Ярилцлага2 цаг 5 минутын өмнө
Ярилцлага2 цаг 5 минутын өмнө
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслахтай та Төрийн ордонд маргалдсан. Энэ чухам юу болсон юм бэ?
-Би ордны коридорт яриа өгөөд зогсож байтал хажуугаас нэг эмэгтэй хүрч ирээд яриаг маань таслаад Би Б.Найдалаа сайдын туслах байна. Чи худлаа ярьлаа” гээд дайраад байсан. Энд яриа өгч байна гээд сэтгүүлчтэйгээ хамт хэлээд бараагүй. Тэгээд яриагаа дууссаны дараа нөгөө эмэгтэй гараа даллаад дайраад байсан учраас баримтжуулах нь зүйтэй юм байна гээд утсаа гаргаад бичсэн. Би тэр эмэгтэйг хэзээ ч харж байгаагүй, Б.Найдалаа сайдын туслах юм уу бүү мэд. Зохион байгуулалттай юм явчих шиг боллоо.
-Та эрчим хүчний салбарын мэргэшсэн боловсон хүчин. Үнэхээр танай салбарт асуудлууд байгаа юм уу. Нөгөө талд Эрчим хүчний сайд Б.Найдалаа танай салбарт халаа сэлгээ хийгээд байгаа юм уу?
-Эрчим хүчний салбарын хүний нөөцийг самарч гүйцлээ гэж би анх шүгэл үлээсэн. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Эдийн засгийн байнгын хорооны хуралд Г.Очирбат, Н.Батсүмбэрэл нарын гишүүд эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлого алдагдаж байна, ХҮН-д элсвэл хэлтсийн, албаны даргаар томилъё гээд улстөржүүлж байгааг хэлсэн. Арай ч дээ. Онцгой салбар шүү дээ. Жолоочийг, багшийг эрчим хүчний удирдлагаар томилж байна. Тэтгэвэрт гарсан цагдааг хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны инженер болгож болохгүй биз дээ. Эрчим хүчний салбарт аюулгүй ажиллагааны цусаар бичигдсэн маш өндөр түвшний дүрэмтэй. Менежер томилж байснаа нэрийг нь өөрчлөөд ДЦС-III, Эрдэнэтийн дулааны станцад захирлын түвшний даргыг томилсон асуудал байна. Хүний нөөцтэй холбоотой энэ мэт маш олон халаа сэлгээ хийсэн. Хамгийн гол нь, эрчим хүчний салбарт олон жил ажилласан, мэргэшсэн, туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс энэ салбарыг авч явдаг. Манай салбарын мэргэжилтнүүд энэ талаар хэлж, надад хандаж байна. Ажлаасаа халагдсан, ажлын байр нь өөрчлөгдсөн, солигдсон хүмүүс шүүхэд хандсан юм билээ. Шүүхэд хандахаар энэ хүмүүсийн олон сарын цалинг нөхөж олгох төлбөр эрчим хүчний салбарт үүсдэг. Б.Найдалаа сайдаасаа буулаа гэхэд, тэр их төлбөрийг төлөх үүрэг эрчим хүчний салбарт ногддог. Тийм учраас үүн дээр зайлшгүй дуугарах ёстой.
Эрчим хүчний салбарыг мэргэжлийн бус хүн удирдах ямар ч боломжгүй. Олон жил бэлтгэгдсэн хүний нөөцийн салбарыг самарвал энэ салбар хэдэн арван жилээр эргэж сэхэхгүй хүнд байдалд орно. Мэргэшсэн хүмүүс л энэ салбарыг ажиллуулдгийг мэддэг хүний хувьд зүрх сэтгэл өвдөж байна. Тийм ч учраас энэ асуудалд шүгэл үлээсэн. Үүний төлөө сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээнд “дүүжилж” байна. Өчигдөрхөн Б.Найдалаа сайд “Би халаа сэлгээг хийнэ. Албан тушаалаа өгч байгаа хүмүүс авлига авдаг гэж байна лээ. Энэ дунд асуудалтай хүмүүс байж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Тэр хүмүүс яагаад шүүхдээд байна вэ. Хууль зөрчсөн учраас ийм асуудал гарч байна шүү дээ.
-Нөгөө талд таны гэр бүлийн хүнийг 100 гаруй тендер авсан, эрчим хүчний салбарт ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг мэдээлэл байна. Танай гэр бүл эрчим хүчний салбарт бизнес эрхэлдэг үү?
-Би УИХ-ын гишүүн болоод хоёр жил болж байна. Гишүүн болохоос өмнө манай нөхөр, бид хоёр төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй. Бид хоёул ижил мэргэжилтэй. Манай нөхөр цахилгаан хөдөлгүүрийн автомат удирдлагаар мэргэшсэн зөвлөх инженер хүн байдаг. Энэ мэргэжлээрээ 2011 оноос 15 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт бизнес эрхэлж байна. Гишүүн болохоос өмнө нарийн мэргэжилтэй хүн улс орныхоо төлөө хувь нэмэр оруулахын тулд тендерт ороод, хямд үнэ, чанар, туршлагаар шалгарч ажлууд хийснийг хууль зөрчсөн гэж бодохгүй байна.
-2024 онд та УИХ-ын гишүүн болсон. Үүнээс өмнөх тендер ашиг сонирхлын зөрчилгүй гэж бодъё. Тэгвэл 2024 оноос хойш таныг төрийн өндөр албан тушаалд томилогдсоны дараа танай нөхрийн компани есөн тендер авсан байна лээ. Үүнд та нөлөөлсөн үү?
-Намайг гишүүн болсноос хойш манай гэр бүлийн хүн “Бодит чадал” компаниа зарсан. Түүнээс хойших асуудал манай гэр бүлтэй огт хамаагүй.
-“Хүчит хөдлүүр”, “Эрчим хэмнэлтийн төв” компанид та хувь эзэмшдгээ ХОМ-тээ мэдүүлсэн байсан. Энэ компаниуд одоо үйл ажиллагаа явуулж байгаа юу?
-Надтай ямар ч холбоогүй. Эрчим хэмнэлтийн төв компани ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Би ямар ч тендер шалгаруулалтад нөлөөлөөгүй. Хэрвээ ямар нэг байдлаар нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил гаргасан бол “Гаргаад ир. Хариуцлага тооцоход бэлэн байна” гээд байгаа.
-Танай гэр бүлийн хүний компани 2020 онд дулааны цахилгааны тоолуур нийлүүлэх тендерт өрсөлдөгчгүйгээр шалгарч, 23 гаруй тэрбум төгрөгийн тендер авсан гэсэн мэдээлэлд та ямар хариулт өгөх вэ?
-Манай гэр бүлийн хүний компани дулааны тоолуур нийлүүлдэг бизнес огт хийдэггүй. Хоёрт, манай нөхөр хүнд тусалсан юм билээ. ШУТИС-ийн багш П.Бямбацогт гэдэг хүн “Манай борлуулалтын орлого хүрэхгүй байна. Та манай компанитай хамтраад санхүүгийн дэмжлэг үзүүлээд ороод өгөөч” гэж гуйсан гэсэн. Тэр ажилд нь эхлээд ямар ч компани сонгон шалгаруулалтад ороогүй юм билээ. Хоёр дахь удаагаа зарлахад, таван компани орж, тавуулаа шалгарсан. Ганцаараа шалгарсан гэдэг ташаа мэдээлэл. Яагаад тавуулаа шалгарч байгаа юм, сонин байгаа биз дээ. Та бүхэн онлайн дэлгүүр гэж мэдэх байх. Гурван жилийн хугацаанд та бүхэн дэлгүүрээ бэлэн байлга. Энэ хугацаанд худалдан авалт хийнэ гээд ерөнхий гэрээ хийсэн. Бодит гүйцэтгэлээр дөрвөн ширхэг 17 сая төгрөгийн худалдан авалт хийсэн юм билээ. Мөнгө нь орж ирээд тэр компани руу шилжсэн гэдгийг баримттай хэлнэ. Манай гэр бүлийн хүний компани тоолуурын бизнес хийдэггүй. Юун 20 гаруй тэрбумын гүйлгээ вэ.
-Эрчим хүчний салбарт танай гэр бүл 2011 оноос бизнес эрхэлжээ. 2016 оноос хойш МАН үнэмлэхүй олонх болж, гурав дахь парламентын бүрэн эрхийн хугацаанд төрийн эрх барьж байна. Та 2024 оны сонгуулиар МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Намд та хэзээ элсэв. 2016 оноос хойших тендерт та нөлөөлсөн үү?
-МАН-ын жагсаалтын эмэгтэйчүүдийн нэгдүгээрт бичигдэж, би УИХ-ын гишүүн болсон. Энэ жагсаалтад орох хүртлээ би МАН-тай ямар ч холбоогүй байлаа. Австралийн эрчим хүчний салбарт ахлах инженер хийж байсан. Намын жагсаалт гарахын өмнөх өдөр эрчим хүчний салбараас надтай холбогдсон. Тэд “МАН жагсаалтдаа олон улсад докторын зэрэг хамгаалсан, эрчим хүчний салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа хүнийг оруулах гэж байгаа юм байна. Та материалаа өгөөч” гэсэн. Тэр дагуу материалаа өгөхөд, эмэгтэйчүүдийн жагсаалтын нэгдүгээрт бичсэн байсан. Би хүний нутгийн төлөө хүчээ өргөх биш эх орныхоо, эрчим хүчний салбарын төлөө сурсан мэдсэн зүйлээрээ хувь нэмрээ оруулах цаг болжээ гээд буцах шийдвэр гаргаад ирсэн. Намайг дөнгөж УИХ-ын гишүүн болоод удаагүй байтал УИХ-ын 80 дугаар тогтоол гарсан.
-За, тэр нь ямар агуулгатай тогтоол байсан юм бол?
-Эрчим хүчний хуулиудыг шинэчлэх ажлын хэсгийг энэ тогтоолоор байгуулсан. Бидний хувьд хүсэж, зорьж байгаа боломжийг УИХ-ын зүгээс хангаж өгсөн гэсэн үг. Нэгдүгээрт, бидний хийх ажил бол Эрчим хүчний тухай хуулиудад үнэлгээ хийсэн. Ингэхэд, энэ хуулиар дулаан, цахилгааны хангамжийн хоёр том асуудлыг зохицуулдаг, аль 25 жилийн өмнө батлагдсан. Гэтэл өнөөдөр шинэ харилцаанууд бий болж, хууль зохицуулж чадахгүй, хоцрогдсон байсан гэсэн үг. Хоёрдугаарт, хууль хэт товч, ерөнхий учраас дулаан, цахилгааны асуудлыг 800 гаруй журмаар харилцааг нь зохицуулж иржээ. Гэтэл журмаар харилцааг зохицуулдаг салбарыг хөрөнгө оруулалтын хувьд эрсдэлтэй гэж үздэг юм байна. Хөрөнгө оруулалт орж ирдэггүй, хэрэглэгчээс дамжуулагч, түгээгч, хөрөнгө оруулагч хүртэл тасралтгүй гомдол санал гарч ирж. Яагаад ийм тогтворгүй байна вэ гэхээр, өнөөдөр нэг сайд хүрч ирээд цоо шинэ журам гаргах эсвэл хүчингүй болгочихдог. Тэгэхээр хөрөнгө оруулагчид эрсдэлтэй гэж үздэг. 20 гаруй жилийн өмнө батлагдсан Эрчим хүчний тухай хуулийн 40-өөд хувь нь тусгай зөвшөөрлийн тухай, дулаан хангамжийн зохицуулалт тавхан хувийг эзэлж байсан. Тийм учраас Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн. Эрчим хүчний төрийн байгууллагуудын эрх үүрэг, цахилгаан, дулаан хангамжийн тухай, Сэргээгдэх, эрчим хүчний хэмнэлтийн гээд таван салбар хуультай байх ёстой гэдэг дүгнэлт гаргасан л даа. Дараагийн нэг асуудал нь манайх сайн туршлагыг муу судлаад нутагшуулах гээд байна. Энэ бол бидний цусанд байдаг зан чанар юм байна. Юу гэхээр, аливаа зүйлийг судлаад “За ойлгочихлоо. Энэ хэсгийг нь авчихъя” гээд бүтэлгүйтээд байдаг. Манай ажлын хэсэг үүнийг анзаараад Монголтой адил хүйтэн уур амьсгалтай хэрэглэгчээ дулаан, цахилгаанр хангадаг улсыг маш сайн судлая гээд Эстони, Дани, Унгар, Казакстан, цахилгааны өрсөлдөөнийг амжилттай хэрэгжүүлсэн Австрали, Шинэ Зеланд, Япон гээд найман улсын 12 хуулийг үг үсэггүй орчуулаад, уншиж ойлгосны үндсэн дээр Дулаан хангамжийн анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын босго давуулсан.
-Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг УИХ дэмжээгүй. Эрчим хүчний суурь хуулиа баталсны дараа та бүхний боловсруулсан төслийг хэлэлцье гэх байр суурийг гишүүд илэрхийлж байсан шүү дээ?
-Манай дэд ажлын хэсэгт ажилласан залуус эрчим хүчний салбарын шилдгүүд байсан. Энэ залуусын сэтгэл зүрх, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагдаж, боловсруулагдсан хуулийн төслийг би чуулганы индэр дээр цээжээр танилцуусан. Маш их цаг хугацаа зарцуулж, боловсруулсан энэ хуулийн төслийг дэмжихгүй унагана гэж би зүүдлээгүй явсан. ХҮН хуйвалдаан зохион байгуулж энэ хуулийн төслийг унагалаа.
-Ямар хуйвалдаан юм бол?
-Би нэг зүйлийг үнэхээр ойлгохгүй байгаа. Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ ажлын хэсэгт хамгийн идэвхтэй ажилласан гишүүн. Ажлын хэсгээс дулаан хангамжийн тухай хуулийн төслийг түрүүлж явуулъя гэдэг санал нэгдсэн. Бодит байдалд, Б.Найдалаа сайд болоод үзэл бодол нь 180 градус эргэсэн. Би энэ хуулийг хараагүй, үзээгүй, сонсоогүй, дэмжихгүй гэж очсон байгууллага бүртээ ярьсан. Өөрөө хамт суугаад боловсруулсан төслөө өөрийнх нь удирдаж буй салбарын тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх гэж байхад хараагүй, сонсоогүй мэтээр явсан. Дулаан хангамжийнхан анх удаа бие даасан хуультай болох гэж байна гээд баяр хөөртэй байсан. Энэ салбарыг шинэ тутам хөгжүүлэх боломж бололцоо, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төрийнхийг багасгах гээд олон асуудлыг зохицуулах хууль байсныг салбарын сайд нь өөрийн гараар унагаж байна гэдэг салбараа хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг хийхгүй гэдэг нь харагдсан. Энэ салбарын хүний нөөцийг самарч дуусаад, эрчим хүчний хараат байдлыг, үнэ тарифыг нэмэгдүүлэх юм байна. Салбарын төсөв хөрөнгийг эмх замбараагүй байдалд оруулах нь ээ. Тийм учраас Б.Найдалаагийн үед эрчим хүчний салбар нар үзэхгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
-Дулаан хангамжийн анхдагч хуулийн төслөө дахин УИХ руу зүтгүүлэх үү?
-Нэгэнт хууль уначихаар бүтэн жил дахин өргөн барих боломжгүй болчихдог юм байна. Тэгэхээр жилийн дараа өргөн барих эрх нээгдэхтэй зэрэгцээд сонгууль эхэлчихдэг гэнэ. Тэгэхээр бүх гишүүдийн анхаарал сулраад хууль явуулахад маш хүнд болдог гэсэн. Гэхдээ яах вэ, нэгэнт хууль уначихсан учраас чамбайруулах, бодит байдалд дээр “тестлэх” ажлыг хийгээд нэг жилээ хүлээнэ. Нэг юм л үнэн. Б.Найдалаа сайд дулаан хангамжийн хөгжлийг жинхэнэ утгаар нь гацаалаа. Өөрийнхөө толгойлж байгаа салбарын хөгжил дэвшлийн олон асуудлыг гацаах ч гэж дээ.
-Таван толгойн дулааны цахилгаан станцыг барих ёстой гэх байр суурийг та удаа дараа илэрхийлж байгаа. Эндээс тендер авах байгаа учраас таныг эрчим хүчний салбарыг харлуулах, улстөржүүлэх ажлыг хийж байна гэх тайлбарыг ХҮН-ын зүгээс хэлж буй. Үнэхээр та тендер авах сонирхол байна уу?
-Тавантолгойн дулааны цахилгаан стан барих асуудал олон жил яригдаж байгаа. Оюутолгойд дотоодоосоо тогтвортой найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах нь Тавантолгойн ДЦС юм. Тендер зарлаад, маргаантай явлаа. Энэ ажлыг зохион байгуулах арга барил нь буруу байгаад байгаа юм. Сая сэргээгдэх эрчим хүчээр хангах асуудалд аукцион зарлаж, хамгийн хямд үнэ санал болгосон компанийг шалгарууллаа. Яг энэ арга барилаар хэн хямд цахилгаан нийлүүлэх нь энэ станцыг бариад олон жил ашиглаад явах аргаар олон хөрөнгө оруулагч дунд өрсөлдөөн бий болгоод хийх ёстой.
-Үүнийг хэн хийх ёстой юм?
-Эрчим хүчний яам хийх ёстой. Гэтэл яам маань энэ ажлыг таг гацаах ажил сая хийлээ.
-Үе үеийн сайд нар гэсэн үг үү, эсвэл Б.Найдалаа сайдыг та хэлж байна уу?
-Б.Найдалаа сайд Тавантолгойн дулааны цахилгаан станцыг явуулах ажлыг таг зогсоочихлоо. Ингээд эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлсээр байна. Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавьж байгаад Өмнөговь аймгийг Хятад улс руу “алдчихлаа”. Нэг ёсондоо, эрчим хүчний салбар хэрэглэгчээ алдаж байна гэсэн үг. Өмнөговь аймаг бол эрчим хүчний салбарт орлого оруулдаг нэг хэрэглэгч. Гэтэл энэ хэрэглэгчээ БНХАУ-аас цахилгаан авдаг болгоод Монголын системээс тасалж байна. Уг нь бол яах ёстой байсан бэ гэхээр, манайх өвлийн гурван сар оройн 17:00-21:00 цаг хүртэл цахилгааны дутагдалтай. Бусад бүх цаг үед эрчим хүчний эх үүсвэрийн илүүдэлтэй. Гэтэл энэ гурван сарын хэдхэн цагийн дутагдлыг хаах оргил ачааллын үеийн эх үүсвэрүүдээ бид барих ёстой. Тэгэх л юм бол бид эрчим хүчнийхээ хараат байдлыг нэмэгдүүлэхгүй. Эрчим хүчний хараат байдлыг иргэдэд маш энгийн байдлаар хэлье. Та гэрлийнхээ унтраалгыг хүний гарт өгч байгаатай адил юм. Тийм болохоор ийм эрсдэлтэй хараат байдлыг нэмэгдүүлнэ гэдэг аюултай. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгдүгээрт үзүүлэлт бол эрчим хүч. Өнөөдөр бид түлш шатахууны хараат бус байдлын зовлонг яаж үүрч байна. Түүнтэй адил та гэрлийнхээ унтраалгыг хүнд өгчихвөл ямар зовлон бэрхшээл ирээдүйд хүлээж байх бол. Үүн дээр маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ жил 51.4 тэрбум төгрөгийн татаас тавьлаа. Ирэх жил энэ татаас хэд болох вэ. Өмнөговь дээр нэмээд аль аймгийн эрчим хүчийг Хятадаас авах юм бэ гээд асуухад хариулахгүй уурлаад түнтэгнээд байгаа. Би Б.Найдалаа сайд маш ааштай хүн юм билээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралд гишүүдийн асуултад хариулж байгаа байдлыг харахад, салгалаад чичрээд, хөмхийгөө зуугаад, загнаад зандарч хариулж байсан. Намын нөхөр П.Наранбаярынхаа хөмсгийг сэт цохьсон байсан, Б.Мөнхсоёл гишүүн нь загнаж, зандраад ширээ цохиод байдаг гээд ярьж байсан. Тэр хандлагаа гишүүдэд гаргаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 6, 2026

November 3, 2026

October 27, 2026

October 26, 2026