Мэдээ1 цаг 6 минутын өмнө
Мэдээ1 цаг 6 минутын өмнө
Төв нам, УИХ-ын бүлгээр хязгаарлагдаж байсан МАН-ын хагарал орон нутагт халдварлажээ. Тодруулбал, төв намаас орон нутгийн намын хороодынхоо үйл ажиллагаанд оролцож, дүрмийн бус шийдвэр гаргуулахыг эрмэлзэх болжээ.
Ирэх даваа гарагт хуралдаж, Бага хурлынхаа товыг тогтоохоор товлоод байсан Төв аймгийн МАН-д энэ байдал тохиолджээ. Төв намаас нь тус аймгийн намын хорооны тэргүүлэгчдийг дарамталж, намын даргын оролцоогүй Тэргүүлэгчдийн хурлыг зарлуулахыг оролдож байгаа аж.
Төв аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар энэ талаар сошиал хуудастаа бичиж, “Төв нам болон Засаг төрд байгаа хагарал хуваагдлаа Намын дунд шатруу оруулж хагалан эвдрэлцүүлэх ажиллагаагаа зогсоохыг Намын удирдлагуудаас хичээнгүйлэн хүсье. Төв аймгийн 12000 намын гишүүдийн эрх ашгийг хамгаалж Намын дүрэм сахиулж шаардаж ажиллах болно. Дүрмийн бус шахалт дарамт үзүүлж байгаа асуудалд Намын залуу дарга Н.Учрал таныг анхаарал хандуулахыг хүсье” хэмээн бичжээ.
Орон нутгийн сонгуульд МАН ялж олонх болсон хоёр ч аймгийн ИТХ Аймгийн Засаг даргаа ИТХ дахь АН-ын бүлэгтэй хүч хавсран огцруулсан үйл явдал болж, асуудал УИХ, Засгийн газрын түвшинд хүрээд буй. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Увс, Булган аймгийн ИТХ-дахь АН-ын бүлгийн шийдвэрээ хамгаалан Ерөнхий сайдад хандаж, Засаг дарга нарыг огцруулсан шийдвэрийг батламжлахгүй бол Ерөнхий сайд Н.Учралыг ҮХЦ-д, ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т өгч шалгуулна гэж мэдэгдсэн юм.
Дээрхээс үзэхэд, МАН талцал хуваагдал нь орон нутагт халдварласан байдалтай Ерөнхийлөгчийн сонгуультай золгож болзошгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.