Энэ Парламентын "Эко хатагтай"

Zuv.mn
2024/06/11

76/1 булан УИХ-ын гишүүн, Б.Саранчимэгийг онцолж байна. Б.Саранчимэг гишүүн 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшин УИХ-ын гишүүүнээр сонгогдсон. 2022-2023 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллажээ.

Б.Саранчимэг УИХ-ын өндөр боловсролтой гишүүдийн нэг. Боловсролыг зөвхөн олон сургууль төгссөнөөр хэмждэггүй. Сурлагын дүн, мэргэжлээрээ ажилласан байдал гэх мэт нэмэлт үзүүлэлтүүд бий. Б.Саранчимэг гишүүн Дундговь аймгийн I 10 жилийн сургуулийг 1986 онд алтан медальтай төгссөн. Ингэхдээ 40 улирал дараалан онц гарч, төгсөх жилээ аймгийнхаа математикийн олимпиадад түрүүлжээ.

Өөрийгөө мэдчихлээ, чадчихлаа, барьж авсан ажлаа хийчихлээ, болчихлоо гэж санаа амардаггүй. Сураад, ажиллаад, шинэ сорилт, шинэ зорилго гарч ирэнгүүт сураад, хөгжөөд,  ажиллаад явдаг авууштай чанартай юм байна.

1987-1993 онд ЗХУ, одоогийн ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуулийн Удирдлагын автоматжуулалтын системийн инженерийн ангид суралцаж төгссөн. 1993 оноос 1999 он хүртэл УИХ-ын Тамгын газрын Компьютер сүлжээ хариуцсан администратороор ажиллахдаа Тамгын газрын анхны дотоод сүлжээ, вэбсайтыг гардан хийгээд 1999-2003 онд Хавайн Номхон далайн их сургуульд Мэдээллийн технологийн мэргэжлээр суралцжээ. 

2006 онд “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын байгуулж, Нийслэлийн ИТХ-д сонгогдоод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулан хөл дээр нь босгосон байна.   

Б.Саранчимэг гишүүн өнгөрсөн дөрвөн жилд 18 хууль өөрөө болон бусадтай хамтран санаачилснаас 15 нь батлагджээ.

Мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, ахмад настан, эхчүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг сайжруулах агуулгатай хуулиуд дээр ажилласан байна.

Малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж малчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх өргөн зорилготой Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Газрын тухай хууль нь өргөн баригдсан, хараахан батлагдаж амжаагүй байна.

Одоо сонгууль болж байна. Нэр дэвшигчид сонгогчдод хандаж зорилгоо тайлбарлахдаа “Хууль хэрэгжүүлэх түвшинд ажиллаж байсан учраас хууль тогтоох түвшинд ажиллаж алдааг засна” гэх нь олонтаа. Тэгвэл Б.Саранчимэг гишүүн үүнийг амьдрал дээр хэрэгжүүлчихсэн хүн юм.

Тэрбээр байгаль орчин, ногоон хөгжил, эко хүнс, агаарын бохирдол, эдгээртэй холбоотой амьдралын чанарын асуудал, байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтын асуудлыг хөндөж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаараа олон нийтэд "Эко хатагтай" гэж танигдсан. УИХ-ын гишүүн болоод энэ чиглэлийн Байнгын хороог даргалж, харилцааг зохицуулах хуулиудыг батлуулжээ. Энэ чиглэлээр олон улсад танигдаж, Олон Улсын Парламентын холбоо Б.Саранчимэг гишүүнийг шилдэг парламентчаар өргөмжилж байв.

Энэ парламентын амжуулсан гол ажлууд гэгдэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт, Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль, цахимжилттай холбоотой хуулиудын өөрчлөлт гээд реформын шинжтэй хуулиудыг батлахад оролцсон.  

Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдарч буй Улаанбаатар хотод хамгийн том эко цэцэрлэгт хүрээлэн байгуулсан туршлагаа ашиглан цөлжилттэй тэмцэж байгаа. Говийг усжуулах, ургамалжулах чиглэлээр ажиллаж байгаа. Экологийн чиглэлээр хамгийн их ажил хийж байгаа зүтгэлтний нэг. 

1986 оны математикийн олимпиадын 18 аймгийн аваргууд дотор ганцаараа эмэгтэй байсан тэрбээр УИХ-ын гишүүн болоод ч эмэгтэйчүүдийн байр суурийг хамгаалж, ажлаа чадварлаг хийж үлгэрлэснээр УИХ-д эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг дээшлүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн юм.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.