Мэдээ2 цаг 29 минутын өмнө
Мэдээ2 цаг 29 минутын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар чөлөөлж, дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол УИХ-ын дарга С.Бямбацогт бүрэн эрхийг нь түр хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ.
Хуульд Ерөнхийлөгч чөлөөлөгдсөнөөс хойш дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулна гэж заасан. Тиймээс УИХ-д суудалтай улс төрийн нам, эвсэлүүд нэн яаралтай ирэх гуравдугаар сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа бэлтгэл ажлыг хангах шаардлагатай болоод байна.
Ерөнхийлөгчийн сонгууль наашилна гэдгийг парламентад суудалтай бусад намуудаас өмнө мэдэж байсан нь ойлгомжтой, сонгуулийн товыг хэдийгээр гэж гаргахыг ч шийдэх эрх баригч Монгол ардын нам гэхэд өчигдөр /2026.11.19/ Удирдах зөвлөлөө хуралдуулж, штаб байгуулахаар асуудал ярьсан гэхээр бусад намуудад хэр шахуу хугацаа байгааг таахад амархан биз.
Тиймээс бид УИХ-д суудалтай нам, эвслүүдийн удирдлага дөрөвхөн сарын дараа зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ямар байр сууртай, нэр дэвшигчиддээ ямар шаардлага тавих талаарх мэдээллийг хүргэе.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан нам хэн нэгнээс хамааралгүйгээр хамгийн өндөр боломжтой нэр дэвшигчээ дэвшүүлж, ялалтын төлөө ажиллахад бүрэн дүүрэн бэлэн байгаа
“Ардчилсан нам Төрийн сонгуульд хоёр жилийн өмнөөс бэлтгэж оролцох шинэ дүрмээ хэрэгжүүлж байгаа. Орон даяар ажлууд зохиогдоод явж байна. Гэхдээ одоо шинэ нөхцөл байдал үүсэж байна.
АН-ын дүрэмд “Орон нутгийнхаа намын байгууллагуудын саналыг харгалзаж, Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж заасан. Дотоодод тодорхой үйл явц өрнөж, намын байгууллагуудынхаа саналыг авна гэсэн үг.
Ардчилсан нам хэн нэгнээс хамааралгүйгээр хамгийн өндөр боломжтой нэр дэвшигчээ дэвшүүлж, ялалтын төлөө ажиллахад бүрэн дүүрэн бэлэн байгаа”
ХҮН намын дарга Т.Доржханд: Өргөн нарийн төмөр замын хэрүүл хийж байгаад өөртөө мөнгө хийгээд явчихдаг Ерөнхийлөгчийг огт дэвшүүлж болохгүй. Хэрэв зээ тэгсэн тохиолдолд ХҮН нам тэр хүний эсрэг ажиллана.
“ХҮН нам Ерөнхийлөгчөө захиалъя гэдэг аяныг 2021 онд хийж байсан. Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтан чинь хэн нэгэн намын төлөөлөл байх ёсгүй. Нам бус хүн байдаг. Нэг намын дотоод хагарлаас болоод Монгол Улсын хоёр Ерөнхий сайд огцорч, Их хурлын дарга солигдлоо. Энэ нь бүр дээшээ явсаар байгаад Ерөнхийлөгч нь огцордог зүй тогтол руу орчихсон байна. Энэ бол маш харамсалтай зүйл.
Монгол Улс хөгжихийн тулд тогтвортой байх хэрэгтэй. Бид 2027 онд ч гэсэн 2021 онд хэрэгжүүлж байсан аянтайгаа адилхан байр суурьтай байна. Улсын эрх ашгийг хамгаалж чадах, өндөр ёс зүйтэй, худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, гадаад хэлтэй, улсаа бүрэн төлөөлж чадах ийм хүнийг сонгох систем рүүгээ орохгүй бол болохгүй.
Ямар нэгэн хулгайч гарч ирэх, популизм хийх, эх орондоо хайртай гэдэг дүрээр гарч ирчихээд эх орныхоо эдийн засгийг унагадаг, тухайлбал өргөн нарийн төмөр замын хэрүүл хийж байгаад өөртөө мөнгө хийгээд явчихдаг иймэрхүү Ерөнхийлөгчийг огт дэвшүүлж болохгүй. Хэрэв зээ тэгсэн тохиолдолд ХҮН нам тэр хүний эсрэг ажиллана.”
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол УИХ-д суудалтай, хууль ёсны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. Гэхдээ би дангаараа шийдвэр гаргахгүй.
“Дөнгөж саяхан Ерөнхийлөгчийн ажлаа өгөх асуудал үүсээд дөрвөн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох нь тодорхой болчихлоо. Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш намуудын нэгдэл бүхий Сонгуулийн ерөнхий хороон дээр бүртгэлтэй бүтэц. Гэхдээ албан ёсоор УИХ-д суудалтай, хууль ёсны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. Эргэлзэх зүйлгүй.
МАН-ын ахалж байгаа Засгийн газарт гурван улс төрийн хүчин байна. Ажил хэргийн хамтрал байх уу, улс төрийн хамтрал байх уу гэдгээ өнөөдрийг хүртэл тохирч, гэрээ байгуулаагүй. Төсөл нь бол ирсэн. Хамтрах гэхээр ямар хил хязгаартай хамтрах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Би дангаараа шийдвэр гаргаад байр сууриа илэрхийлэх асуудал ерөөсөө биш.” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026