Мэдээ2 цаг 27 минутын өмнө
Мэдээ2 цаг 27 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.11.03) “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гангийн үйлдвэрийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга Халзангийн Баярсайханд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.
Х.Баярсайхан 1993 онд тус үйлдвэрт туслах ган хайлагчаар ажлын гараагаа эхэлж, өдгөө 33 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Тэрээр үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг сайжруулах, гэмтэл саатлыг бууруулах, түүхий эд материалын зарцуулалтыг оновчтой болгох чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлжээ.
Ажиллах хугацаандаа шингэн ган цутгах технологид сайжруулалт нэвтрүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бэлдэц бүтээгдэхүүний хэмжээг 115х115 мм-ээс 130х130 мм болгон өөрчилснөөр бүтээгдэхүүний нэр төрөл, гарцыг өсгөхөд хувь нэмэр оруулсан байна.
Мөн Монгол Улсад анх удаа ган бэлдэц үйлдвэрлэлийн технологид шанаган зуухны иж бүрэн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхэд оролцож, тасралтгүй цутгах машины шинэ тоноглолыг ашиглалтад оруулах ажлыг удирдан зохион байгуулжээ. Эдгээр ажлууд нь үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
Түүнчлэн 2022 оноос бүтээмж, чанарын дугуйлангийн “Хамтын хүч” багийг санаачлан байгуулж, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан бөгөөд цехийн хамт олон 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ.
Түүний үйлдвэрлэлийн хөгжил, техник технологийн шинэчлэл, хамт олны бүтээмжийг дээшлүүлэхэд оруулсан олон жилийн хувь нэмрийг үнэлж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасан байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026