Нийтлэл1 цаг 20 минутын өмнө
Нийтлэл1 цаг 20 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өгсөн. Ингэхдээ Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхардаг байж болохгүй. Төрийн алба бол эрх мэдэл эдлэх газар биш, иргэдэд үйлчлэх газар. Хариуцлага тооцохдоо хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Харин хууль зөрчсөн хэнийг ч хамгаалахгүй хэмээн мэдэгдсэн.
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Энд нэг зүйлийг дурдах ёстой. Цар тахлын үед 2020 оны дөрөвдүгээр сард Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль баталсан. Энэ хуульд төрийн албан тушаалтныг сонгон шалгаруулах ажиллагааг түр хойшлуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, ковидын үед сонгон шалгаруулалтгүйгээр түр орлон гүйцэтгэгч томилох нөхцөл бүрдсэн.
Тэгэхээр Ерөнхий сайдын дээрх мэдэгдэл ковидын үеэр бий болсон одоо хүртэл байгаа түр орлон гүйцэтгэгчдийн томилгоог эцэслэж, хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах тухай агуулга юм.
Бид төрийн яамд, агентлаг, харьяа газруудын түр орлон гүйцэтгэгчдийг цувралаар хүргэж байна. Эхнийх нь Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, бригадын генерал Л.Алтангэрэл. Түүнийг 2021 оны наймдугаар сард Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилжээ. Ковидын үед ямар ч сонгон шалгаруулалтгүй томилсон гэсэн үг.
Л.Алтангэрэл нь Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэд цэргийн сургуулийн найзууд гэгддэг.
Мөн үүнээс өмнө Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар П.Даш генерал ажиллаж байх үед Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар Л.Алтангэрэл ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэргээр шүүгдэж байжээ. Түүнийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгаж 3.6 жилийн ял сонссон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан нэгэн аж.

Тэрбээр 2021 оноос хойш одоог хүртэл төрийн тусгай хамгаалалтын газрыг удирдаж байна. Энд томилохоос өмнө Засгийн газраас Замын-Үүд дэх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилоод, удалгүй буцаан татаж, төрийн тусгайд дарга болгожээ. Нэг ёсондоо, албан тушаалын “од”-той хүн юм.
Улмаар даргаар томилогдоод хэдхэн сарын дараа 30 гаруй жил найзалж, нөхөрлөж яваа Төрийн тэргүүн найзаасаа “Бригадын генерал” цол авчээ. Энэ нь 2022 он юм. Даргын найз, ойрын хүн гэдгээрээ шүүхээс гэм буруутайгаа тогтоолгосон ч төрийн тусгай албыг удирдаж, удирдуулах нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал ч энд хөндөгдөж байна.
Ерөнхий сайд Н.Учрал Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал Эмнэлгийн Ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн. Тэгвэл таны дараагийн чөлөөлөх үүрэг чиглэл өгөх хүн нь Л.Алтангэрэл дарга юм биш үү, Ерөнхий сайд аа.
Үргэлжлэл бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц худагт сууж ял эдэлж байсан хөөрхий

November 23, 2026

November 18, 2026

November 17, 2026

November 17, 2026