Нийтлэл31 минутын өмнө
Нийтлэл31 минутын өмнө
Хугацаанаасаа өмнө, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх улс төрд өмнө хожид тохиож байгаагүй жишиг, үйлдэл тогтоогоод буулаа. Түүний ард дараагийн Төрийн Тэргүүнийг дөрвөн сарын дотор томилох ёстой гэж заасан ч парламентад суудалтай нам, эвслийн дарга нар байр сууриа нэгтгэж чадахгүй, санал зөрөлдөж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогттой өнгөрсөн мягмар гарагт нам, эвслийн дарга нар уулзжээ. Уулзалтаар сонгуулийн товыг тогтоох талаар ярилцсан ч тогтож чадаагүй аж. Гэхдээ тэд 1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч энэ харилцааг төгс зохицуулаагүй, амьдрал дээр зөрчлүүд гарч ирсээр байна. Иймд эдгээр асуудлыг нээлттэй ярилцаж шийдэх цаг болсон гэдэгт санал нэгджээ.
Энэ талаар “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Үндсэн хуулийн маргаан дагуулах ноцтой хуулийн зөрчил үүсээд байна. Тодруулбал, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил гэж заасан байдаг бөгөөд одоогийн бүрэн эрхийн хугацаа дуусахад дахин хагас жилийн хугацаа үлдээд байна. Гэтэл нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг дөрвөн сарын дотор зарлахаар хуульчилсан нь хоорондоо зөрчилдөж буйг хууль тогтоогчид болон хуульчид ярьж байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн 37.3 дахь заалтын хүрээнд нарийвчилсан хууль, журам батлах шаардлагатай байгаа. Үүрэг гүйцэтгэгч нь Онцгой байдал зарлах эрхтэй эсэх, нэг гараараа УИХ-аар хууль баталчхаад нөгөө гараараа түүндээ хориг тавих эсэх, мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлууд хуулиар зохицуулагдаагүй байгаа тул яаралтай хууль гарган цэгцлэх ёстой гэж үзэж байна” гэв.
Үнэхээр энэ харилцаа зохицуулалтгүй байгааг УИХ дахь хуульч гишүүд хэлж буй юм. Цаашлаад нам, эвслээс Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор бус, харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд нь буюу зургадугаар сард хийх ёстой гэж ярьсан ч санал нэгдээгүй байна. Үүнийгээ дөрвөн сарын дотор сонгууль явуулбал сонгогдсон хүн нь Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн үлдсэн хугацааг дуусгахаар байна гэх байр суурь илэрхийлжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох тухай хэлэлцээд, чуулганы хуралдаанд оруулахаар төлөвлөж буйг гишүүд хэлж байсан. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагийн Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэнгүй. Нэгэнт Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй учраас өнөөдрийн УИХ-ын чуулганаар орохгүй гэсэн үг. Нөгөө талд өнгөрсөн амралтын өдөр УИХ дахь МАН-ын бүлэг “Их тэнгэр”-т хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох, сонгуулийн штаб байгуулах зэрэг асуудлыг ярилцаж, энэ долоо хоногт багтаан тов тогтохоор болсон ч ийн гацаанд оржээ. Шийдэл, гарц гаргалгааг парламентад суудалтай нам, эвсэлтэй дахин ярилцах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 26, 2026

November 25, 2026

November 24, 2026

November 24, 2026