Халуун сэдэв4 цаг 42 минутын өмнө
Халуун сэдэв4 цаг 42 минутын өмнө
-Н.Учралын Японд хэлсэн үг БНСУ, БНХАУ-ын дургүйцлийг хүргэсэн үү-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн есдүгээр сард Япон улсад айлчилсан билээ. Түүнээс хойших сарын хугацаанд БНХАУ боомтоо засаж байгаа гэсэн шалтгаанаар Оюутолгой ХХК-ийн баяжмалын экспорт нэг хэсэг тасалдаад хэвийн болгосон бол Ерөнхий сайдын БНСУ-д хийх байсан айлчлал нь хойшлогдсон үйл явдлууд болсон. Тэгвэл эдгээр нь тохиолдлынх биш, бүс нутгийн тэргүүлэгч улсуудын талаарх Монгол Улсын тогтворгүй байр суурьтай холбоотой багахан хэмжээний дипломат дайны “сүүдэр” байсан байж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээллүүд олон улсад цацагдаж байна.
Min.news цахим хуудаст энэ сарын 5-ны өдөр нэгэн анхаарал татахуйц гарчигтай нийтлэл гарсан. Нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Японы Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа хийсэн мэдэгдэл нь олон улсад Монгол Улсын байр суурийн талаар зөрүүтэй ойлголт үүсгэж, зарим улсуудад эргэлзээ төрүүлсэн байж болзошгүй тухай өгүүлжээ.
Нийтлэл “Монгол Улсын Ерөнхий сайд Японд айлчлах үеэрээ анхаарал татахуйц мэдэгдэл хийв: Тэрбээр ердөө гуравхан сарын өмнө Хятадын өмнө гаднаа дуулгавартай мэт байсан, харин дотроо эсэргүүцэж байсан хэрэг үү?” гэсэн нэртэй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр Япон Улсад албан ёсны айлчлал хийхдээ Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн өмнө хэлсэн "Япон бол энхийг эрхэмлэдэг улс" гэх мэдэгдэлд чухал ач холбогдол өгсөн байх юм.
Гурван сарын өмнө Монгол Улс Улаанбаатарт БНХАУ-тай хамтарсан мэдэгдэл гаргахдаа “Милитаризмыг эсэргүүцэж, Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэг журмыг баримтална” гэж албан ёсоор, тодорхой тусгасан байсан аж.
Гэтэл гуравхан сарын дараа Токиод Японыг "Энхийг эрхэмлэдэг улс" хэмээн тодорхойлсон нь өмнөх байр сууриа 180 градус эргүүлсэн явдал гэж нийтлэлийг бичигч үзжээ.
Түүгээр зогсохгүй, Япон Улс Монголд 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээл өгөх шийдвэрийг цаг хугацааны хувьд Хятад, Японы хооронд олон асуудлаар томоохон санал зөрөлдөөн үүсээд буй эгзэгтэй үетэй давхцаж байгааг сануулж, “Энэ зээл нь энгийн нэг эдийн засгийн хамтын ажиллагаа юу, эсвэл цаана нь илүү гүн гүнзгий утга учир байна уу” гэж асуугаад үйл явдлыг цаг хугацааны дарааллаар задлан шинжилж, дүгнэхийг оролджээ.
Санаэ Такаичигийн “учиртай” хариу үг
Уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Санаэ Такайчигийн хэлсэн үг байгаагүй бол Ерөнхий сайдын мэдэгдэл тэгтлээ анхаарал татахгүй өнгөрөх байсан ч байж магад. Тэрбээр “Монголын хамгийн чухал "гуравдагч хөрш" болохын хувьд Япон улс "чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг"-ын хүрээнд Монголын "бие даасан байдал, тэсвэр тэвчээр"-ийг үргэлжлүүлэн дэмжих болно” гэсэн аж.
Энэтхэг, БНХАУ, АНУ, БНСУ, Япон улс сүүлийн үед Ази Номхон далайн бүс нутгийг Энэтхэг Номхон далайн бүс нутаг гэж нэрлэдэг болсон.
Тэгвэл энэ бүс нутагт том эрх ашигтай Япон улсын хувьд Хятад, Оросын хооронд орших Монголын өвөрмөц газарзүйн байршил нь чухал бөгөөд Монголыг "Энэтхэг-Номхон далайн" стратегидаа оруулах нь Токиод стратегийн хувьд үнэ цэнэтэй бөгөөд зээлийн хүүгийн орлоготой харьцуулшгүй ашигтай юм гэж нийтлэлд дурджээ.
Гурван сарын доторх хоёр мэдэгдэл: Энэ нь дипломат уян хатан байдал уу, эсвэл тогтворгүй байр суурь уу?
Эхэнд бичсэнчлэн, айлчлалаас анхаарал татсан гол зүйл нь зээлийн асуудал бус, харин Монгол Улсын ердөө гурван сарын дотор гаргасан хоёр албан ёсны мэдэгдэл байсан.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсад айлчилсан бөгөөд 15-ны өдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээний дараа хамтарсан мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “Хоёр тал Дэлхийн хоёрдугаар дайны үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг хамгаалах, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг баримтлах, фашизм, милитаризмын бүх хэлбэрийг буруушаах, мөн ийм үзэл суртлыг сэргээх аливаа оролдлогыг дэмжихгүй байх” талаар санал нэгдсэн байдаг бөгөөд нийтлэлийг бичигч энэхүү баримт бичгийг “Энэ бол Хятад, Монгол хоёр улсын хамтран гарын үсэг зурсан, хоёр орны нийтлэг байр суурийг илэрхийлсэн албан ёсны дипломат баримт бичиг бөгөөд үүний ач холбогдол нь ойлгомжтой юм” хэмээн чухал ач холбогдол өгсөн байх бөгөөд “Түүх, аюулгүй байдлын дэг журмыг тодорхойлсон ижил төстэй албан ёсны дипломат нөхцөлд Монгол Улсын ойрхон илэрхийлсэн хоёр байр суурь хоорондоо эрс ялгаатай байгаа нь гадны ажиглагчдын дунд "Монгол Улс дипломат зарчмынхаа хувьд нэгдсэн жишиг, стандарттай юу?" гэсэн асуултыг зүй ёсоор төрүүлж байна” гэжээ.
Япон Улс бүс нутгийн бусад улсуудын нэгэн адил батлан хамгаалах салбарынхаа зардлыг эрс өсгөж байгаа бөгөөд Үндсэн хуулийнхаа энхийг эрхэмлэсэн агуулгыг өөрчлөхөөр завдаж буй. Үүнийгээ зөвхөн “Өөрийгөө хамгаалах зорилготой” гэж буй ч урьдын түүхтэй эргэн тойрны улсууд нь огт өөрөөр ойлгож, болгоомжилж буй.
Санаэ Такаичи Ерөнхий сайд болсныхоо дараа БНХАУ Тайвань аралд халдан довтлох нь Японы хувьд оршихуйн аюул заналхийлсэн асуудал гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд Үндсэн хуульд ийм тохиолдолд Япон улс өөрт нь халдан довтолсонтой адилтган үзэж эсэргүүцэх заалт байдаг тул энэ мэдэгдэл нь БНХАУ-ын дургүйцлийг хүргэсэн байдаг. Түүнээс хойш хоёр улсын харилцаа таагүй байгаа бөгөөд удирдагчид нь бүс нутгийн улсууддаа төрийн айлчлал хийх үедээ хамтарсан мэдэгдэлдээ энэ асуудлыг тусгуулах буюу улсынхаа байр суурийг дэмжүүлэх бодлого баримталж буй.
Ерөнхий сайдын айлчлалаас долоохон хоногийн өмнө буюу есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ, Японыг "энхийг эрхэмлэгч улс" хэмээн тодорхойлж, НҮБ-ын Дүрэмд тусгагдсан "дайсан улсын заалт"-ыг хасахыг уриалжээ. Үүний хариуд Хятад улс уг санаачилгыг эсэргүүцэж байгаагаа олон нийтэд илэрхийлсэн гэх зэргээр дипломат дайн маш өндөр түвшинд ширүүн өрнөж буй. Мөн БНСУ нь бодлогын хувьд Японтой илүү ойр ч цэрэг дайны ажиллагаанаас нь том хохирол үзсэн түүхийн шархтай тул мөн энэ асуудалд эмзэг ханддаг. Гэтэл манай улс гурван сарын зайтай БНХАУ, Японыг аль, алиныг нь дэмжчихсэн аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 7, 2026

November 7, 2026

November 5, 2026

October 26, 2026