Нийтлэл3 цаг 1 минутын өмнө
Нийтлэл3 цаг 1 минутын өмнө
Өвлийн хүйтэн наашилж, иргэд өвлийн идшээ бэлтгэж эхэлжээ. Гэвч махны үнэ өсөж, өрхийн орлого амьдралын өртгөө гүйцэхгүй байгаа энэ үед өвлийн идшээ базаах нь олон айлын хувьд амаргүй даваа болж байна. Өмнөх жилүүдэд бүтэн үхэр худалдан авдаг байсан айлууд энэ жил санхүүгийн боломждоо тааруулан өрөөлдөж, зарим нь бүр бага хэмжээгээр мах авч байгааг худалдаа эрхлэгчид болон иргэд хэлж байна.
Зөв.мн сайтын сурвалжлах баг өвлийн идшийн бэлтгэл, махны үнэ ханш, иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо.
Тус захад үхрийн мах нэг килограмм нь 21-23 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин бүтэн үхрийн үнэ нас, жин, тарга тэвээргээсээ хамааран 2.5-5.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Хонины махны нэг гулууз 350-400 мянгад хүрчээ.
Махны худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар энэ жилийн өвлийн идшийн худалдан авалт өмнөх жилүүдийнхээс муу байгаа аж. Иргэд бүтэн үхэр авах сонирхолтой ирдэг ч үнийг нь сонсоод худалдан авах хэмжээгээ багасгаж, боломждоо тааруулан сонголтоо өөрчлөх болжээ.
Махны худалдаа эрхлэгч “Энэ жилийн худалдан авалт өмнөх жилүүдтэй харьцуулахад дундаж байна. Өмнө нь хүмүүс том үхэр авна гээд ирдэг байсан бол одоо үнийг нь сонсоод арай бага жинтэйг нь авахаар болж байна. Иргэдийн мөнгөний боломж муудсан нь илт анзаарагдаж байгаа.
Би өнөө өглөө 27 үхэр авчирсан. Одоогоор 10 нь үлдсэн байна. Уг нь энэ үед бараг бүгд зарагдчихсан байдаг юм. Гэтэл энэ жил борлуулалт удаан байна. Хүмүүсийн амьдрал хүнд байгааг худалдаанаас ч харж болохоор байна” гэв.
Иргэдийн хувьд махны үнэ өссөнөөс гадна шатахуун болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өрхийн төсөвт нь давхар дарамт болжээ. Үүний улмаас өвлийн идшээ нэг дор бэлтгэх боломжгүй болж, хэсэгчлэн худалдан авахад хүрч байгаагаа хэлж байв.
Иргэн “Өвлийн идшээ авахаар явж байна. Гэхдээ хоёр хонь авахад л бараг 700 мянган төгрөг болж байна. Баруунсалааны зах орж үзсэн, тэнд ч ялгаагүй үнэтэй байна. Хонины мах 18-19 мянган төгрөгийн үнэтэй байна лээ.
Үхрийн мах харьцангуй гайгүй, 21-23 мянган төгрөг байна. Гэхдээ өмнө нь бүтэн үхэр авчихдаг байсан айлууд энэ жил тэгж чадахгүй байна. Боломжтой нь бүтнээр нь авч байгаа байх. Бусад нь өрөөлдөж, бага багаар л авч байна.
Шүдлэн үхэр авахад хүртэл хоёр сая гаруй төгрөг болж байна шүү дээ. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалин мөнгө хүрэлцэхгүй байна. Дээрээс нь бензин шатахууны үнэ нэмэгдсэн. Хөдөө орон нутгаас малчид малаа тээвэрлэж ирэхэд шатахууны зардал нь өснө. Тэр зардал нь эцэстээ махны үнэд шингэж байгаа байх. Төр засаг мах, шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй байна” хэмээн ярив.
Харин зарим иргэн махны үнийг бусад худалдааны цэгтэй харьцуулахад Хүчит шонхор захад харьцангуй боломжийн байгааг онцолж байлаа. Тухайлбал, нэг иргэн малчид махаа шууд худалдаалж буй цэгээр үйлчлүүлэхэд үнэ өндөр байсан тул Хүчит шонхор захыг сонгосон гэв.
Иргэн “Өчигдөр малчид малаа худалдаалж байгаа газар очсон. Тэнд үхрийн мах хамгийн багадаа 22 мянган төгрөг байсан. Харин эндээс килограммыг нь 21 мянган төгрөгөөр авлаа. Чанарын хувьд ч дажгүй мах байна.
Гэхдээ энэ жил мах ер нь үнэтэй байна. Үнэ өндөр байгаа нь иргэдийн худалдан авалтад нөлөөлж байгаа нь илт мэдрэгдэж байна” гэлээ.
Өвлийн идшээ бэлтгэх нь айл өрхүүдийн хувьд жил бүрийн намар, өвлийн зайлшгүй зардлын нэг. Гэвч энэ жилийн хувьд махны үнэ, шатахууны өртөг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд ийнхүү дарамт болж байна.
Өвлийн хүнсээ нөөцлөх нь битгий хэл өдөр тутмын хэрэглээгээ хангахад ч санхүүгийн хүндрэлтэй байгаа иргэдийн хувьд өвлийн идшээ бэлтгэх нь томоохон зардал болжээ. Өмнө нь бүтэн үхэр худалдан авдаг байсан өрхүүд энэ жил өрөөлдөж, зарим нь хонины махаа ч боломждоо тааруулан авч байгаа нь иргэдийн худалдан авах чадвар хэр хэмжээнд хүрснийг харуулж байна.
Махны сонголт арвин лангуугаар өрөөстэй ч түүнийг авах мөнгө иргэдийн халаас нимгэн байна. Өвөлдөө бэлдэх ёстой энэ үед өрхийн орлого, амьдралын өртгийн зөрүү иргэдэд улам бүр мэдрэгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 26, 2026