Нийтлэл18 цаг 37 минутын өмнө
Нийтлэл18 цаг 37 минутын өмнө
Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээхээр болсон билээ.
Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж байна.
ШУА нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд, Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчилах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг заншилтай.
Тэгвэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хэн хэн хэдэн онд хүртэж байсан бэ гэдгийг танилцуулъя:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,
2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр,
2019 онд The Hu хамтлаг,
2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов,
2022 онд АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
2023 онд Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга
2024 онд НҮБ-ын ЕНБД асан Бан Ги Мун
2025 онд хуульч, академич С.Нарангэрэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 10, 2026

November 5, 2026

November 2, 2026

October 29, 2026