Мэдээ37 минутын өмнө
С.Бямбацогт: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхээр болсон УИХ-ын дарга С.Бямбацогт тамгаа гардаж авчээ.
Тэрбээр энэ талаараа “Тамгаа дөнгөж сая 11.00 цагт гардаж авлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг сарын дотор зарлах ёстой. Миний хувьд, Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын даргад нэр дэвшиж байхдаа тодорхой илэрхийлсэн. Тэр байр суурь хэвээрээ байна.
Монгол Улс улстөржихгүй, талцаж хуваагдахгүй, ард иргэдээ амгалан тайван амьдруулах, үүний төлөө ажиллах нь чухал байна. Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, УИХ-ын даргаар ажиллаж маш хүнд ачааг үүрч байгаа учраас улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард иргэдийн эв нэгдэл, амгалан тайван байдал надад чухал байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэж ярилаа.






