Нийтлэл2 цаг 6 минутын өмнө
Нийтлэл2 цаг 6 минутын өмнө
Сүүлийн үед олны анхаарал татаж, дуулиан шуугиан тариад буй хүмүүсийн үйлдлийг ажиглахад цөөнгүй нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, түүнийгээ дарахын тулд шударга ёсны төлөө тэмцэгч мэтээр харагдахыг хичээх болжээ. Ийнхүү олны анхаарлыг татсан хүмүүсийн нэг нь 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Т.Энхсайхан болоод байна.
2020 оны сонгуульд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөсөө хойш нам жим байсан тэрбээр гэнэт “Тэмцэгч” гэдэг нэрээр гарч ирж, “Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг огцруулна” хэмээн сошиал орчинд хуурай агсам тавих болсон. Гэтэл тэмцлийн шалтгаанаа Б.Дэлгэрсайхан сайдын эзэмшлийн компанитай хамтарч ажиллахаа больсны учраас гэж тайлбарласан байх юм. Тодруулбал, Б.Дэлгэрсайханы эзэмшлийн ААН Т.Энхсайханы эзэмшдэг ААН-тэй хамтарч ажиллах гэрээгээ цуцалсан тул огцруулахаар тэмцэж байгаа гэнэ.
Ардчилсан, чөлөөт зах зээлтэй улсад бизнес эрхлэгч, ААН-ийн удирдлагууд хэнтэй хамтарч ажиллахаа өөрсдөө шийддэг. Хэнтэй хамтарвал ашигтай байна, түүнтэйгээ хамтарч ажиллана. Ашиггүй байвал цуцална, цуцлах үндэслэлээ гэрээндээ урьдчилж оруулдаг. Түнш нь хамтарч ажиллахгүй гээд гэрээнд заасан үндэслэлээр хамтын ажиллагаагаа цуцалбал ёстой яах ч аргагүй. Гэтэл Т.Энхсайхан орхисонгүй. Улстөрч хүн тул “Огцруулна” гэвэл буцаад хамтарч ажиллана гэж сэтгэсэн бололтой, нэгэн цагт итгэл үзүүлж, хамтарч байсан хүнийхээ эсрэг тэмцэгч болчихсон явна.
Т.Энхсайханы холбогдож байсан хэргүүд
Хэдий хоёр ч сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн боловч монголчууд Т.Энхсайханыг улстөрч гэхээсээ илүү Японы хөрөнгө оруулагчаа залилсан хэрэгт холбогдсоноор нь сайн мэддэг. Тэрбээр Японы улсын иргэн Ишибаши Рёосүкэг “Хамтарч Монголд бизнес хийе” хэмээн итгэлийг нь олж, тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалт татаад мөнгийг нвь өөртөө завшсан.
Хохирогч гэх Японы иргэн Ишибаши Рёосүкэ хуулийн байгууллагад “Би Т.Энхсайхантай 2008 онд Японд танилцсан. Тэр нэг хүүтэй, түүнийх нь сургалтын төлбөрт ам.доллар өгч байлаа. Монгол руугаа буцахаар болоход нь “Ниссан Мурано” загварын автомашин авч өгсөн. 2009 онд Монголд аялж ирэхэд эгч Энхээтэйгээ танилцуулж, ББСБ ашигтай ажилладаг, хамтран ийм бизнес хийх талаар тохиролцсон юм. Ингээд 2009 онд байгуулсан ББСБ-ынхаа дүрмийн санд 2011 онд 3-4 удаа мөнгө нэмж, 1.1 тэрбум төгрөгт хүргэсэн. Өөрөөр хэлбэл, миний 980 гаруй сая төгрөг тус ББСБ-ын нийт хувьцааны 89.5 хувийг эзлэх болсон юм.
Т.Энхсайхан надаас зээлсэн мөнгөөрөө авсан хувьцаа нь 10.4 хувь болдог. 2015 онд Т.Энхсайхан ББСБ-ын 180-аад сая төгрөгийг завшсаныг ажилтнуудаасаа мэдэж, түүнээс учрыг асуухад “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө залилуулчихлаа. Уг мөнгийг би нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрх авахын тулд зарцуулах бодолтой байсан юм” гээд уйлж хэлсэн. Түүнээс хойш удаа дараа мөнгө авч ББСБ-ыг хохироосон” хэмээн мэдүүлж байжээ.
Тэрбээр мөн 2014 онд “Фүжи холдинг ББСБ” ХХК-иараа “Нэхмэлийн шар” гэгдэх хуучин байруудыг нурааж, шинээр барилгажуулах эрхийг авсан бөгөөд юу ч хийлгүй гурван жил дамнасан. Энэ үедээ ХЗДХ-ийн сайд /Тухайн үеийн/ Ц.Нямдоржийг огцруулна хэмээн хөдөлгөөн хүртэл байгуулж тэмцсэн бөгөөд үүнийхээ шанд гэх үү, Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрх олж авсан гэгддэг. Гэвч Ц.Нямдоржийн эсрэг тэмцсэн нь улстөрд орох, нэр дэвшихээсээ гадна япон хөрөнгө оруулагчийг хохироосон хэрэг нь Цагдаагийн айгууллагад шалгагдаж, өндрөө авсантай нь холбоотой гэсэн яриа ч байдаг бөгөөд хэвлэлээр бичигдэж байв.
Үнэхээр ч ил тод бусдыг хохироосон энэ хэрэг олон жил сунжирсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүний итгэл авч ч, эвдэж ч чаддаг, “Огцруулна” гэдэг мэхээр хувийн асуудлаа шийдэж амташсан байж ч болзошгүй нэгэн. Японы хөрөнгө оруулагчийг хохироосон хэрэгт орохдоо ч өөрт нь итгэж нэр дэвшүүлсэн Ардчилсан намын С.Эрдэнийг “Миний мөнгийг луйвардсан” хэмээн мэдүүлсэн байх аж.
Монгол Улс хууль, журамтай. Ямар ч асуудал хууль журмаараа явна. Хуулийн байгууллагад хандсан бол шийдэгдэнэ. Харин хувийн хэвшилтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад гологдсон бол, дахин хэлэхэд “Ёстой яах ч аргагүй”. Ийм асуудлын төлөө тэмцэгч болж байгаа нь Т.Энхсайханыг хэн бэ, ямар зорилготой вэ гэдгийг нь харуулж байгаа хэрэг.
Иргэн хүнийхээ хувьд Т.Энхсайхан үзэл бодлоо илэрхийлэх, тэмцэх эрхтэй. Гэхдээ учир бий. Өнөөдөр гудамжинд, сошиалд үзэл бодол, байр сууриа илэрхийлж байгаа тэмцэгчид асуудал, зарчим ярьдаг. Гэтэл Т.Энхсайханы тэмцэлд хувийн эрх ашиг нь л байх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сто бүтэхгүй авгай байжэ аймари