Мэдээ34 минутын өмнө
Мэдээ34 минутын өмнө
Нийгэмд үүссэн олон авлига, хулгайн асуудлаас үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2026.11.17/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Уг асуудлыг өнөөдөр МАН-ын бүлгээр хэлэлцсэн. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон хуралдаанаар хэлэлцэж, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар санал хураах юм.
Бид Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх хүсэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа.
-Ерөнхийлөгч өнөөдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ. Мөн МАН-ын авлига хулгайн асуудал сүүлийн үеүдэд нэлээдгүй их яригдлаа шүү дээ?
-Ний нуугүй хэлэхэд энд чинь хулгай хийдэггүй хүн цөөхөн юм биш үү. Энд орж ирээд ихэнх хүн өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө, өөрийн эсвэл хамаарал бүхий компаниа тендерт оруулахын төлөө л орсон байдаг юм байна гэж харлаа. Над шиг юу ч үгүй хүн байдаг юм уу. Тийм хүмүүс ховор байна шүү дээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноцтой мэдэгдэл хийлээ. Гэхдээ энэ байдлаараа улс төрд шинэ соёл хариуцлага тогтоох гээд байдаг хүн үү, эсвэл энэ нь цаанаа бодол, нүүдэл агуулсан үйлдэл үү мэдэхгүй байна.
Эхнэрийнхээ эрүүл мэндийн байдлын улмаас УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажлаа өгч байсан анхны хүн л гэж би хувьдаа төсөөлдөг юм. Мөн шадар сайдынхаа ажлыг өгсөн. Улмаар Ерөнхий сайд болж буцаж ирсэн. Ерөнхий сайдынхаа ажлыг бас өгч байсан.
Нэг бодлын аливаа зүйлээс нэр цэвэр буугаад байдаг. Гэтэл нөгөө талдаа бидний санаанд багтамгүй зүйлс сонсогдоод байна шүү дээ. Энэ хоёр туйлын аль нь үнэн бэ гэдгийг тогтооход бэрх байна.
Үнэнийг хэлэхэд МАН өөрөө маш том сүлжээ. Шийдвэр гаргаж, алх цохидог бүхий л эрх мэдэлтнүүдийг энэ нам өөрсдөө хувааж, засаглал, ноёрхлыг сүлжээгээрээ бүрэн бүрэлдэхүүнээр нь тавьж байна шүү дээ.
Ийм байгаа цагт энэ асуудлыг үнэнээр нь шийдэх үү. Хоёр тал болж хуваагдмагцаа авлигын хэргээ ярьж байгаа бол бүгдэд нь авлигын асуудал байна. Бүгдээрээ л адилхан байж хэрэгтэй цаг үед нэгнийхээ юмыг гаргаж байгаа нь нэг талаар увайгүй юм шиг нөгөө талаар тустай ч юм шиг байна. Эд нар хоорондоо идээ бээрээ шахалцахгүй бол бид хаанаасаа мэдэж түүнийг нь олж, тогтоож ярьж, хэлж явах юм бэ.
Авлига хээл хахуулийн энэ муухай том сүлжээ чинь аалзны тор байтугай болоод өргөжин тэлээд явж байна. Энэ дөрөв дэх өдрийн чуулганаар хэрвээ УИХ хуулиараа шийднэ гэвэл яах вэ. Буцаагаад Ерөнхийлөгчөөрөө ажилла гэвэл яах вэ.
АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч ажлаа өгөөд шалгуул гэсэн нь бас сонин. Улс төрд хүмүүс юу ч хийж чадаж байна. Тиймээс зохион байгуулалттай харилцан тоглолт байх вий гэж хардах өнцөг байж болохоор юм шиг байна. Тэгэхээр иргэд л хэрсүү байх хэрэгтэй.
Ард түмний санаа бодлыг жижигхэн зүйл рүү төвлөрүүлж байгаад томчууд ар хударгаар наймаалцаж, тохироо хийдэг. Энэ олон хулгайг хоёр талаас гаргаж байхад аль нь аль гэхгүй бүгдээрээ адилхан гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Бид авлигаас ангижрахгүй бол хөгжлийн замгүй, иргэд нь ядуурсаар л байна.
Энэ эмгэнэлт байдлаас гарах зөв мөчлөг зааг нь одоо ч байж болно. Энэ улсыг хохироогоод, иргэдийн дампууруулаад байгаа хүмүүстээ анхаарах хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн асуудлын талаар чуулган ил саналт хураалт явуулна. Та үүнд ямар санал өгөх вэ? Мөн Ерөнхийлөгчийг өнгөрсөн таван жилд хэр ажилласан гэж үзэж байна вэ?
-У.Хүрэлсүх бол Ерөнхийлөгчийнхөө хувьд сайн ажилласан. Би үүнийг ил хэлнэ. Тэр дундаа гадаад бодлого, гадаад харилцааны хамтын ажиллагааг үнэхээр сайн хийсэн. Хүнсний хувьсгал, цагаан алт, тэрбум мод гээд хөтөлбөрүүдийг санаачилж хийсэн байна.
Энэ хүнийг бүх талаар нь харлуулаад байж болохгүй. Гэхдээ Ерөнхийлөгч нэгэнт өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэе, авлига хээл хахуулийн хэрэгт холбоогүй гэдгээ нотолъё гэж байгаа бол үүнийг хүндэтгэсэн нь дээр. Хүлээн зөвшөөрөөд тэр шалгалтанд нь явуулах хэрэгтэй.
Хэн байхаас үл шалтгаалаад аливаа ноцтой асуудалд нэр холбогдсон бол шалгах нь зүйтэй. Он удаан жил бие биенээ хаацайлсны эцэст одоо л овоо шалгуулъя гэдэг болж байна. Энэ бол зөв жишиг. Гэхдээ энэ зөвхөн шалгуулахын төлөөх үйлдэл байв уу, эсвэл дараа дараагийн өөр нүүдэл хийх гэж байна уу гэдгийг иргэд маань харах байх.
Ерөнхийлөгч улс төрийн карьерийн дээд оргилд хүрлээ шүү дээ. Тэгэхээр дараагийн хүрэх албан тушаал байхгүй байх гэж бодож байна. Миний бодлоор Монгол ардын намаа авна гэж үзэх болов уу даа. Тэгэхээр хуулиараа ерөнхий сайд болж орж ирэх байх гэж харж байна.
Ямар ч байсан энэ Засгийн газраас хэрэгт нэр холбогдоод байгаа зарим нэгэн сайд нар ажлаа өгөөд шалгуулах нь зөв. Хэдий болтол улс төр авлигын сүлжээ байх юм бэ. Энэ байдлыг таслан зогсоохгүй л юм бол улс төрд баяжих гэж орж ирэх хүмүүсийн цуваа арилахгүй шүү дээ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.