Нийтлэл1 цаг 31 минутын өмнө
Нийтлэл1 цаг 31 минутын өмнө
Оюутолгойн ногдол ашиг Монгол Улсад орж ирэхтэй холбоотойгоор уг хөрөнгийг хэрхэн зарцуулах, иргэдэд шууд хүртээх эсэх асуудал улс төрийн хүрээнд анхаарлын төвд орлоо. Нэг талд байгалийн баялгийн өгөөжийг иргэд өнөөдөр хүртэх ёстой гэсэн байр суурь байгаа бол нөгөө талд бэлэн мөнгө тараах нь инфляцыг хөөрөгдөж, төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул баялгийн санд хуримтлуулах нь зүйтэй гэх байр суурь давамгайлж байна.
Засгийн газар анх 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг эрчим хүч, боловсрол зэрэг нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэхэд, нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан ч хэлэлцүүлгийн явцад иргэдийн саналыг харгалзан хуулийн төслөө татан авсан. Харин Ерөнхийлөгчийн зүгээс илэрхийлсэн байр суурь болон улс төрийн намуудын төлөөллүүдийн санал зөрөлдөөн уг асуудлыг дахин хэлэлцүүлгийн гол сэдэв болгож байна.
УИХ-д суудалтай таван намын төлөөлөл Оюутолгойн ногдол ашгийг зарцуулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэдний мэдэгдлээс харахад гол маргаан нь байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх зарчим болон эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах бодлогын огтлолцолд өрнөж байна.
НОГДОЛ АШГАА АВАХ НЬ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ
МАН-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан “Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг авахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Надад юун түрүүнд ногдол ашгаа олж ирэх нь чухал байна. Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулиа өргөн барихдаа 2 их наядыг нийгмийн шинжтэй суурь асуудлаа шийдвэрлье, нэг ёсондоо эрчим хүч, боловсролын асуудлаа шийдье гэсэн. Нэг их наядыг нь Хуримтлалын санд хадгалъя гэж тусгасан.
Хэлэлцүүлгийн явцад ард иргэдээсээ санал авсан. Иргэд маань одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн хуулийнхаа хүрээнд буюу Хуримтлалын сандаа авч үүнийгээ ашиглах нь зүйтэй гэдэг санал өгсөн байсан. Тиймээс Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан. Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар бэлэн мөнгө тараахгүй гэдэг байр суурьтай байгаа. Хэрвээ энэ мөнгийг зах зээлд тараавал инфляц өснө, иргэдийн амьдрал улам л хүнд болно” гэлээ.
БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ НЬ МИНИЙ УЛС ТӨРИЙН ШАШИНД НИЙЦЭХГҮЙ
Үндэсний эвслээс УИХ-д сонгогдсон Шадар сайд Н.Номтойбаяр “Би Засгийн газрынхаа байр суурь дээр бат зогсоно. Бэлэн мөнгө тараана гэдэг миний улс төрийн шашинд хэзээ ч нийцэхгүй.
Өвөл эхэлчихсэн байхад эрчим хүч нь ямар ч бэлтгэлгүй байгаа. Бид эрчим хүч дулааны асуудлаа онцгой анхаарах хэрэгтэй байна. Асуудлыг аргалах гал унтраах маягтай яваад байна. Ийм байдлаар эрчим хүчтэй холбоотой асуудлыг шийдэж болохгүй. ХҮН намаас эрчим хүч, дулааныхаа тарифыг чөлөөл гэдэг шахалт шаардлагуудыг байнга тавьдаг. Үүнтэй би санал нийлэхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
АН: МӨНГӨ ТАРААХ НЬ ИНФЛЯЦ, ТӨГРӨГИЙН ХАНШИД ДАРАМТ БОЛНО
УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Бэлэн мөнгө тараах нь сайн бодлого биш. Зах зээл рүү сул мөнгө орохоор бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эргээд иргэдийн ядуурал нэмэгдэнэ. Шууд утгаараа инфляци нэмэгдэнэ гэсэн үг. Тийм учраас би Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараахыг дэмжихгүй. Олсон мөнгө болгоноо тараагаад байвал төгрөгийн ханш улам л унана” гэв.
ПОПУЛИЗМЫГ БИД СӨРӨХ ЁСТОЙ
ХҮН намын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд Т.Доржханд “Оюутолгойн ногдол ашиг авна гэдэг сургаар инфляц өсөөд, үнийн өсөлтөд иргэдийн бодит орлого нэрвэгдэх эрсдэлтэй. Үүнийг захын нэг эдийн засагч хэлнэ.
Одоо бүгд л улс эх орондоо хайртай хүмүүс байгаа байлгүй дээ. Гэхдээ популизмыг бид сөрөх ёстой байх. Үнэн байдлыг зоригтой хэлж ярьдаг байх хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын байр суурь хэвээрээ байна.
Хэрэглээг дэмжсэн аливаа популист амлалтууд, мөнгө тараана ч гэдэг юм уу. Энэ байдал бол эргээд их хохирлыг дагуулдаг. Иргэдийн байгалийн баялгийн орлогоос хүртэх ёстой гэдэг энэ байр суурьд үндэслэн энэ мөнгө иргэдийн учраас одоо л өгөх ёстой гэдэг популизмыг хаах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн байр суурийг ойлгосон. Гэхдээ бэлэн мөнгө тараа гэж хэлсэн гэж ойлгоогүй. Хуримтлуулъя гэдэг байр суурьтай байгаа юм байна л гэж ойлгосон. Оюутолгойн ногдол ашиг гурван чиглэлээр зарцуулагдана. Баялгийн сан руу орно гэсэн хуультай шүү дээ.
Засгийн газар өөрсдийн байр суурь дээр хатуу зогсоно” гэлээ.
БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭД ШУУД ХҮРТЭХ ЁСТОЙ
Харин ИЗНН-ын гишүүн, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Ногдол ашиг гэдэг бол ард түмний шууд хүртэх үр өгөөж байх ёстой. ЭТТ-н ногдол ашгийг шууд авч болдог мөртлөө Оюутолгойн ногдол ашгийг шууд авч болдоггүй юм.
Арчаагүй төрийн хийгээгүй дэд бүтцийн асуудлыг ард түмний авах ёстой мөнгөөр хийх ёстой юм. Иргэд мөнгөө аваад өнөө маргаашийнхаа асуудлыг шийдэж, өр ширээ дарна уу, хүнсээ авна уу тэдний л асуудал. Харин дэд бүтэц, улс орны чухал бүтээн байгуулалтын салбарын асуудал түүхийгээрээ байна гэдэг бол төр засгийн асуудал. Тиймээс нэг удаагийн хуулийг яаралтай оруулж ирээд, иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах асуудлыг эрэлхийлсэн нь л зөв” хэмээн мэдэгдэв.
Ийнхүү УИХ-д суудалтай намуудын төлөөллүүдийн байр суурь харилцан адилгүй байна.
Гэхдээ энэ маргааны цаана зөвхөн хэдэн төгрөгийг иргэдэд тараах, эсвэл Хуримтлалын санд байршуулах тухай асуудал яригдаж байгаа хэрэг биш. Байгалийн баялгийн өгөөжийг хэн, хэрхэн захиран зарцуулах вэ, өнөөгийн иргэдийн амьдралд бодит үр өгөөж болгон хүргэх үү, эсвэл ирээдүйд зориулсан хуримтлал, улсын хэмжээний бүтээн байгуулалтад чиглүүлэх үү гэдэг төрийн бодлогын томоохон сонголт хөндөгдөж байна.
Нэг талд инфляц, төгрөгийн ханш, эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах шаардлага тавигдаж байгаа бол нөгөө талд байгалийн баялгийн эзэн нь ард түмэн учраас үр өгөөжийг нь өнөөдөр хүртэх эрхтэй гэх шаардлага тавигдаж байна.
Оюутолгойн ногдол ашгийг тойрсон улс төрийн энэ мэтгэлцээн цаашид ч үргэлжлэх нь тодорхой. Харин намуудын байр суурийн зөрүүгээс үл хамааран олон нийтийн хүлээж буй гол хариулт нэг. Монголын баялгаас орж ирэх хөрөнгө иргэдийн амьдралд яг ямар хэлбэрээр, хэзээ, хэрхэн үр өгөөжөө өгөх вэ? Энэ асуултад улс төрийн мэдэгдлээр бус, ил тод тооцоо, тодорхой шийдвэр, бодит үр дүнгээр хариулах шаардлага Засгийн газар болон хууль тогтоогчдын өмнө хэвээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУЛГАЙ хийдэгүй УЛС төрчид засаглаж БАЙСАН бол ӨДИЙД цахилгаан эрчим хүч дулааны хомсдолд орохгүй байсан. Нараагийн зөв.

November 3, 2026

October 20, 2026

October 6, 2026

July 30, 2026