Видео2 цаг 41 минутын өмнө
О.Цогтгэрэл: Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнаж, сайн, муугаа ард түмнээр дүгнүүлэх ёстой
Ардчилсан намаас 4/11 ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллээр тус намын дарга О.Цогтгэрэл Оюутолгойн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг орлогоо нотлохыг шаардлаа. Тэрбээр
-Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг тойрч улсаараа хэрэлдэж байна. Хөшигний ард маш олон асуултын тэмдэг байна. Яг үнэндээ гурван их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдэг дээр Засгийн газар хариулт өгөх ёстой. Энэ мөнгийг жил бүр авах байр суурийг хөрөнгө оруулагч талаас илэрхийлсэн үү гэдгийг тодотгох ёстой. Яг одоо авч байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэхэд "Рио Тинто" группийн зүгээс албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Нэг удаагийн төлбөр Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр санал болгосон байх магадлалтай. Хэрэв нэг удаагийн төлбөр юм бол нөгөө талд нь нэг зүйл авахаар тохиролцсон байж таарна. Магадгүй үүний цаана Оюутолгой ордын 30 хувьтай тэнцэх хэмжээний нөөцтэй "Онтре"-гийн тусгай зөвшөөрөлтэй баялаг бүхий ордыг наймаалцсан гэх асуудлыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч талаас одоог хүртэл албан ёсны байр сууриа илэрхийлж, вэб сайтаараа Монголын талд ногдол ашиг өгнө гэж нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй байна. "Онтре"-тэй холбоотой хэлэлцээрийн түвшин ахиж байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр та бүхнийг энэ асуудалд илүү анхаарал хандуулахыг хүсч байна. УИХ дахь АН-ын зүгээс энэ асуудалд нэгдсэн байр сууриа нэгтгээгүй байгаа. Ер нь дэлхий нийтээрээ байгалийн баялгийг ард иргэддээ хүртээх ёстой бол Баялгийн сангаараа дамжуулан хувьцаа болж очдог, хуримтлуулдаг болсон. Энэ тогтолцооны учир зүй улс орнууд аль хэдийнэ олчихсон. Ардчилсан намын хувьд Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн байгаа. Ер нь авлигажсан төсөл, төсвийг санхүүжүүлэх гэж байсныг АН-ын бүлгээс зогсоож, УИХ-аар хууль хэлэлцүүлэхээр болсон нь сайшаалтай.
Дараагийн асуудал, Монгол Улсын төрийн тэргүүнтэй холбоотой мэдээлэл хэвлэлээр их гарч байна. Төрийн тэргүүний хөрөнгө орлоготой холбоотой эргэлзээтэй асуудал гарч байна. Хэрэв Монгол Улсад бүх хүн хууль шүүхийн өмнө ижил, тэгш байх ёстой юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд цэг тавих ёстой. Ардчилсан эрх зүйт төртэй улс мөн юм бол хуулийн байгууллагууд хариулт өгөх ёстой. Мөн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавих ёстой. Ингэж байж олон нийт Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотой ажлыг сайн, мууг нь үнэлж, дүгнэнэ. Бид хуулийн өмнө адил, тэгш эрхтэй байх ёстой” гэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


