Оддын хувийн амьдрал2 цаг 22 минутын өмнө
Оддын хувийн амьдрал2 цаг 22 минутын өмнө
Холливудын алдарт жүжигчин Ричард Гирийг та бүхэндээ танилцуулья. Тэрээр жүжигчний карьер “хөөх” болсноосоо хойш үе үе амардаг зуршилтай байсан. 2025 онд уг заншлаа дагаж нэг ч кинонд тоглоогүй тэрээр энэ жил “The Basics of Philosophy”, “The Off Weeks” гэсэн хоёр ч кинонд тоглон орчин үеийн хэллэгээр “эргэж ирээд” байна.
Гэхдээ, Ричард үнэндээ кино урлагаар хязгаарлагдахгүй дэндүү баялаг амьдралтай нэгэн. Далай ламын сайн найз, Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч тэрээр жүжигчин болохоосоо өмнө маш олон салбарт оролдлого хийж байсан элдэвтэй нэгэн. Түүний амьдралын олонд төдийлөн түгээгүй хэсэгтэй танилцья.
Голланд, Ирланд, Англи гээд олон цус холилдсон удамтай түүнийг Европчууд “өөрийн хүн” гэж тооцдог бол америкчууд “Манай Жиголо” хэмээн дотносдог аж. Энэ бол 1980 онд бүтээгдсэн, Ричардыг “од” статустай болгосон киноных нь нэр л дээ. Олон хүүхэдтэй фермерийн гэр бүлд мэндэлсэн тэрээр Хойд Сиракьюзын дунд сургуулийг төгсөөд Амсхерт дэх Массачусетсийн Их сургуулийн Гүн ухааны факультетэд тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болсон байна. Тухайн үед ирээдүйн алдартан маань онц сурлагатан, гимнастикаар муухан тамирчнаас илүү амжилт үзүүлчих чадвартай, хөгжим тоглож бас зохидог, товчхоноор хэлбэл Форрест Гамп маягийн нөхөр байжээ. Гэхдээ Форрестоос ялгаатай нь улс төрийг ихээхэн сонирхдог байж. Тэрээр зуны амралтаараа Катмандуд очиж, тэр зунаа Вьетнамын дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон гэдэг.

1993 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Түвдийн талаар баримталж буй БНХАУ-ын бодлогыг шүүмжилсэн үг хэлсэн тул энэ шагналд өрсөлдөх эрхийг нь хассан. “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг жүжигчнээр шалгарч үзсэн тэрээр хэрвээ “Оскар”-т оролцдог байсан бол энэ шагналыг хүртэж чадах ч байсан байж магад.
Ричардын оюутан ахуй цаг, 60-аад он бол залуус “Хиппи” буюу тэнэмэл, эрх дураараа амьдрах явдлыг ид сонирхож байсан үе. Р.Гир ч нэг хэсэг бусад залуусын адил “Харли” унан давхиж, өөдөөс үлээх салхийг залгиж явжээ. Амьдралынх нь энэ зурвас үед кокаин, цоохор мөөг түүний хувьд ердийн хэрэглээ нь байсан гэдэг. Тэрээр энэ үеэ “50-иад оны үзэсгэлэнт од Рита Хэйворттой төстэй бүсгүйг сундлаад моторт хүлэг дээрээ үл мэдэг найган давхих дуртай байлаа” хэмээн дурссан байдаг юм.
Тэр үед Р.Гир “Chevelles”, “Strangers” зэрэг хамтлагт тоглон Боб Диланы дуунуудыг сонсдог байв. Энэ үед тэр супер баатруудын тухай өгүүлсэн кино үзэх дуртай байснаас бус өөрөө жүжигчин болох тухай огт бодож байсангүй. Ямар нэг рок хамтлагийн гишүүн болж амжилтад хүрэх л гол зорилго нь байжээ.
Хачирхалтай нь түүнийг жүжигчин болоход нөлөөлсөн гол хүчин зүй нь Вьетнамын дайн байсан юм. Дайн эхэлсний дараа тэрээр сургуулиа орхиж, жүжигчний дамжаанд суралцах болжээ. Түүнээс гадна Ричард дөнгөж жүжигчин болсныхоо дараа жил Бернардо Бертолуччи, Акира Куросава нарын бүтээлд тоглосон азтай эр.
Түүнийг буддын шашин шүтдэг болохоор нь “даруухан эр” гэж андууравзай. Хорвоогийн тоосыг 67 жил хөдөлгөхдөө Жулия Робертс, Шарон Стоун, Ким Бэсинжер, Жоди Фостер, Ума Турман зэрэг Холливудын сайхан бүсгүйчүүд, Синди Кроуфорд тэргүүтэй тоолохын аргагүй олон загвар өмсөгчидтэй учир ургуулж явжээ.

Тэдний дунд “Vogue” сэтгүүлийн редактор Лайза Лав хүртэл бий. Түүний хүүхнүүдийг “панаалдах” арга тун энгийн. Өөрөөр хэлбэл, хүүхэн найрахын тулд тэр юу ч хийдэггүй. Тэд өөрсдөө л гүйгээд ирцгээдэг гэнэ. Түүний хайрын “балнаас” нэг хэсэг амталсан Жулия Робертс Р.Гирийг залхуу мууртай зүйрлэсэн байдаг. Үнэхээр ч, тэр хүүхнүүдэд юу ч амладаггүй. Гэрлэлт, хүүхэд, итгэл, тэр байтугай хайр… Гэсэн ч хүүхнүүд түүнд яг л баланд дурлах ялаа мэт гүйсээр байдаг ажгуу.
Ричард гурван хүүтэй. Том нь 2000 онд төрсөн Гомер Жеймс Жигмэ гэдэг хүү бий. Загварын тайзнаас дэлгэцийн урлаг руу хальтран Жеймс Бондын бүсгүйн дүрийг бүтээж явсан Гэри Лоуэлл хэмээх бүсгүй Ричард Гирт үнэрлэх үрийг нь төрүүлж өгсөн. Тэд 2003 он гэрлэлтээ батлуулж, 11 жил амьдарсан ч 2014 онд албан ёсоор салжээ.

Түүнээс хойш ганцаараа хэсэг бужигнуулсныхаа дараа Алехандра Сильва хэмээх испани бүсгүйтэй гэрлэж, Александр /2019/, Жеймс /2020/ хэмээх хоёр хүүтэй болсон.

Алехандра Сильва нь Испанийн бизнесмен, хөлбөмбөгийн “Реал Мадрид” багийн дэд ерөнхийлөгч асан Игнасио Сильвагийн охин бөгөөд Мадрид, Лондонд суралцан зар сурталчилгаа, маркетингийн мэргэжил эзэмшсэн нэгэн. 2007 онд эмзэг бүлгийн хүүхдүүд болон дүрвэгсдэд туслах зорилготой Beautiful Life санг хамтран үүсгэн байгуулсан, хүмүүнлэгийн үйлстэн бүсгүй аж.
Дашрамд сонирхуулахад, Ричард эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн ч шүтээн гэнэ. Карьерийнхаа эхний жилүүддээ ижил хүйстэн залуугийн дүрд тоглосноос хойш гомо залуусын шүтээн болжээ. Р.Гирт баатрын дүр зохидоггүй. Үүнийгээ өөрөө ч мэддэг. Хүссэн бол тэр “Хатуу самар”-т тоглож чадах байлаа. Найруулагч Жон МакТирнан нь Брюс Уиллисээс урьтан түүнд санал тавьсан ч тэр татгалзсан гэдэг. Энэ нь ч зөв шийдвэр байсан юм. Б.Уиллис хэдийгээр хоёр дахь сонголт байсан цагдаагийн офицер Жон МакКлейний дүрийг гайхалтай амьдруулсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.