Нийтлэл1 цаг 31 минутын өмнө
Нийтлэл1 цаг 31 минутын өмнө
Толгойгоо сайн ажиллуулбал М.Саакашвили, Р.Отунбаева, А.Юшенко нар шиг хувьсгал хийхгүйгээр ч алдаршиж болдгийг харуулсан нэгэн эрхмийг танилцуулах гэж байна. Халимаг улсын Ерөнхийлөгчийн албыг 17 жил хашсан, 1995 оноос хойш 2018 он хүртэл Олон улсын шатрын холбоог тасралтгүй 23 тэргүүлсэн энэ хүн бол Кирсан Илюмжинов. Тэрбээр яах аргагүй нийт Монгол туургатнуудаас хамгийн өндөрт цойлсон оддын нэг нь билээ. Холбооныхоо ажлыг ямар ч асуудалгүй хийж явсан түүнийг АНУ 2015 онд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой” хэмээн “Хар жагсаалт”-даа бүртгэсэн нь шатрын ертөнцийг доргиож байлаа. Мань хүн ч хариуд нь хатуухан мэдэгдэл хийж, АНУ-ын Хууль зүйн яамыг олон улсын шүүхэд өгч, 50 тэрбум ам.доллар нэхэмжилнэ гэдгээ илэрхийлж байв.
Тэрбээр үндсэндээ энэ асуудлаас болж АНУ болон түүний холбоотон улсуудад зорчих боломжоо алдсан учраас Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчийн суудлаа орхисон юм.
Гэхдээ 2025 оны зургадугаар сард АНУ-ын зүгээс түүнд тавьсан байсан хориг арга хэмжээг цуцалснаар тэрбээр олон улсын тавцанд дахин идэвхтэй гарч ирсэн. Улмаар 2026 оны 7 дугаар сард тэрээр Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших хүсэлтээ зарлаж, Оросын шатрын холбооны дэмжлэгийг авсан юм. Гэвч яагаад ч юм бэ, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө албан ёсоор бүртгүүлээгүй өнгөрсөн билээ.
Тэрээр Монгол Улсад тогтмол айлчилдаг бөгөөд 2025 оны есдүгээр сард Монголд ирэхдээ ССАЖЗЯ-ны өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Улаанбаатарт байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулж байв.
14 настайдаа Халимагийн шатрын аварга болж байв
Кирсан Николаевич Илюмжинов 1962 оны дөрөвдүгээр сарын 05-нд ЗХУ-ын халимаг улсын нийслэл Элстэй хотноо төржээ. Эцэг нь зохион бүтээгч, инженер мэргэжилтэй ч “Намын ажил” гэж гүйдэг нэгэн байсан бол эх нь настнуудын сувилалд эмчээр ажилладаг байсан аж. Тэднийх Кирсанаас гадна хоёр хүүтэй. Язгуур угсаа нь казак. Иргэний дайны үеийн анхны морьт отрядыг даргалж явсан өвөө Кирсан Илюмжиновынх нь нэрэмжит хамтрал социализмын үед Дон нутагт байдаг байсан гэдэг.
Кирсан 14 настайдаа улсынхаа шатрын аваргаар тодорчээ. Тэрээр нэрт зохиолч Давид Кугультиновыг өөрийн багшаа гэж үздэг аж. Кирсаныг багаас нь мэдэх нэрт зохиолч шавийнхаа тухай “Оюуны их нөөц бололцоотой, авьяслаг хүү байсан” хэмээн дурссан байдаг. Кирсан 1979 онд дунд сургуулиа алтан медальтай, (Тэр үед сургууль төгсөхөд медаль өгдөг байжээ), арван жилийн дараа Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг “япон судлаач” мэргэжлээр тус, тус төгссөн байна.
Их сургуульд элсэхээс ээ өмнө 1979-1980 онд “Звезда” үйлдвэрт слесарь, монтажчин, цуглуулагчаар ажиллаж байгаад цэрэгт татагдаж, ЗХУ-ын Зэвсэгт хүчний Хойд Кавказын цэргийн тойргийн шуурхай албанд хугацаат цэргийн албаа хаажээ. Цэргээс ирсэн даруйдаа хуучин ажилдаа эргэн орсон бөгөөд энд ажиллаж байхдаа, 1983 онд ЗХУ-ын Коммунист намд элссэн аж.
Нэгэн цагт багшийнх нь магтан хэлж байсан “Юм, юманд авьястай, дасан зохицох чадвар сайтай” чанар нь түүнд нэг удаа гай болох шахсан удаатай. Тэрээр ангийн хоёр нөхөртөө уруу татагдаж хар тамхи, архи хэрэглэсэн, цианит кали хадгалсан хэргээр сургууль болон намаас хөөгдөж байсан удаатай юм.
Кирсан жинхэнэ “Америк мөрөөдөл” (амар аргаар хурдан баяжих гэдэг утгыг илэрхийлдэг)-ийг ЗХУ-д биелүүлж чадсан нэгэн. Их сургуулиа дөнгөж төгсөөд япончуудтай хамтран “Эко Радуга” үйлдвэр байгуулсан нь амжилтын үүд хаалгыг нээжээ. 1989 онд сургуулиа төгссөн тэрбээр 1990 онд л анхныхаа сая рублийг олсон гэж өөрөө ярьдаг. “Эко радуга”-гаа “Сан” хэмээх хувийн корпораци болон өргөжүүлснийхээ дараа 1992 онд 15 тэрбум рублийн эргэлтийн хөрөнгөтэй “Тал нутаг” хэмээх банк, худалдаа аж үйлдвэрийг салбар компанийг угсраа угсраагаар нь байгуулсан юм. 1993 он гэхэд тэр эргэлийн нийт хөрөнгө нь 500 сая ам.доллараар тоологдох 50 гаруй үйлдвэртэй, улсынхаа хамгийн баян хүн болсон байв. “Бутэк” концерний ерөнхийлөгч Михайл Бочаров түүнийг бүр казиногийн бизнес эрхэлж байсан гэж нотолдог.
Улс төрд 1990 оноос хойш хөл тавьж, ЗХУ-ын Ардын депутатуудын хуралд БНУ-аа төлөөлөн сонгогдож байсан тэрбээр 1993 онд Халимагийн Ерөнхийлөгч болжээ. Энэ үедээ Япон руу нефть гаргаж таван сая ам.долларын зээл авсан гэх зэргээр буруутгагдаж байсан ч хүссэндээ хүрч чадсан билээ.
Ерөнхийлөгч болсныхоо дараа тэрээр төрийн албан хаагчдын тоог эхлээд гурав дахин, дараа нь 10 дахин цомхотгосон гэдэг.

1995 оноос Олон улсын шатрын холбоог толгойлох болж, хөл толгой нь олдохоо байсан энэ байгууллагыг эмх цэгцэнд оруулсан хэмээн хүндлэгдэх болсон билээ. К.Илюмжинов халимаг, оросоос гадна солонгос, монгол, хятад хэлээр ярьж чаддаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 23, 2026

November 19, 2026

November 15, 2026