
-Би ГХЯ-ны зүгээс өөрсдийн хариуцсан ажлын хүрээнд мэдэж байгаа мэдээллийг л өгч байна. Ямар нэгэн төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан руу асуудлыг шууд чиглүүлж, хариуцлага тооцох байр суурь илэрхийлэхийг хүсэхгүй байна.
Тухайн үед Монгол Улсыг гадаадад сурталчлах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны даргаар тухайн үеийн Соёлын сайд Ч.Номин ажиллаж байсан. Түүнээс хойш сайд солигдох зэрэг дотоод процессын талаар олон нийт өөрсдөө дүгнэлт хийх байх.
Бидний хувьд хэлэх тайлбар бол эдгээр гэрээг анхнаасаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулсан бөгөөд одоо ч гэрээний эрх, үүрэг нь тус яаманд хадгалагдаж байгаа. Хариуцлагын асуудлыг хууль хяналтын холбогдох байгууллагууд шалгаж тогтоох биз ээ.
-Тэгэхээр Монгол Улсын хувьд 18 гаруй тэрбум төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлөх ёстой гэж ойлгох нь зөв үү?
-Тийм. Гэхдээ энэ бол оргүй хоосноос үүссэн өр төлбөр гэж хэлэх нь өрөөсгөл. Тухайн үед байгуулсан гэрээ үр өгөөжтэй байсан эсэх нь тусдаа асуудал. Харин мөн чанартаа энэ бол Монгол Улсын нэрийн өмнөөс байгуулсан гэрээний дагуу үүссэн төлбөрүүд юм.
Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026

November 6, 2026

November 3, 2026

October 27, 2026