Мэдээ2 цаг 5 минутын өмнө
Мэдээ2 цаг 5 минутын өмнө
“Бодь”-ийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах бичигт 86 гишүүн гарын үсэг зурсан талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр ““Бодь”-ийн 110 сая долларын гэрээг Хянан шалгах түр хороо байгуулах бичигт 86 гишүүний гарын үсэг цугласан.
2019 онд ҮАБЗ-ийн 05/05 дугаартай зөвлөмж гарах үед тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлж, бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ажиллаж байсан. Уг зөвлөмжөөр төмөр зам болон нүүрсний оффтек гэрээтэй холбоотой хоёр асуудлыг төрийн нууцад хамааруулсан нь үндэслэлтэй эсэх талаар эргэлзээ, хардлага дагуулсаар ирсэн.
Үүний дараа Засгийн газраас шийдвэрүүд гарч, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК болон "Бодь интернэшнл" ХХК-ийн хооронд төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ байгуулагдсан байдаг.
Гэрээнд гарын үсэг зурсан дараах холбогдох албан тушаалтнуудаас
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр ял шийтгүүлсэн, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал гадаад руу явсан, "Бодь интернэшнл" ХХК-ийн тухайн үеийн захирал А.Амундра мөн хилийн чанадад байгаа бөгөөд цахим сүлжээгээр дамжуулан үнэн бодит мэдээллийг өгөх, гэрчийн хамгаалалтад авах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярт тавьж байсан.
Энэ гэрээ, ҮАБЗ-ийн зөвлөмж гарч байхад ЗГХЭГ-ын сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ холбоотой баримтуудыг АТГ-т шалгуулахаар өөрийн биеэр аваачиж өгч байсныг та бүхэн мэдэж байгаа.
ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар тодорхой мэдээллүүдийг ил болгож байгаа. Зарим хүмүүсийн нэр холбогдож, хөрөнгөө нотолж чадахгүй байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжилж, хэвлэлийн ажлаа хийсэн болгон хохирол амссан.
Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг уг асуудалтай холбоотой нууцын зэрэглэлтэй баримтыг нийтэлсэн үндэслэлээр ял авч байсан. Нэлээн олон хэвлэл энэ асуудлаар шалгагдсан. Энэ сэдвээр хүмүүс ярихаас эмээдэг болсон.
"Бодь"-ийн гэрээг ил болгоё гэсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаасаа огцорсон. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа "Бодь"-той холбоотой асуудлыг "Бортээг" болгож намайг гүтгэж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ хэмээсэн. Үр дүнд нь мөн л ажлаа өгсөн.
Г.Занданшатарын Засгийн газрын үед энэ талаар ярья гэж, би мэдээлэл өгч байлаа. Үүний дараа Г.Занданшатар огцорсон. ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар "Бодь"-иос авлига авсан агуулгад У.Хүрэлсүхийг холбож байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Монгол Улсын Төрийн тэргүүн шалгуулъя гээд буучихлаа. Энэ хугацаанд улс төрд өрнөсөн үйл явцыг та бүхэн дүгнээд үзээрэй. Заавал шалгаж, үнэн мөнийг эцэслэх цаг болсон гэдгийг харуулж байна. Энэ гэрээг ярихаар л хүмүүс ял завшиж, хэлмэгддэг вэ.
110 сая доллараар яригддаг маш том мөнгөний хэрэг. Тооцоонууд нийлдэггүй, ард нь маш их авлигын хэрэг, түүнд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй. Хуулийн дагуу түр хороог байгуулж, асуудлаа ярьсан нь зөв.
Энэ асуудлыг одоо улстөржүүлж биш нотлох баримттайгаар ярих цаг нь болсон. Үүнийг дэмжиж 86 гишүүн гарын үсэг зурлаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 27, 2026

November 27, 2026

November 25, 2026

November 25, 2026