Хөндүүр сэдэв4 цаг 45 минутын өмнө
“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ дарга нартаа хууль бусаар хоёр тэрбум гаруй төгрөгийн шагналт цалин олгожээ
“Монголросцветмет” нэгдэл буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь өнгөрсөн жил захиргааны ажилтнууд буюу дарга нартаа сар, улирлын ажлын гүйцэтгэлийг үнэлэхгүйгээр 2,029.3 сая /Хоёр тэрбум, хорин есөн сая, гурван зуун мянга/ төгрөгийн сар, улирлын шагналт цалин олгожээ.
Мөн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр ТӨҮГ-ын баяжуулах фабрикийн дарга, ерөнхий инженер, бүтээмж хариуцсан менежер, хэлтсийн дарга зэрэг удирдах албан тушаалтнууд гадаад томилолтоор ажиллаж 41.2 сая төгрөг зарцуулжээ.
Мөн бүтээмжийн менежер, хяналтын менежерээр хоёр албан тушаалтныг томилон 451.2 сая төгрөгийн цалин, шагналт цалин олгож Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дүгээр заалт буюу "Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно", Монгол улсын Засгийн газрын 2025 оны 61 дүгээр тогтоолын 5 дахь заалт "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, оновчтой тогтоох, удирдлагын зардал, орон тоог бууруулах зорилгоор зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах ... " заалтуудыг тус, тус зөрчсөн болохыг аудитын дүгнэлтэд онцолсон байна.
Үндэсний аудитын газар тус байгууллагын 2025 оны санхүүгийн тайланг шалгаад Хязгаарлалттай дүгнэлт гаргасан бөгөөд үүнд дээрхээс гадна бусад олон зөрчлүүд нөлөөлснийг дурдвал,
-Бараа материалд сүүлийн 3 жилд хөдөлгөөн ороогүй 2,882.5 сая төгрөгийн материалын үлдэгдэлтэй.
-Худалдан авах ажиллагааны 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан "Бутлагч алхтай экскаватор"-ыг 1,150.0 сая төгрөгөөр гэрээний дагуу нийлүүлсэн боловч эвдрэлтэй техник ирүүлсэнтэй холбоотойгоор, худалдах, худалдан авах гэрээ нь хэрэгжээгүй, түүнд хяналт тавьж ажиллаагүй.
-"Үйлдвэрлэлийн болон ундны усны зориулалттай шугам хоолойн гэмтлийг засварлах ажил" нэрээр 210.9 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, ган хоолой худалдан авсан.
-Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 909.5 сая төгрөгийн 88 арга хэмжээг шууд худалдан авахаар төлөвлөснөөс тайлант оны эцэст 87.8 сая төгрөгийн 9 арга хэмжээ хэрэгжээгүй.
-Тайлант онд 6,964.9 сая /Зургаан тэрбум, 964 сая, 900 мянга/ төгрөгийн 7 арга хэмжээ /тэсэлгээний цооног өрөмдөх багаж багц 2 “Оюу энд эн интернэшнл” ХХК, 36 айлын орон сууц “Өсөх буян тулга” ХХК, өрмийн машин, компрессорын шүүр багц 2 “Альфафилтер” ХХК, компрессор “Линкс майнд солюшн” ХХК, HITACHI ZAXIS 870Н-3 экскаваторын гидро хуваарилагч “Говь экуйлмент рентал флийт” ХХК, ажилчдын амрах байрыг буулгаж шилжүүлэн барих “Термо элект трейд” ХХК, LIEBHERR R966 гидроэкскаваторын их засвар “Майнс ап” ХХК/ хугацаандаа хэрэгжээгүй, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, арга хэмжээ авч ажиллаагүй, хэрэгжилтийн явцад хяналт тавьдаггүй, гэрээнд заасан алдангийг тооцоогүй зэрэг зөрчил гаргажээ.
"Майнс ап" ХХК-ийн нийлүүлсэн хоёр автосамосвал эвдэрч, нэг нь бүтэн жил ажиллаагүй байна
“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь "Майнс ап" ХХК-иас 2022 оны эцэст 16 ширхэг өөрөө буулгагч TEREX-TR60 автосамосвалыг 31,069.5 сая төгрөгөөр худалдан авч, ашиглалтын хугацааг 10 жилээр тогтоожээ.
Гэвч этгээд 16 ширхэг самосвалаас 2025 онд нэг автосамосвал эвдрэлийн улмаас бүрэн хүчин чадлаар ажиллаагүй, нэг автосамосвал бүтэн зогсолт хийж ашиглалтгүй байсан нь тодорхой болсон байна.
Энэ нь урсгал болон их засварыг өндөр өртөгтэй гүйцэтгүүлэх шаардлага үүсгэж, хөрөнгийн үр ашгийг бууруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж Аудитын тайланд дурджээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



