Мэдээ1 цаг 46 минутын өмнө
Мэдээ1 цаг 46 минутын өмнө
Одоогоос яг 16 сарын өмнө Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа Засгийн Газраас төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох хуулийн төслийг санаачлан, УИХ-д нэн яаралтай өргөн барьж, эцэслэн батлуулснаа итгэл дүүрэн зарлаж байв. Тэрээр энэ хуулийн төслийг өргөн барихын өмнө,
“Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1XBET манай улсад зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг нэрээр нэг сая хүрэхгүй ам.долларыг оруулж ирдэг хэрнээ гадагшаа 500 сая ам.долларыг урсгаж байгаа тооцоолол гарсан.”
хэмээн онцолж байсан ба тус хууль амжилттай батлагдсаны дараа буюу 2025 оны тавдугаар сарын 30-нд өөрийн цахим хаягаараа дамжуулан хууль хяналт болон банк санхүүгийн байгууллагынхныг тус хуулийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай хамтран ажиллахыг хүсэж байв.
Учир нь, тухайн үед олон улсын мөрийтэй тоглоомын 1XBET гэх сайтаар дамжин Монгол Улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаадын улсууд руу 110 гаруй “агент”-аар дамжин шилжсэн нь баримтаар нотлогдсон нь нийгэмд мөрийтэй тоглоом, цахим бооцооноос үүдэлтэй асуудал ямар хэмжээнд хурц сэдэв болсныг харуулсан ноцтой мэдээ болсон юм. Тийм ч учраас, Засгийн Газраас “Зөвшөөрлийн тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”-д тус тус нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан шинэ хуулийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлснийг зарлаж байсан.
Нэн яаралтайгаар орж, сүр дуулиантайгаар батлагдан, мөрдөгдөж эхэлсэн талаарх мэдээ нь сайт бүр дээр нийтлэгдэж, ард иргэд ч сайшаал талархлаа харамгүй илэрхийлж асан “сайхан цаг”-аас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэгжилтийн талаарх тоймтой мэдээ, дорвитой арга хэмжээ, бодитой ажлын мэдээ харьцангуй бага, байхгүй ч гэж болохоор байлаа.
Үүний хамгийн том жишээ нь, тус хуулийн төсөл санаачлагдах гол үндэслэл болсон муу нэр, луу данстай “1XBET”. Айхтар нууцлал гээд байхаар зүйлгүйгээр яг одоо ч Монголд үйл ажиллагаагаа төвөггүй үргэлжлүүлж яваа тэднийг өнгөрсөн хугацаанд хууль хяналтынхан л олж харахгүй байна уу даа? гэлтэй. Эсхүл “эрүүгийн хэрэг” тийм уужим, намбалаг дүртэй болоо юу? Төвөггүй битгий хэл бахархалтай гэгч даналзаж яваа тэдний логогоор Монголын бахархал болж буй хөвгүүд маань өвч хувцаслан дэлхийн тайзнаа гарч, түүнийг нь хэдэн зуун мянгаараа шимтэн үздэг шууд дамжуулалтын сувгууд тэдний логог толгой дээрээ тодоос тодоор залж байна.
Дээр дурдсан бүхэн нэг талаараа Монгол төрийн хууль хяналтын байгууллагуудын ажлын дүн нөгөө талаас эрх баригчдын батлаад л орхидог хэнэггүй, дорой хандлагыг гаднын улс орнууд овжноор ашиглан, манай хуулийг аймшиггүйгээр уландаа гишгэж, ард иргэдийн хөрөнгийг боловсноор дээрэмдэж буй хэрэг юм. Хэдий өмнө нь аппыг татах боломжгүй болгож байсан ч тэдний зүгээс төд удалгүй зүсээ өөрчлөн 1xbet.kg нэрээр App Store, Play Store дээр үргэлжлүүлэн хэвийн ажиллах болсон байдаг. Одоо ч тэдэнтэй хүссэн үедээ холбогдож, телеграм группд нь орох шиг амархан зүйлгүй байгаагаас хууль хаана хэрэгжиж, түүнийг хэн, ямар хэмжээнд хянаж байгааг илтгэх болов уу.
Эх сурвалжийн мэдээлснээр, 1XBET олон улсын томоохон испортын тэмцээний Монгол дахь шууд дамжуулалтын эрхийг худалдан авч, монгол стримерүүдэд ашиглуулдаг гэжээ. Үүнд ч үнэний хувь байх бүрэн дүүрэн магадлалтай ба хууль хяналтын байгууллагууд тус мэдээллийг гэрээ, төлбөрийн баримтаар нэмж шалгах шаардлагатай нүдэнд илхэн мэт.
Учир нь, 100 мянгаас дээш үзэлт авдаг спортын шууд дамжуулалтын контентод хуулиар хориглосон брэндийн лого байршиж буй нь тус хуулийн хэрэгжилтэд асуулт тавьж буй үйл явдал мөнөөсөө мөн. Энэ тухай хуулинд, аливаа этгээд төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол зөрчилд тооцож, “Зөрчлийн тухай хууль”-иар торгох, харин зар сурталчилгаа хийсэн бол хууль бус зар сурталчилгаанд тооцох-оор зохицуулсан байна. Торгуулиа төлөөд ч хамаагүй хийж буй “цайрсан” үйлдэл үү? Эсхүл хэрэгждэггүй хуультайг нь мэдээд үл тоож буй доромж үйлдэл үү?
Үүгээр зогсохгүй, үйл ажиллагааны чиглэлээр нь хориглосон гэх 1XBET-ийн веб сайтын мөнгө татах хэсэгт ХААН Банк, Капитрон Банк, ХасБанк, Худалдаа хөгжлийн банк, М банк, Төрийн банк, Ариг банк гээд Монголын ихэнх арилжааны банкны сонголтууд бүгд байх ажээ. Мэдээж энэ нь, банкууд 1XBET-тэй шууд гэрээтэй, хамтран ажиллаж байгаа гэсэн үг биш ч гэлээ хуулиар хориглуулсан үйл ажиллагаандаа тухайн улсын төлбөр тооцооны бараг л бүх сувгийг санал болгохын дээр тухайн үйлчилгээг үзүүлэгч компанийн нэр, логог ашиглаж байгаа нь агуулгын хувьд том асуудал юм.
Өөрөөр хэлбэл, энэ нь шууд утгаараа “Бид монголчуудад зориулж Монголд үйл ажиллагаагаа, дотоодын төлбөрийн хэрэгслээр нь хязгаарлалтгүй хүлээн авч ажиллаж байна” гэсэн санаа. Энэ бол холбогдох байгууллагууд шалгаж, гүйлгээ хэнээр, ямар дансаар дамжин өрнөж байгааг тодруулах Эрүүгийн гэмт хэргийн үндэслэл яалт ч үгүй мөн.
Энэ тухай хуульд “Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцно.” гэж заасан буй.
Сайт дээрээ дотоодын төлбөрийн хэрэгслүүдийг жагсааж, хэдэн зуун мянган хүний нүдэнд логогоо харуулан, үйл ажиллагаагаа төвөггүй сурталчилж, халхын хавтгайд даналзаж яваа 1XBET-ийн нэр бүхий Telegram сувгуудад монгол хэл дээрх спортын контент, бооцоот тоглоомын холбоос, сурталчилгааны мэдээлэл тасралтгүй нийтлэгддэг. Түүнд нь нэгдэн ороход ч төвөгтэй гээд байхаар чанадын нууцлал, шалгуур үгүй. Чухамдаа хуулин дээр л хориглож, “эрүүгийн хэрэгт тооцно” хэмээх хар тамгыг хайр найраагүй дарчихсанаас биш бодит амьдрал дээр нүдэнд харагдаж, гарт баригдахаар тоймтой хэрэгжсэн зүйл, авсан арга хэмжээгүй.
Монгол Улс хуулиндаа цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглоод жил гаруй болж байна
“Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцно.”
гэх энэ хууль өнөөдөр хэрэгжиж чадаж байгаа болов уу? Хэрэгжүүлэхийн тулд тэд бас бид юу хийсэн бэ? Энэ хооронд манай улс хэчнээн тэрбум, магадгүй бүр их наядаар тоологдох хэмжээний мөнгөн урсгалаа үр ашиггүйгээр гадагш алдаж, хэчнээн гэр бүл амьдралаа алдах ёстой вэ?
Хуулийн хэрэгжилт, түүнийг ханган ажиллах нь хууль батлахтайгаа дүйцэх том ажил. “Улс төрийн оноо цуглуулах зорилготой ажил байсан” гэх хардлагыг нийгэмд хэдийн үүсгэж эхэлсэн сүр дуулиантай энэ хууль бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг олон нийт мэдэх, шаардах хэрэгцээ юу юугүй тулж ирж байна.
Хууль хэрэгжиж чадаж байгаа юу? Хууль батлагдсанаар цахим бооцооны эрсдэл буурч чадсан уу? Тэгвэл яагаад одоог хүртэл…?
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 10, 2026

November 10, 2026

November 9, 2026

November 9, 2026