Мэдээ5 цаг 4 минутын өмнө
Мэдээ5 цаг 4 минутын өмнө
Оюутолгой ногдол ашиг болон орж ирэх гурван их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдэд шууд тараах асуудал бодлогын түвшинд яригдаж эхлээд байна. Тус асуудлаар Эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас байр суурийг нь тодрууллаа.
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тараана, тараахгүй гэдэг мэтгэлцээн ид өрнөж байна. Ер нь бэлэн мөнгө тараах нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг юм бэ ?
Би бэлэн мөнгө тараах асуудалд үргэлж эсрэг байр суурьтай байдаг. Өнгөрсөн 10-20 жилийн түүхээс харвал бид амласан, тараасан, халамж нэмсэн. Тэгээд өнөөдөр ямар үр дүнтэй байгаа вэ гэдэг дээрээ дүгнэлт хийх ёстой. 2008 оноос хойш ийм төрлийн амлалтууд эхэлсэн байдаг. Өнөөдөр хүртэл хэрэгжиж дуусаагүй үргэлжилсээр байгаа нь ч бий. Эрх баригчид олон хэлбэрээр мөнгө тараасан.
Өнөөдрийн хувьд хууль эрх зүйн орчин маань 2008 онтой харьцуулахад маш өөр болсон. Бид Үндэсний баялгийн сангийн тухай хуультай, Ирээдүйн өв сантай, Өрийн удирдлагын тухай хуультай болсон. Ингэснээр төсвийн болон эрх зүйн харилцааг зохицуулах орчин тодорхой болсон. Гэтэл мөнгө тараана гэдэг ойлголт нь өөрөө баялгийн сангийнхаа эдийн засгийн ойлголттой зөрчилддөг. Баялгийн сан гэдэг бол ирээдүйд сэргээгдэхгүй баялгаас бий болсон орлогыг хуримтлуулах, ирээдүйн хөгжлийг бий болгох юм. Гэтэл бид энэ мөнгийг тараах бус зөв зүйтэй зарцуулах асуудалд илүү төвлөрөх ёстой шүү дээ.
Мөнгө тарааж, иргэдийн амьжиргааг дэмжих гэдэг зүйлийг улстөрчид яриад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч ?
Бид мөнгө тарааснаараа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэж ирсэн үү гэвэл үгүй. Одоо шийдэж чадах уу гэвэл маш эргэлзээтэй. Иргэдийн нэрлэсэн орлого нэмэгдээд байдаг мөртлөө бодит орлого нэмэгдэхгүйгээр иргэдийн амьдралын чанар сайжрахгүй. Ийм асуудал руу л гулсаж орох байх. Гурван их наяд гэдэг бол маш их мөнгө. Энэ мөнгийг иргэдэд шууд тараавал инфляц өдөөнө. Иргэдийн хувьд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүсэл сонирхол байгааг ойлгож байгаа ч бодит үр дүн, эдийн засаг, нийгмийн үр дагавар ямар байх вэ гэдгийг бодож байж шийдвэрээ гаргах ёстой.
Үр дагавар нь яг ямар байх вэ. 857 мянган төгрөг иргэн бүрт тараасан тохиолдолд сарын дараа ямар нөхцөл байдал үүсэх вэ ?
Монгол Улсын иргэдийн хуримтлал ямар байгаа, хүүхдийн мөнгийг хэдэн хувь нь хуримтлуулдаг вэ гэдэг тооцоолол байдаг. Эндээс харвал, тараах гээд ярьж байгаа гурван их наяд төгрөгийн дийлэнх нь хэрэглээ болох эрсдэлтэй. Учир нь, Монгол Улсын иргэдийн 1/3 нь ядуу байна. Миний харж байгаагаар 10 орчим хувь нь ядуурлын шугам руу гулсан ороход бэлэн байна. Тэгэхээр иргэдийн амьжиргааны түвшин харьцангуй доогуур байгаа учраас хэрэглээ болох нь тодорхой. Хэрвээ тэр мөнгийг нэг удаагийн шинжтэйгээр шууд тараах юм бол инфляц дээр тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлнэ. Манай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн судлаачдын гаргасан судалгаагаар цалин, тэтгэвэр нэмвэл инфляцид хоцрогдолтойгоор нөлөөлнө гэж тооцсон. Цалин 10 хувиар нэмэгдэхэд инфляцид 1-2 хувиар нөлөөлнө. Оюутолгойн ногдол ашгийг шууд иргэдэд тараавал яаж нөлөөлөх талаар нарийн тооцоолол гараагүй байна. Ямартай ч гурван их наяд гэдэг бол Монгол Улсын мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөх хэмжээний мөнгө шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.