Халуун сэдэв1 цаг 24 минутын өмнө
Халуун сэдэв1 цаг 24 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулаад өөрийнхөө байр суурийг илэрхийлье.
Сүүлийн сар гаруй хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээргүй довтолж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч ҮАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг хүн гэдгийг та бүхэн маань бүгдээрээ ойлгож байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг бол Монголын ард түмний нэр хүнд рүү халдаж байгаа хэрэг юм.
Монгол Улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд улс орныхоо гадаад харилцаа хамтын ажиллагааг илэрхийлж явдаг. Гадаад нэр хүндтэй шууд холбоотой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй хүнд онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна шүү дээ. Ингэж болдог юм болов уу? Энийг би хэлэхийг хүсэж байна. Хэсэг чимээгүй явлаа, харлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч юм болгонд хариулт өгөөд л сошиал ертөнц рүү ороод янз янзын асуудал яриад бичээд байдаггүй, ийм боломж ч байхгүй, ярих, ярихгүй юм гэж байна.
Хариуцлагатай албан тушаал гэдгийг та бүхэн маань бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас өнөөдөр албан ёсны байр сууриа илэрхийлье гэж бодсон юм. Монгол Улсад хүн засаглахгүй хууль засаглана. Хуулийн доор бүгд тэгш эрхтэй байна. АН-ын бүлэг өчигдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэнээ тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан байна лээ. Би үүнтэй санал нэг байгаа.
Төрийн тэргүүн үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнөө тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн энэ эрхэм үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Тэгээд миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор хэлэхийг хүссэн юм.
Гадаад харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүд сайхан өсөж бэхэжлээ. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам сайхан өсөж өндийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах энэ хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа.
Янз бүрийн бодлогын алдаа Төрийн тэргүүн гаргаагүй, олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа сайжруулсан. Дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг болсон.
Дэлхийн олон улсын төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд яаж өсөж бэхжиж тэлсэнийг та бүхэн энэ сүүлийн 5 жилийн хугацаанд олж харсан байх гэж бодож байгаа.
Би 17 настай байхдаа эх орондоо тангараг өргөж цэрэг эр болсон хүн байгаа юм. Би одоо офицер хүн. Худлаа ярьж явсангүй, хулгай хийж явсангүй, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан характер. Үүнийг манай ард түмэн ч мэднэ, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн маань ч мэднэ. Тийм учраас шударга ёс тогтоохын төлөө энэ эрхэм дээд үүрэгт ажлыг хүлээлгэн өгч байна. Нэр төрөө сэргээлгэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах энэ хугацаандаа би ард түмнээсээ, төр засгаасаа хулгай хийж байгаагүй хүн. Харин хулгайд алдагдсан үйлдвэр завод баялгийг эх орондоо авчирч байсныг та бүхэн минь бүгдээрээ мэдэж байгаа.
“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийг, Багануурын уурхай, “Бор-Өндөр”-ийн уурхай хулгайд алдагдсаныг олж авчирч байлаа. Салхитын мөнгөний орд, Гутаан даваа, Тост Тосон бумбын орд, Хармагтайн орд, Ноён уул гээд манай ард түмний өмч хөрөнгүүд бусдад алдагдсан байхад нь бүгдийг нь олж авчирч өнөөдрийн Баялгийн сангийн үндэс суурийг тавьж байсныг та бүхэн маань бүгдээрээ санаж байгаа. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо төлөө зүтгэж ажилласан гэдгээ би зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Ажлаа хүлээлгэж өгөөд сайхан иргэн болно. Үүний дараа хэвлэл мэдээллийнхэн та бүгдтэй уулзаж, бүх зүйлийг сайхан ярьж өгнө. Надад бас ярих хөөрөх зүйл их байгаа. Төрийн тэргүүн байх хугацаанд бас ярих, ярихгүй зүйл гэж байдаг юм. Үүнийг та бүхэн маань ойлгож байгаа байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хадгаламж банк АНОД банкаас хулгай хийгээд ял авсанаа мартсан юм уу лалараа

November 15, 2026

November 12, 2026

November 12, 2026

November 7, 2026