Мэдээ1 цаг 47 минутын өмнө
Прокурорын байгууллагын нэрийг барьж иргэнээс 3.4 сая төгрөг залилжээ
Энэ оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэнийг прокурорын байгууллагаас холбогдож байна хэмээн дансан дахь мөнгийг нь авч залилжээ.
Тодруулбал, “Таны хувийн мэдээлэл, банкны дансны мэдээлэл алдагдсан байж болзошгүй байна, Таны нэр дээрх дансаар хууль бус гүйлгээ хийгдэх эрсдэлтэй байгаа тул мэдээллээ яаралтай баталгаажуулна уу” гэж итгүүлэн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг болон нэг удаагийн баталгаажуулах код зэргийг авсан байна.
Улмаар иргэний хувийн мэдээллийг ашиглан интернэт банканд нэвтэрч, дансанд байсан 3.4 сая төгрөгийг өөр данс руу шилжүүлэн авсан байна.
Иймд иргэд та бүхэн аливаа дугаараас ирсэн дуудлага мэдээллийг сайтар шалган, танихгүй хүнд банкныхаа нууц үг болон нэвтрэх нэрээ өгөхгүй байхыг анхааруулж байна.






